Санжмятав багш шавь улсын аварга С.Галбадрах, Т.Энхтөр, О.Бадамцоо, Жаргалсайхан болон гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Амарсанаа нарын хамт.
1988 он, БНАСАУ.
Теннисчид түүнийг андахгүй. 1990 он хүртэл Монголын Ширээний Теннисний Холбоог удирдаж явсан. Шигшээ багт хэнийг багтаах, гадаадад хэнийг томилолтоор явуулах, тэмцээнийг ямар дүрэм журмаар зохион байгуулахыг Санжмятав л шийддэг байсан гэж теннисчид хүүрнэдэг. Түүний үг, эцсийн шийдвэр ч болдог байсан тухай одоо ч зөвшөөрдөг. Тиймээс ширээний теннисний үе үеийн тамирчид түүний гараар орж, түүнээр дамжсан байдаг.
Одоогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах, шигшээ багийн дасгалжуулагч Т.Энхтөр, нарийн бичгийн дарга С.Амарсанаа гээд бүгд л түүний шавь нар. Шавь нар нь ч багшдаа талархаж, МШТХ-ны цомын аварга шалгаруулах тэмцээнийг сэдэж, баншийнхаа нэрэмжит болгосон. Энэ тэмцээн 2009 оноос хойш тасралтгүй 8 дахь жилдээ үргэлжилж, хамгийн олон теннисчид оролцдог тэмцээн болтлоо өргөжсөн байна. Энэ жил гэхэд л 9-өөс доош насны ангиллыг нэмж, 7 насны ангиллаар өрсөлдөх болсон.
15.00 цагт "Оч" клубт болох нээлтийн ажиллагаанд Санжмятав агсны гэр бүл оролцоно гэж зохион байгуулагчид мэдэгдэв. Ийнхүү шавь нар нь багшийнхаа нэрийг мөнхөлж байна.
Э.ОТГОНЖАРГАЛ