НИТХ-ын гишүүд нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Нийслэлийн 2017 оны төсвийн нийт орлого 2016 оны төсөвтэй харьцуулахад 76,7 тэрбум төгрөг буюу 14,1 хувиар , төсвийн урсгал зардал 16,8 тэрбум буюу 5,8 хувиар нэмэгдсэн дүн гарсан байна.
Тэгэхээр нийслэлд төсөв мөнгө хангалттай байгаа аж. Түүнийг хэрхэн үр өгөөжтэй хуваарилах вэ? Гэдэг дээр асуудал үүссэн байна. Ялангуяа нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудал болох угсармал орон сууцны дулаалга, гэр хорооллын дахин төлөвлөлтөд мөнгө төсөвлөлгүй орхисныг тавиагүй АН-ын бүлэг шүүмжилж буруушааж байна. Тэрчлэн иргэдийнхээ шаардлагатай зүйлд мөнгө төсөвлөөгүй хэрнээ зардлаа нэмэгдүүлсэн нь шүүмжлэлийн бай болжээ. Төсвийг нягталбал 2017 оны төсвийн тодотголоор тодорхой бус ажлуудад ч ихээхэн мөнгө төсөвлөсөн нь оновчгүй байна гэж АН-ын бүлэг үзэж, Улаанбаатар хотыг хүүхдэд ээлтэй хот болгох санаачилгыг гаргасан АН-ын бүлгийн эмэгтэй гишүүдийн саналыг дэмжихийг бусдадаа уриалав.
Улаанбаатарчуудын хувьд ажилгүйдлийн түвшин өндөр, залуучууд нь харьд явж ажиллахаас өөр ажлын байрны хомсдолд ороод байгаа энэ үед хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэр дундаа гарааны бизнес эрхлэх иргэдийг дэмжих, банкны шаардлагад хүрдэггүй ч тодорхой өрхийн үйлдвэрлэл бизнес эрхлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх сан байгуулж, гарааны бизнесийг дэмжиж ажиллах ёстой гэж тус бүлгийн гишүүд үзжээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсвийн тодотголд 4.6 тэрбумыг тусгасныг ч шүүмжлэв. Юунд зориулах нь тодорхой бус энэ их хөрөнгийг багасгаж, 1 тэрбум хүртэл бууруулах саналыг АН-ын бүлгээс оруулсан байна. Гэхдээ агаар шүүгчийн зардал гэж тодорхой заажээ. Нийслэлийн 2017 оны төсөвт газрын төлбөр 11.2 тэрбум тасарсан, төсөвт байгууллагын өөрийн орлого 11.8 тэрбум тасарсан гэх мэтчилэн холбогдох төрийн байгууллагууд ажлаа хангалтгүй хийсний улмаас 26-27 тэрбум төгрөгийн орлого дутуу төвлөрснийг ярих, хариуцлага тооцох учиртай.
Ажлаа сайн хийгээгүй хэрнээ, ард иргэдээ торгох, мөлжих дээр илүү ажилласанд дургүйцлээ илэрхийлэв. Торгуулийн орлого 3,4 тэрбумаар давж биелсэн байгаа нь хотын удирдлага албан ажлаа хангалтгүй хийсэн хэрнээ иргэдээ хүү , торгуулиар иргэдээ дарамталжээ гэдэг дүгнэлтийг тэд хийсэн байна. Үүнээс гадна орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд 26 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан учир эдгээр үйлдвэр, аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах зорилгоор мэргэжилтнүүдийг оролцуулсан Түр хороог НИТХ-аас байгуулан ажиллах шаардлагатай гэж АН-ын бүлэг үзсэн байна.
Ц.ХИШГЭЭ