АЯН ЗАМ БА БОДОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ НОМЫН ҮРГЭЛЖЛЭЛЭЭС...

2017-11-25  

Магдебургийн үеэл Оюунаа ба Никарагуа хүргэн Перес Тито

Вагоны дугаар, суудлынхаа мэдээллийг мессежээр өгчихсөн болохоор Магдебургийн вокзалд яарч сандарсангүй тайван бууцгаав. Үеэл дүү маань Элвин хэмээх шар толгойтой хүүтэйгээ угтаад ирж байна. Хоёр жилийн өмнө тэд Монголд ирцгээсэн болохоор Элвин бид хэд хуучны танилууд. Миний чемоданыг тэр чирч бид хоёр хэд гурван үг сольж явлаа. Одоо ахлах сургууль буюу 10 дугаар ангид сурч буй гэнэ. Тэр монгол хэлэнд маруухан, би германаар таг болохоор англиар хоёул ойлголцох төдий. Тэднийх вокзалаас тийм ч хол биш юм. Оюунаагийн “Вольксваген”-аар хориод минут яваад хүрээд ирэв. Машинаас ачаа бараа буулгах зөөхийг эр хүн гэсэндээ Элвин гүйцэтгэж, би зураг авч, дүрс бичлэг хийж байлаа. Энэ нь миний нагац болох Оюунаагийн аав, бас ээжид нь хожмоо өгөх хамгийн үнэт бэлэг болох юм. Тэднийх тусдаа хашаатай хоёр давхар таун хауст амьдардаг юм байна гэдгийг хальсанд буулгаад авлаа. Тэр нь зочин, унтлага, гал тогооны гээд таван өрөөтэй аж. Энд суурьшаад хоёр жил болж буй гэнэ. Одоо эднийхнийг товчхон танилцуулья. Гэрийн эзэн ажлаасаа ирээгүй байв. Миний үеэл дүү Оюунгэрэл 1980-аад оны эхээр МУИС-ийн герман хэлний бэлтгэл төгсөөд Германы Лейпциг хотод Эдийн засгийн чиглэлээр явж суралцсан бүсгүй. Тэгээд бидний социализмын үед их алдаршиж байсан латин америкийн хувьсгалч Даниел Ортегогийн эх орон болох Никарагуагийн иргэн  Перес Титотой үерхэж явсаар яваандаа гэр бүл болцгоосон хэрэг. Хэн хэн нь нутгаадаа явсангүй Германд суурьшиж тэндээ ажиллаж амьдрах  болцгоож. Аль алиных нь улс орноос энд амьдрал ахуй нь арай илүү тав тухтай байсан юм байлгүй дээ. Тэгээд л эд яваандаа Германы иргэд болцгоочихож. Хоёр сайхан хүүтэй, том хүү Билгүүн буюу Билли нь Кёльн хотод их сургуульд барилгын инженер мэргэжлээр төгсөх курст суралцаж байгаа юм байна. Багынх нь тухай дээр хэлчихсэн. Ноён Перес Тито компьютер сүлжээний компанид программчаар ажилладаг. Оюунаагийн хувьд баруунхны жишгээр хүүхэд, нөхрөө бөөцийлж ихэнх цагаа тэдэнд зориулсан нэгэн. Хот, дүүргийн засаг захиргаа, зарим зочид буудлын эдийн засаг, тоо бүртгэлийн албанд нэг хэсэгтээ мэргэжилтэн, менежер хийж байж. Сүүлийн үед хятад найз бүсгүйнхээ бага шиг ресторанд гэрээрээ менежер, зохион байгуулагчийн ажил хийж байгаа юм билээ. Бид гэр орон, байр байшинтай нь танилцчихаад чемодан саваа уудалж Оюунаагийн аав, ээж, ах дүүсийн явуулсан бэлэг сэлтийг баяртай нь аргагүй гардуулж өгөв. Ээж нь Ооноогийн дуртай юм гэж монголын үхрийн нүд, нэрсний чанамал, ах эгч нар нь цагаан сарынх нь хэвийн боов, хорхой ааруул гээд нэжгээдийг  явуулсан юм. Тэр бүхнийг нь хатуу чанд германы хил дээр хураалгачихаагүй эсэн мэнд авчраад  өндөр хариуцлагатай ачаа бараанаас салсандаа сая л нэг санаа амарч уужим амьсгаа авахтай боллоо гэж бид баяртай байв. Үеэлдээ, бас нөхөр хүүхдүүдэд нь өгөх бэлэг сэлтээ өгч ачаа бараа маань улам ч хөнгөрлөө. Одоо аян замынхаа тоосыг хөнгөлчихвөл болох нь тэр. Ариун цэврийн хоёр өрөөтэй айл болохоор эхнэр бид хоёрт ээлж дараалал булаацалдах юм байсангүй, нэг нь шүршүүрт, нөгөө нь онгоцтой усанд орж улам хөнгөн болцгоов. Их үд өнгөрч байсан болохоор Ооноогийн бэлтгэсэн хөнгөн зууш, амттан, цай, кофегоор дайлуулж аваад Магдебург хоттой танилцахаар гадагшилж машинд суув.

Энэ хот бол манай их эзэн Чингис хаанаас даруй 400 жилээр ах 1200 настай буурал хот юм. Өнө эртний суурьшмал соёлтой германдаа бол өндөр настанд тооцогдоод байхааргүй, тэгээд ч хотын одоогийн байр төрхөөр нь шинжвэл орчин үеийн залуу хот гэхээр юм. Гудамж талбай нь цэлгэр, мод ногоо элбэгтэй, байшин барилга нь эмх цэгцтэй өнгөлөг болохоор өвгөрсөн хөгширсөн дүр төрх тэндээс огтхон ч харагдахгүй юм. Суурьшмал соёлынх нь их өв, ур ухаан хотоо ийнхүү авч явах боломж өгдөг юм болов уу гэж санагдав. Хотын дундуур алдарт Элба мөрөн нь урсана. Мянган жил Элба мөрний ус урсгал нэгээхэн татарч тасарсангүй, харин ч орчин үеийн олон арван усан онгоц үүгээр хөвж ачаа бараа, аянчин жуулчдыг зөөсөөр байна. Манай нийслэл хүрээ гурван зуугаад жилийн өмнө арвин их устай хатан Туулынхаа хөвөөнд ой мод цэцэг ногоо нь дэлгэрсэн Богд Хан их уулынхаа дунд ханаа шийрлэн өргөө гэрээ барьж байсан түүхтэй гэдэг. Бараг дөрөв дахин дүү настай мөртлөө хатан Туулаа ширгээж Хан Богдоо нүцгэрүүлэхийн даваанд хүрч, нөгөө залуу нийслэл маань үхэл мөхлийн заагт ирчихээд л байна шүү дээ. Уул ус, гол мөрнөө байр төрхөөр нь  авч үлдээд, бас хот хүрээгээ залуу сайхнаар нь хөгжүүлж дэгжүүлээд байгаагийн ур ухаанаас сурч мэдэж, нийслэлээ, бас хатан Туул, Хан Богдоо аврах юмсан гэдэг үүднээс л энэ хэдэн мөрийг тэрлээд байгаа юм шүү дээ. Хотжил, хөгжил, үйлдвэр завод, барилга байшингууд гэхээр л байгаль дэлхийг баллаад байдаггүй гэдгийг хэлэх гээд байгаа юм. Ухаалаг ашиглах, ухаж сүйтгэх хоёрын хооронд тэнгэр газар хоёр шиг ялгаа байна шүү... Арваад минут давхиад бид хотын төвд ороод ирлээ. Төв их дэлгүүрийн доод талын авто зогсоол руу машинаа тавихаар мушгирч тахиралдсан замаар бага шиг давхицгаав. Энэ нь том дэлгүүрийн подвал гэж бидний хэлж заншсан суурийн давхарыг тэр чигээр нь эзэлсэн доошоогоо хоёр гурван давхар барьчихсан авто зогсоол юм. Орох хаалганы автомат хайрцганд Ооноо маань картаа уншуулж хаалтуур нь автоматаар онгойгоод машиныг нэвтрүүллээ. Бидний орсон тэр давхарт машин тэрэг өрөөстэй л байлаа. Гэсэн хэдий ч сул зогсоол цөөнгүй байв. Гэрэл гэгээ элдэв заалт тэмдэглэл сайтай юм. Эндхийн том дэлгүүрүүд соёл үйлчилгээний томоохон цэгүүд доороо бүгд л ийм зогсоолтой гэнэ. Шинээр барьж буй барилга байгууламжуудад тавьдаг нэг гол шаардлага энэ гэнэ. Тийм болохоор манайхан шиг гудамжинд машин тэргээ тавьж шавааралдуулаад түгжээ үүсгээд байхын түмэн зовлон, мянган гачаал байдаггүй аж. Ингээд л машинаа тавьчихаад цахилгаан шатанд суугаад дээшээ гараад ирцгээв. Том дэлгүүрийн нэгдүгээр давхарт дамжин төв гудамж руу нь гарч бяцхан аялалаа эхэллээ. Гудамж нь цэвэр цэмцгэр, мод ногоо ихтэй юм. Хуучин сүм хэд хэд байх. Нэг сүмийн дэргэд нэлээд том ногоон талбай үлдээчихэж. Тэгэхдээ хоосон үлдээсэнгүй, ээж хүү хоёрын том хүрэл баримал тэр ногоон зүлэгний яг төв хэсэгт барьж байрлуулчихаж. Талбайгаа авч үлдэж буй арга нь ч байж магад. Магдебург бол хотынхоо төвөөр нэгэн жигдийн тав зургаан давхар байшингуудтай юм. Харин хийц загвар нь өөр өөр байх нь сонирхол татахуйц. Албаар яайжийлгаж барьсан байшин байх юм. Цонх хаалга нь ч яйжгар. Дотор нь музей, зургийн дэлгүүр байрлуулчихаж. XVIII зууны нэрт архитекторч Хундертвасер энэхүү сонин байшинг урласан гэнэ. Ер нь иймэрхүү урлаг урлан дэлхийн том хотуудад байр сууриа эзлээд эхэлж. Испанийн Барселон бол түүний том төлөөлөл юм. Энэ тухай хойно өгүүлэх болно.

Ийнхүү хоёр цаг гаруй явган аялал хийчихээд машин тавьсан их дэлгүүртээ буцаж ирлээ. Магдебургтэй танилцах бидний аялал дуусч буцаж ирцгээхэд гэрийн эзэн монголын хүргэн Перес Тито ажлаасаа ирчихсэн байв. Москвад намайг сурч байхад Монголоос Берлин явахдаа дайрч хоноглож бас Монголд хэд хэд ирж гэр орноор маань зочилж байсан болохоор хуучны сайн танил, хамаатан садны ёсоор бид уулзаж учирцгаалаа. 

 

Үргэлжлэл бий...

 

 

Д.ЦЭДЭН-ИШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?