Монголчууд бид Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, парламентат ёсыг тогтоосны түүхт 93 жилийн ойгоо тэмдэглэж байна.
БНМАУ-ын анхдугаар хурал хуралдаж 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Ардын Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулийг баталсан билээ. Уг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд: “Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, тус хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” гэж заажээ. Ийнхүү манай улс ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт үзэгдэл-Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болсон юм.
Үүний дотор парламентат ёсыг төлөвшүүлэхийг зорилт болгосон нь Монголын улс төрийн амьдралд нэн чухал суурийг эзэлнэ. Тодорхой хэлбэл, Улсын Бага Хурлыг 30 гишүүнтэйгээр анх удаа сонгон байгуулсан байна. Наян зургаан жилийн тэртээх тэрхүү Улсын Бага Хурал байнгын ажиллагаатай байгаагүй хэдий ч хууль тогтоох, улс орны хөгжил дэвшлийн чухал асуудлыг шийдвэрлэх төлөөлөгчдийн байгууллагын бий болгосон чухал алхам болсон түүхтэй.
Дундад зууны үеийн хүний наад захын эрхийг үл хангасан бурангуй ёсыг хорьдугаар зууны эхэнд ийнхүү монголчууд бид эгнэгт халж, шинэ цагийн соёлт ертөнцөд хөл тавьсан түүхтэй.
Энэ өдөр зөвхөн баярлан цэнгэх биш, үндэсний бахархлаа дээдлэн, түүх уламжлалаасаа туршлага сургамж авч, өөдрөг бадрангуй урагшлан тэмүүлэхийн утга учрыг ухааран ойлгох явдал эрхэм чухал юм.
УЛС ТУНХАГЛАСНЫ 93 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ 256 БӨХ ЗОДОГЛОНО
Улс тунхагласны 93 жилийн ойн баяр тохиож байгаа энэ өдөр уламжлал ёсоор Монгол бөхийн өргөөнд бөхийн барилдаан болно. Уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглоно.
Өнгөрсөн жилийн барилдаанд Өнгөрсөн жилийн Улс тунхагласны баяраар Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс нар 8 даваанд тунан үлдэж, Ч.Санжаадамба түрүүлж байсан билээ. Энэ удаагийн барилдаанд улсын цолтой бөхчүүд оролцохоор нэрсээ бүртгүүлсэн байна.
Улс тунхагласны ойн барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай бөгөөд 1990 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Мөн дархан аварга, гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэ зургаан удаа энэ барилдаанд түрүүлжээ.
Уншигч та бүхэндээ, Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын мэндийг дэвшүүлье.