ХААН БУГУЙВЧ, АЛТАН СОЁМБЫН БАРИЛДЛАГА

2017-11-27  

Дархан, Улан-Удэ хотууд найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ойд

Дархан, Улан-Үдэ хоёр хот хагас зууны өмнөөс Монголд хамгийн анхны ахан дүү хот болцгоосон түүхэн онцлоготой. Оросууд “Города побратимы” гэж нэрлэдэг. Найрамдалт харилцаа тогтоосноос эхлэн Дархан, Улан-Удэ хот улам ойртон дотноссон. Хоорондын 363 км зай нь ч богинохон болсон юм шиг санагддаг. Дархан хотын сүлд нь хаан бугуйвч бол Улан-Удэ хотын билэгдэл нь алтан соёмбо. Аргагүй л угсаа гарал нэгтэй төрөл садан гэдгийн нэг баталгаа нь энэ. Хоёр хотын харилцааны он дарааллын хуудас ч арвижин зузаарсаар. Иргэд нь харилцан зочилж, урлаг соёлын өдрүүд зохиогдож, үйлдвэр, байгууллагууд хамтран ажиллаж ирлээ. Улан-Үдийн нөхдөө хичнээн ч хүлээн авч, Дарханчууд хариуд нь хэдэн удаа айлчилсныг тоолох боломжгүй. Хоёр хотын эвийн барилдлагын үлгэр жишээ болсон эрхэм хүмүүс олон бий. Түүхэн чухал ойгоор тэдний заримтай нь уулзан хөөрөлдсөнөө толилуулъя.   

Тавхайн Сугар - Монгол Улсын “Онц тээвэрчин”

/ “Онц тээвэрчин Т.Сугар анд найз В.Гунзыновын хамт Улан-Удэ хотод 2010 онд /

Залуучуудын гавшгай бригадын ахлагчаар ажиллаж байхдаа арван хоёр удаа Улан-Үдэ хот руу хотынхоо залуучуудын төлөөлөгчдийг тээвэрлэж, өөрөө ч бүрэлдүүнд нь орж айлчилж байлаа. Тэр үед Улан-Удийн авто тээврийн “Байгаль” нэгдэл дээр очиж үйл ажиллагаатай нь танилцан холбоо тогтоосон. Энэ нэгдэл нь Эрхүү, Чита, Улан-Удийн хооронд зорчигчид тээвэрлэдэг, хот доторх тээвэрт нь трамвай, автобус, чиглэлийн такси явдаг үйлчлэх хүрээ ихтэй. Ажлын эхлэх тарах цаг болон өдрийн завсарлага, сургуулийн хичээл дуусах үеэр явдаг автобусны цагийн хуваарийн дэглэм, жолооч үйлчлэгч нарын сахилга батаас нь бид олон зүйл суралцсан. Дарханы тээврийн байгууллага үлгэр дууриал их авсан. Би одоо ч алба амины хэргээр Улан-Удэ хот руу зорчсоор байгаа. Саяхан нэг удаа хуучин танил тээврийн нэгдэл дээрээ хэрэг болгон очиж үзлээ. Шаляпины хуучин гудамжиндаа хэвээрээ байна лээ. Одоо зорчигчдынх нь тоо жилд 100 сая хүн тээвэрлэдэг гэж байна. Лут том ачаалалтай гэхэд их шуурхай амжуулж байна лээ. Гол нь менежер, жолооч, техникийн ажилтнуудын ажилдаа хандах идэвхийг нь хараад биширсэн. Манайхан дахиад л үргэлжлүүлэн санаа авмаар зүйл их бий. Дарханыхан бүгд л Улан-Удэ хотын найз нөхөдтэй. Би л гэхэд Буриад Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Володъя Гунзынов гэж найзтайгаа Москвагийн 80 оны Олимпийн наадам дээр эхлэн танилцаад өнөөг  хүртэл үерхсэн. Анд маань Дарханд зөндөө айлчилж, бид ч хариу зочилсон. Манайхнаас зарим маань Москвад сурч ажиллаж байхдаа Дархан руу ирэх замдаа заавал Улан-Үдээр дайрч хоноглоно. Учир нь Гунзынов бидэнд Дархан орох галт тэрэгний тасалбар захиалж авчихаад хүлээнэ. Тэгээд тосч аваад гэртээ авчирч дайлж цайлж амрааж хонуулаад маргааш нь үдэж өгдөг. Найз минь гоё бүжиглэнэ, дуулна. Монголоор ямар ч өөгүй цэвэрхэн ярина. Бид ийм л нөхөдтэй улс даа.      

Жанчивын Лхүндэвжамц –Дархан хотын Залуучуудын байгууллагын даргаар ажиллаж байсан ахмад зүтгэлтэн

/ Дархан хотын Залуучуудын байгууллагын дарга Ж.Лхүндэвжамц 1979 онд /

Хоёр хотын ах дүүгийн харилцааг залуучууд нь хошуучилсан. Манайд дал наяад онд таван жилийн төлөвлөгөө биелүүлэх шахуу том зорилтыг Дарханы үйлдвэрийн залуус илүү цагаар ажиллаж байж гүйцэтгэх тохиолдол нэг биш удаа гарсан. Тэгээд их ажлын дараа уралдаанаа дүгнэж, хошуучилсан тэргүүний залуусаа амрааж хүч сэлбэх шаардлага тулгарна. Залуу улсын сэтгэлийг сэргээж хөгжилтэй зугаатай амраах хэрэгтэй.Тэгэж байж л дараагийн төлөвлөгөөгөө саадгүй биелүүлнэ. Би Улан-Удийн залуучуудын байгууллагын дарга өөрийн сайн нөхөр Даши Раднаевт санал тавилаа. Анд маань ч миний хүсэлтийг хүлээн авч Цахилгаан станц, Силикатын үйлдвэр, Цементийн завод, Шарын голын уурхайн залуу инженер, техникчдийг Байгаль нуурын эрэг дээр аваачин хоёр долоо хоног амрааж билээ. Далаад оны сүүлчээр Буриадад зун нь ган болж ургац тариа алдан, Сибирьт их хүйтэн өвөл болсон. Би хотын дарга Г.Дамдинд хандан ах дүү хотын нөхдөдөө туслах хөдөлгөөн өрнүүллээ. Тэдэндээ зориулан Нэхий эдлэлийн үйлдвэрийн ажилчин залуучуудын гавшгай бригадынхан дулаан нэхий дээл төлөвлөгөөнөөс илүү гаргаж үйлдвэрлэн  Улан -Удэ хот руу илгээсэн. Тэд нар мөн ч их баярласан даа. Ах дүү хотын залуус ингэж л дотно нөхөрлөж ирсэн уламжлалтай.  

Хоёр хотын ажилчин, инженер, багш, эмч, уран бүтээлч залуучуудын уулзалт Буриадын Байгаль нуур, Дарханы Зулзагын голд 1976-1981 онд 4 удаа болсон. Улан-Удэ хотод Дарханы залуучуудын төлөөлөгчид 1979 онд зочилсон дурсамж надад тодхон үлджээ. Бидэнд “Байгаль” дуу бүжгийн чуулга гоё тоглолт сонирхууллаа. Буриадын залуу жүжигчид өөрсдийн үндэсний бүжгээ хатирч, Монголын олон ястны бүжгийг ч бүжиж сонирхуулсан. Тэд тайзан дээрээс бууж ирээд бидний гараас барин урьж дээшээ гарган хамтран бүжиглэсэн. Биднийг буцах үеэр “Байгаль” чуулгын бүжигчин басгадууд манай харцуулын гарыг атгачихаад тавьж өгөхгүй, автобусны жолооч хүлээж цөхөөд дохиогоо дуугаргахаас эхлүүлээд юм юм л болж билээ. Хоёр хотын залуу хүмүүсийн гал халуун нөхөрлөл юм даа.

Долгорын Буяндалай- Монголын Урчуудын Эвлэлийн шагналт уран барималч

/ Барималч Д.Буяндалай / 

Би Улан-Удэ хот орох бүрдээ Буриадын зураач Сампиловын нэрэмжит дүрслэх урлагын музейд байнга очдог. Буриадын зураач  Балдаев, Намжилов, Эрдэнэжиев гээд өөрийн үеийн уран бүтээлчид шинээр ямар зураг баримал хийснийг нь үзэж сэтгэлээ сэргээгээд гарна. Улан-Удэ хотоос Оросын хэмжээнд үнэлэгдсэн том зураачид төрж гарсан. Тимина, Садыков, Намжилов зэрэг Буриад төдийгүй алс дорнод, Сибирийн нэрийг дуурсгасан лут бүтээлчид бий. Би Буриадын зураач барималчидтай олон жил нөхөрлөн уран бүтээл туурвиж байна. “Бид БАМ-ыг байгуулж байна” нэртэй үзэсгэлэн Улан-Удэд үзсэнээ одоо ч мартдаггүй. Зөвхөн Улан-Удэ биш бүх Оросын зураачдийн зургууд дэлгэгдсэн байсан. Тэр дотроос нэг зургийн өмнө олон хүн бөөгнөрлөө. Энэ зураг хожмоо Орос орноос хальж дэлхийн хэмжээний шилмэл дээж бүтээлээр тодорсон юм. Яг тэр үед нь би энэ зургийг үзэж нүд сэтгэлээ баясгасан хувь тохиолтой. Зургийг Оросын нэрт зураач Юрий Ракша зурсан байв. Зурган дээр дөрвөн залуу бүсгүй дүрслэгджээ. Аль нь зураачийн ээж вэ? Энэ зургийг үзсэн хүн болгон ингэж асуудаг. Учир нь зургийн нэр нь “Миний ээж”. Зураг нь Орос орны 1930-аад оны их бүтээн байгуулалтын үеийг харуулна. Сибирийн уудам нутагт  шинэ хот суурин барьж, төмөр зам  тавьж, үйлдвэр уурхай сүндэрлүүлж байна. Тэр нь “БАМ”-ын бүтээн босголт. Зураачийн ээж тэрхүү бүтээн босгогч залуусын нэг байжээ. Манай Дархан хот чинь Монголдоо яах ч аргагүй “БАМ” байсан. Тийм учраас би энэ зурганд дуртай.

Буриад хүмүүсийг ёохор бүжиггүйгээр нь төсөөлөх боломжгүй. Бид Улан-Удэд очих болгондоо “Уран Хуур” хамтлаг, “Эрдэни Ятаг” гээд чуулгын тоглолт үзнэ. “Байгаль” чуулга нь 2008 оноос эхлэн “Ёохор бүжгийн шөнө” нэртэй олон улсын бүжгийн наадам зохиодог болжээ. Наадмаа зун зургаа долоон сард хийж, Буриадын бүх муж аймгуудаас бүжигчид ирж цэнгэн баясдаг. Энэ наадамдаа Дарханы бүжигчдийг оролцохыг урьсан. Өөр нэг гоё “Байгалийн цэцэг” гэдэг бүжгийн наадмыг нь бас сонирхсон. Би Дарханыхаа зураач залуусыг очиж үзэцгээ гэж уриалж байгаа. Улан-Удэ хотын сүлдэнд гал нар сараа билэгдсэн соёмбо тэмдгээ залсаныг нь одооны манай залуус ухаарч ойлгох учиртай. Хоёр хотын харилцаа нь тэхээр хаан бугуйвч, алтан соёмбын барилдлага билээ.

 

 

 

Ө.РАГЧААСҮРЭН

Дархан хот. Бурхантын хөндий нутаг.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Чимгээ:манай Дархан хот ч сайхан газар шүү. Ажил амьдралын гараа Дархан хоттой салшгүй холбоотой 2017-11-27
Доогий:Хот бүхэн ийм л түүхтэй 2017-11-27
Д.Лхагваа:Манай Цахилгаан станцынхан Улан-Удэд залуус маань урлаг спортоор очиж тоглож байлаа 2017-11-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?