Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр Унгар, Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. БНЧУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ийржи Бродскийтэй уулзахдаа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монгол Улс Европ дахь гол түнш орон БНЧУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд манай хоёр орны харилцаа урт удаан түүхэн замналтай бөгөөд үүний дотор хоёр орны батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, энхийг дэмжих ажиллагаанд хамтран оролцох, цэргийн сургалт бэлтгэл, зэрэг хэлбэрээр өргөжин хөгжиж буйд бид сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.
2012 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Брюссель хотноо Монгол Улсын Батлан хамгаалах яам, Бүгд Найрамдах Чех Улсын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг баталгаажуулан, 2014 оноос Монгол Улсад зохион байгуулагддаг “Хааны Эрэлд” Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль дадлагад БНЧУ-ын цэргийн алба хаагчид, зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг оролцуулж байсанд нь илэрхийлэв.
БНУУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Михай Галошфайг хүлээн авч уулзахдаа Монгол, БНУУ нь уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд түүхийн ижил замыг туулж ирсэн орнууд гэдгийг тодотгон хоёр улсын Батлан хамгаалах яамд хоорондын “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” нь хамтын ажиллагааны суурь үндсийг тавьж, цаашид хамтран ажиллах өргөн бололцоо уламжлалт сайн харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад баяртай байдгаа Н.Энхболд сайд илэрхийллээ.
Элчин сайд Ийржи Бродский, Михай Галошфай нар Батлан хамгаалахын сайдаар төрийн түшээг олон жил хашсан туршлагатай улс төрч ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд, шинээр томилогдсон албан тушаалд баяр хүргэж, бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ.
Ц.БАТТУЯА