АЯН ЗАМ БА БОДОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ НОМЫН ҮРГЭЖЛЭЛЭЭС...

2017-12-02  

Магдебургийн Монгол Хятад бүсгүйчүүлийн найзархал

Оюунаагийн найз Кин Хоанг бид хэд

Оройн хоолоо эднийхний гэр бүлийн найз болох Кин Хоанг хэмээх Хятад бүсгүйн хятад ресторанд тавуулаа сууж идэцгээлээ. Сонгож иддэг жишгийн бага шиг зоогийн газар юм. Хятад л болсон хойно халуун хүйтэн олон төрлийн зууш, үхэр, гахай, тахиа, загасны махан хоол гээд янз янзын л амттан байх. Гэрийн эзэн бид хоёр Магдебургийн шар айраг, хоёр гэргий маань улаан дарс, хүүхдүүд кола, жимсний шүүс сонгоцгоолоо. Зоогийн газрын эзэн эзэгтэй найзынхаа зочдыг хүндэтгэж байгаа нь энэ гээд тусгайлан шарсан хүрэн бор мах, бас хундагатай хүрэн бор архи аваад ирлээ. Хүрэн бор мах нь эдний фермийн хандгайн мах гэнэ. Нөгөө хүрэн бор нь хүн орхоодой мэтийн дээдийн дээд цэцэг ургамлыг хандлан гаргаж авсан эмт дарс гэнэ. Мах нь ч, энэ архи дарс нь ч эрүүл мэндэд, ялангуяа биеийн тэнхээ чалх сайжруулах ид шидтэй идээ ундаа гээд л тэр эзэгтэй магтаж ид уу гэж зочин биднийг онцгойлон шахаж байв. 

Миний үеэл Оюунаа, хүүхдүүд нь завтай үедээ ресторанд нь ажиллаж тусладаг гэнэ. Олон хүнтэй ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болохоор гэр бүлээрээ дайчлагдаж туслах үе ч байдаг юм байх. Оюунаагийн аав ээж, ах эгч, бас Титогийн ах дүү нар Никарагуа, Маяамигаас Магдед ирэхэд энэ зоогийн газарт л хүлээн авалт нь болох нь олонтаа аж. “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ...” гэх тэр зарчим л энэ ази бүсгүйчүүдийн хувьд хэрэгжиж байх шиг. Оюунаа Тито нарын амьдарч буй энэ байр хятад бүсгүйн өмчлөлийнх аж. Эзэгтэй найз хархүү, дүү нарынхаа хамт нөгөө орцонд нь амьдардаг гэнэ лээ. Хятад найз бүсгүй нь Оюунааг бодвол Магдед суурьшаад иргэншил аваад их олон жил болж байгаа юм гэсэн. Аав ээж нь залуудаа энд ирж жижиг наймаа, хоол ундны бизнес хийж хөрөнгө чинээтэй болж. Одоо хоёр дахь үеийнх нь суурьшил, бизнес явж байгаа нь энэ юм байна. Эднийх өөрийн өмчийн хашаа байшин, байр сууцтай, ногооны талбай, хандгайн фермтэй аж. Зоогийн газар нь харин түрээсийнх гэнэ. Хятад найзаас чинь өөр монгол найзууд чамд байна уу ер нь Магдед монголчууд олон уу гэж Оюунаагаас би асуув. Монголчууд энд мэр сэр бий. Магде маань Зүүн Германы хот болохоороо социализмын үеэс л монголтой харилцаатай байсан. Энд сурч төгссөн хүмүүс ч байдаг. Дотно найз нөхөд гэвэл одоо байхгүй. Найз бүсгүй маань Берлин рүү жилийн өмнө шилжээд суурьшчихсан. Маргааш Берлинд та нарыг тосч онгоцны буудал руу замчилж өгнө гэв. Бид ийнхүү сайхан ярилцаж суугаад эзэн эзэгтэйд талархалаа илэрхийлж зоогоо өндөрлөв. “Танай манай цагаан сар хоёр гуравхан хоногийн дараа болох гэж байна, манай нутгийн сархдын дээжийг амсаарай хэмээн Жем интернейшл компанийн алтан шаргал “Чингис” архи, хайрцагтай хорхой ааруул тэр хатагтайд барив. Хөөрхөн наргианч тэр эзэгтэй “Цагаан сарыг хүлээж чадахгүй, өнөө орой л унтахынхаа өмнө найз хархүүтэйгээ үүнийг чинь амталчихнаа. Тамир тэнхээ, нойр мэтэд бас л сайн биз дээ” гээд тас тас хөхөрч байлаа... Зоогоос буцаж ирээд цай, кофе, амттан болцгоов. Гэрийн эзэд маань завсар зайгаар нь бүгд л компьютер лүүгээ тэмүүлцгээж захидал шуудангаа эргэцгээж байна. Хаа сайгүй л ингэж хавтгай дэлхийн ид шидийг амтлах юм даа. Оюунаагийн шууданд Кёльн хотод инженерээр суралцаж буй том хүү Билгүүн нь ороод ирж. Монголд арай олон ирж байсан болохоороо бидэнтэй нүүр нүүрээ харан мэнд мэдэлцэж монгол, англи холиод ойр зуурыг ярьцгаалаа. Оюутныхаа өрөөг үзүүлж байна. Төгсөх курс болохоороо ганцаараа өрөө эзэмшдэг аж. Билли энэ хавар их сургуулиа төгсч инженер эдийн засагч болох гэнэ. Элвин нь ирэх жил их сургуульд элсэн суралцах аж. Оюун ухаан, авъяас чадвараараа л амьдралаа авч явах ирээдүйтэй залуучууд болж өсч торниж байна. Монгол цус, монгол удамтай энэ залуус сайн зохион бүтээгч, сайн программчин болж энэ Германд “цахиур хагалаасай”. Монгол ээж, Никарагуа аав ч бас тэгж хүсч буй. Суусан газраасаа шороо атгадаг хөдөлмөрч хятад  найзууд чинь худалдаа наймаа эрхэлж, хоол зоог, фермийн аж ахуй нь үе удам дамжаад явж байна. Хөх толботой монголын үр сард хурц ухаан, оюуны чадлаараа тэднээс илүү л гарна уу гэхээс, юу дутаа аж...  Явсан суусан газраасаа хөгжил атгаж ирээдүйгээ энэ европт дархлаарай гэж хоёр хүүд нь би захив. Билгүүнтэй ийн яриад бараг дуусаагүй байтал монголоос миний энэ үеэл Оюунаагийн эгч Пака ороод ирлээ. Магде рүү явж байх үед Оюунаагийн утас холбогдохгүй болохоор Пакаг Оюунаатай интернетээр нь холбогд энэ тэр гээд сандрангуйхан мессэж биччихсэн юм. Тэгээд л миний сандарсныг шоолж мэнд мэдэж буй нь тэр аж. Оюунаа ч тэдний болон ээжийнхээ явуулсан боов боорцог, том том савтай монгол жимсний чанамал, хайлмаг, бэлэг сэлтийг нь биет байдлаар нь харуулж, хувцас хунар талынхыг нь өмсөж “моод” үзүүлж бяцхан шоу маягийн юм болж хөгжилдөв. Арваад мянган бээрийн алсад орших Герман, Монгол хоёр оронд суугаа бид хэд хэн хэнийгээ хажуухандаа байгаа мэт харж ярьж инээлдэж хөхрөлдөж хавтгай дэлхийн ид шидийг хангалттай амсацгаав. Хол ойрын орон зайн ялгаа алга болжээ. Нөгөө капитализм, социализм ч бүр мартагдаж. Маргааш бид хоёр Берлинээр дамжаад Будапешт  нисэж хүүтэйгээ уулзаж хоёр гурав хоноод Австри, Итали, Испани, Франц гээд л нөгөө капиталист улс орнуудаар явж өгнө. Одоо шөнө дөл болж байна. Оюутан Биллигийн өрөөнд бидэнд ор дэр засчихаж. Унтаж амарцгаах минь...   

Тито, Оюунаа, Элвин бид хэд

Шөнөдөө цас ороод хонож. Өглөөдөө үргэлжлээд  лавсаж байна. Ногоон Магдебургийн  цэвэрхэн агаар нь улам ч цэнгэг болчихож. Ёстой л цээж дүүрэн амьсгалмаар байна. Гэрийн эзэн, сурагч хоёр ажил хичээлдээ явчихаж. Эзэгтэй бид гурав европ маягаар тухтайхан цайлчихаад угтуулж, үйлчүүлсэн нөгөө ногоон “Вольксваген”-даа суугаад галт тэрэгний буудал гарч өглөө. “Вольксваген” гэх энэ герман үг “Ард түмэн” хэмээн орчуулагддаг гэх. Германд миний зочилсон хоёр айл хоёулаа л ийм машинтай юм. Энд аяласан хоёр өдрөө зөвхөн энэ машиныг л уналаа. Үнэхээр л ард түмний унаа аж... Берлиний метроны “Osten 10” нэртэй буудалд Оюунаагийн найз бүсгүй Энхээ герман “яг  таг” маягаар яг “яс” угтаад зогсч байна. Доогуур, дээгүүр гарц орц хэд хэд дамжиж метроны хэдэн зам сольсоор арайхийн “Нисэх буудал” явдаг “Эс-банн” гэгчид нь орж суулаа. Энэ германы том хотууд нь хот хоорондын галт тэрэгний болон хот дотор явдаг метроныхоо замыг нэг сүлжээнд оруулчихсан нь зорчигч олондоо тун амар талдаа юм. Берлинд “Эс-банн”,”У-банн” гэх урт богино зайн хоёр төрлийн метроны үйлчилгээ байгаа бололтой.  “У-банн” нь хот дотроо явдаг, “Эс-банн” нь нисэх буудал, дагуул хот гэх арай хол газрууд руу явдаг үйлчилгээ нь юм байна гэж ойлгов. Тосч угтуулаагүй бол мань мэт нь энэ олон дамжлага, сэлгээнийх нь учир явдлыг олохооргүй юм билээ. Нисэх хүртэл арваад буудал явна гэнэ. Хот доторхоо бодвол урт сунасан буудлууд гэнэ. Суудалдаа тухлаад авсных  Энхээ бүсгүйтэй яриа хөөрөө эхэлж, сар шинийн бэлтгэл, ахуй амьдралын тухай асуулт хариулт болж явчихав. Ер нь монголчууд маань хилийн чанадад ямархуу аж төрж амьдарч байгаа юм гэдгийг уулзаж учирсан хүмүүсээсээ товч атугай ч сонсчих санаатай хэрэгт дурлаж байдаг хүн л дээ би. Эхнэр, хүүхдүүд маань хүн байцаагаад л гээд  дуртай биш л дээ. Энхээгийнх уг нь Магдед хэдэн жил болсон гэнэ. Берлинд шилжиж суурьшаад гурван жил шахам болж буй аж. Нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг гэнэ. Хүүхдүүд нь дунд сургуульд явдаг аж. Эдний дунд дээд боловсролын аль аль нь төлөөс төлбөргүй болохоор ядмаг монголчуудын хувьд амьдралын асар том хөнгөлөлт болдог юм байх. Герман руу татах, торгоох нэг том шижим нь ч энэ юм байна. Ахмад тал руугаа орж байгаа болохоор ирж золгох хүмүүс олон гэнэ. Нөхөр нь ч, Энхээ ч янз бүрийн л ажил хийдэг гэнэ. Монголоос ирсэн арилжаа наймааныханд зуучлах, үйлчлэх тав гурван төгрөгний ажил сүүлийн үед нэлээд хийж байгаа юм байна. Онгоцны буудал хүртэл энэ мэтийг хуучилж явцгаав...

 

 

 

Д.ЦЭДЭН-ИШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?