|
JCI байгууллага нь дэлхийн 120 улсад салбартай, 200 мянган гишүүдтэй олон улсын залуучуудын байгууллага. Нэгдсэн Үндэсний байгууллагын логог ашиглах эрхтэй цорын ганц олон улсын байгууллага гэдэг утгаараа НҮБ-ээс гаргаж буй зорилтуудад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг билээ. JCI Монгол байгууллага 1991 онд байгууллагдсан бөгөөд одоогоор нийслэл болон Дархан, Эрдэнэт хотууд нийт 13 салбар байгууллагатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр 13 салбар байгууллага өөр өөрийн онцлог төрхтэйгээр нийгэмд эерэг өөрчлөлт түгээх их үйлсэд залуучуудыг нэгтэн ажиллаж байгаа юм.
JCI Лидер салбар байгууллага 2016 оноос хэрэгжүүлж буй элэгний вирусийн эсрэг Live+R төсөл энэ онд 500 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч, элэгний өвчлөл хэрхэн сэргийлэх тухай мэдээлэл өгөх сургалт, оношлогоо хийн вирусгүй иргэдийг вакцинжуулаад байна.
Төслийн үйл ажиллагаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ хамтран оролцож байгаа бөгөөд өнөөдөр эм ханган нийлүүлэлтээрээ Монголд томоохонд тооцогддог Омбол ХХК төсөлд маань нэгдлээ.
Омбол ХХК нь нэг бүр нь 350 мянган төгрөгийн үнэ бүхий элэгний С вирусийг устгах 800 тун эмийг LIVE+R төсөлд хандивлаж байгаа бөгөөд 3 тун нь нэг курс эмчилгээ болж элэгний С вирусийг устгах юм.
266 хүнийг аюулт өвчнөөс салгах энэ хандивийн нийт өртөг нь 280 сая төгрөг болж байна.
С вирусийн эмийн эхний хэсэг ирэх долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 30 иргэнд хүрэх болно.
Эх сурвалж http://www.info.mn