ЧИНГИСИЙН БААТРУУД

2017-12-06  

“Чингисийн дөрвөн хүлэг баатар” шинэ уран зураг төрлөө. Зургийг Дархан хотын зураач Дарьмаагийн Батмөнх урлажээ.

“Салхиар унаа хийж,

Саадгаар нөхөр хийж явдаг

Зэв, Хубилай тэргүүтэй

Зэлмэ, Сүбээдэй дараатай...” гэж “Монголын Нууц Товчоо”-ны 195 дахь зүйлд гарна. Тэр дөрвөн залуу хүлэг баатар одоо бидний өмнүүр явна. Тэхдээ бүр Орхон,Сэлэнгэ мөрөн, Хүйтэний голын билчэр нутагт аялан яваагаар дүрсэлжээ. Эзэн Чингис хааны үүх түүхтэй манай Дархан нутаг олон шижмээр холбогддог. Чингис хаан нэгэн удаа "Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй дөрвөн нохдоо зорьсон газраа илгээж, Боорчу, Мухули, Борохул, Чулуун баатар эд дөрвөн хүлгүүдээ дэргэдээ авч, сэтгэлээ амруулах бөлгөө би” гэсэн билээ. Чингис хаантай байлдахаар ирсэн Найман аймгийн Таян ханд Жамух сэцэн өчихдөө

“- Тэмүжин андын тэжээсэн

Ширмэн төмөр магнайтай,

Шивээ хурц хэлтэй,

Тэр дөрвөн ноход

Тэмүүлэн хүрч ирэв” гэж хэлдэг. Таян хан айж сандран “-Тийм бол тэр айхтар

амьтдаас хол байя” хэмээгээд хойш ухарч уул өөд өгсөв” гэжээ. Дайн тулааны магнайд дандаа явдаг дөрвөн хүлэг баатрынхаа эр зоригийг үнэлэн эзэн хаан өөрөө “Итгэлт ноход” хэмээн зүйрлэн нэрэлсэн нь энэ буюу.

Зураач Батмөнх нь түүхэн сэдвээр бүтээл их хийж байгаагаас Дархан нутагтайгаа холбоотой зургууд зурсаар байна. Залуу Тэмүжин, Гурван Мэргэдэд булаагдсан Бөртэ үжингээ буцааж авахаар Тоорил хан, Жамух анд нартай хүч хавсран Тогтоа бэхийн цэргүүдтэй тулалдана. “...Буур хээр гэдэг газар очиж Мэргэд аймгийн өрх дээрээс нөмрөн бууж, эрхэм шүтээнийг нь эвдэн, хотол улсыг нь хомрон довтолж хоосон болгов” хэмээн Нууц Товчоонд 109 дэхь зүйлд зураглан дүрсэлсэн. Дарханаас хойшоо Буур хээрийн талд байдаг “Оргидог булаг”-ын хажууд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойгоор байгалийн тогтоцоор нь авчирсан дурсгалын том чулуун хөшөө босгож “-Эрсэн хүнээ олов, Энд бууя” гэсэн Тэмүжин Чингисийн үгийг дээр нь сийлжээ. Буур хээрийн тулаан нь 1180 оны үед болсон гэж түүхчид тодруулсан. Хаан Чингис цэргийн жанжин нартайгаа байлдааны арга, ур чадварыг хэлэлцдэг зарлигийн чуулган хуруулдаг байлаа. Дөрвөн хүлэг баатар тийм нэгэн чуулгандаа очихоор зорьж яваа нь энэ.

“Айл зуур явахад 

Алаг бяруу мэт номхон байвч

Аюулт дайсныг дарах цагт

Арслан барс мэт догширч

Амь биеэ үл хайрлагч

Ачит хүлэг баатрууд минь” гэж Чингис хаан магтлаа.

 

Ө.РАГЧААСҮРЭН

Дархан хот. Бурхантын хөндий нутаг. 2017 он

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?