Алтайн сүрлэг уулсын оройгоор аргал янгирын сүрэг дүүлнэ. Уулын хормой бэлээс нь харуулдах чоно бас улина. Адуу мал багширсан Орхон голын хөндийгөөс цаашлан, хөдөө хээр нутаг, тэмээн жин хөвөрсөн Галбын говийн элсэн манхан ээлжлэн хараа булаалаа. Дээвэр дээрээ ааруул дэлгэсэн айлын уяан дээр хүлэг морьд эрэгцэнэ.Мөнх тэнгэрээр шонхор шувуу хараачлан нисэлдэхэд тэртээ өндөрт бүргэд жигүүрээ дэвэн холдсоор. Их Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн яруу дүрслэл тэр чигээрээ нүдний өмнө дэлгэгдлээ...
Дархан хотын зураач Батжавын Төмөрхуягын урласан “Эх нутаг” цаасан хайчилбар дэлгэмэл бүтээлийг бид үзэж байгаа нь энээ. Үргэлжилсэн том нимгэн хар цаасыг хайчнаас өөр юу ч ашиглалгүйгээр цоолборлон урласан нь онцлогтой. Зураач Б.Төмөрхуяг Ховд аймгийн Булган суманд төржээ.Өндөр уулын хүн болохоор уул ус, адуун сүрэг, ан амьтнаа бүтээлдээ голлон дүрсэлдэг. Орчин үеийн Монгол цаасан хайчилбарын нарийн чимхлүүр төрлөөр дагнан бүтээж яваа түүний зургуудад эх орных нь тэнүүн уудам, амар тайван амьдрал харагдана. Төмөрхуяг зураачийн “Сарны сонет”, “Нутгийн үнэр”, “Хүлгийн төвөргөөн” гээд том хэмжээний дэлгэмэл хайчилбар зургууд нь Монголдоо төдийгүй Хятад, Орос, Хонконг, Сингапур улсын үзэгчдийн хүртээл болоод байна.Зураач Төмөрхуягийн цаасан хайчилбарын ертөнцөөр аялсан үзэгчид л энэ хосгүй уран гайхамшигийг мэдрэх болно. Дархан хотын зураачдын урланд саатан тольдоорой.
Ө.Рагчаасүрэн. Дархан хот. Бурхантын хөндий.