УНГАР
Будапешт ба бас нэгэн дурсамж
Хоёр цаг гаруйхан нисээд Будапештэд буулаа. Хүү тосож байгаа болохоор санаа зовох юмгүй айван тайван байцгаав. Берлин цасан шамрагатай тэрүүхэндээ өвлийн аястай байсан чинь Унгарт нартай хаврын налгар өдөр угтаж байх юм. Мажаар гэх энэ ард түмэн өөрсдийгөө төв азиас, бүр саймшрахаараа манай монголын тал нутгаас Карпатын нуруу даван нүүдэллэж энэ Дунай мөрнийхөө хөвөөнд ирж суурьшсан гэж ярих нь бий. Нялхас нь манайхных шиг хөх толботой төрдөг гэцгээх унгар хүмүүстэй ч монголчууд бид бас тааралдаж л явсан. Будапештэд би өмнө нь хоёр удаа ирж байж. Ардын хянан шалгах хороонд 1980-аад оны үед ажиллаж байхдаа мэргэжил мэдлэг дээшлүүлэхээр энд ирээд Будапештээс 60-аад км-т орших Веленц хэмээх нуурын эрэг дэх сургалтын төвд хагас сар номын дуу сонссон юм. Онол, номоос гадна Унгар орны хөгжил дэвшил нь хойт хөрш болох оросоос өөр тал руу төдийлэн гарч үзээгүй бидний нүдийг нээх талдаа байв. Социализмдаа дасчихсан байсан монголчууд бидний хувьд Унгар гэх энэ орон бараг л хөрөнгөтний гэхээр хөгжилтэй, өвөрмөц шинэ сэргэг ертөнц байлаа. Веленц бол гурван мянга гаруй хүн амтай, амралт сургалтын бяцхан тосгон юм. Дэлгүүр, хоршоо, ресторан бар гээд юм юмтай, бас сургууль, цэцэрлэг, засаг захиргаа өөрийн үйлдвэрлэл үйлчилгээтэй тов хийсэн газар. Биднийг хүлээж авсан сургалтын төв маань дотроо тохилог зоогийн газартай, бас биеийн тамирын заалтай, концерт хурлын танхимтай.
Веленцийн сургалтын төвд суралцаж байв1980 он
Амралт, сургалтын аль алиныг хослуулах зориулалттай газар юм билээ. Унгарын ардын хяналтынхан зарим сард нь энд сурч ихэнхэд нь энд амарч алжаал тайлдаг гэх. Холгүйхэн Веленц хэмээх жижгэвтэр нуур байх. Тэндээ жижгэвтэр усан онгоц, завиар аялах үйлчилгээтэй. Хичээл тараад бидний хийдэг ажил гэвэл тэндхийн дэлгүүр мухлаг хэсэх. Бараа туруу элбэгтэйг нь бид гайхах. Гоё ганган торгомсог цамц, бас жинсэн өмд, куртик, гутал пүүз гээд л манайд огт харагддаггүй нүд хужирлах юм тэр мухлаг дэлгүүрт өрөөстэй. Баруунд явсан хүн амьтан авчирдаг ширхэг ширхэгээр нь бэлэглэдэг бохь энд дөрвөлжин, бөөрөнхий, хавтгай гээд янз янзаараа. Хоёр гурван давхар байшин Веленц тосгоноор тун элбэг байх. Тус тусдаа хашаа хайстай, мод бут цэцэг ногоо болсон сайхан шилтгээнүүд. Манай орчуулагч Мария гэх бүсгүй тэдгээрийг хувийн сууцууд гэж байв. Тэнд чинь тэгээд нэг л айл байдаг юм уу гэж бид гайхан асуухад орчуулагч Мария, тийм ээ гээд, “Та нарыг дараагийн ням гаригт нэг тийм айлд оруулах хөтөлбөртэй байгаа” гэсэн юм. Биднийг нэг гайхашруулсан юм нь тэндхийн тэр шилтгээн, хоёр гурван давхар байшингуудын доод давхарт байх дэлгүүрүүд. Дэлгүүр гэхээр чинь захиргаа энэ тэр гээд албан газар нь бас баймаар юм гээд эхэндээ бид гайхаж байлаа. Орчуулагчаасаа асуусан чинь гэр, дэлгүүр хоёроо хослуулчихсан нь энэ гэж тэрээр тайлбарлав. Хоёр гурван давхар байшинтай айл гэр байна гэдэг ойлголт тэр үед бидэнд байгаагүй юм. Бидний үзэж хараагүй ховор бараатай дэлгүүр тэнд ажиллаж байх. Хижээлдүү авгай, эсвэл шар өвгөн худалдагч нь байх. Сэтгэл татаж, нүд булаам хөөрхөн худалдагч охид бүсгүйчүүд ч бас тааралдана. Наймаа хийхэд дохио зангаа, тооны машин хангалттай. Дэлгүүрийн эзэд нь тэр эмээ, өвөө, тэр охид юм байна гэдгийг бид их л удаж байж ойлгосон доо. Унгар хэдий социалист орон хэмээгдэж байсан ч хувийн хэвшлийг бүр эртнээс дэмжиж зах зээл, социализм хоёрыг хамтад нь хөгжүүлсэн улс орон байж. Хэд хоногийн дараа орчуулагч бүсгүй амласнаараа биднийг унгар айлд очуулав. Тэднийх Веленц, Будапешт хоёрын дундах төв засмалаас салсан туслах замаар хоёр км гаруй яваад очих бяцхан толгодын энгэрт байв. Бидний буусан Веленц нуурын эрэгт байдаг шиг хоёр гурван давхар гоёмсог олон арван байшинтай бяцхан хороолол юм. Өнгөлөг шар тоосгоор өнцөг нугалаа гаргаад барьчихсан хоёр давхар гоёмсог байшинд ирлээ. Давхар хаалга, хөлийн өрөө мэтийг дамжиж хувцас хунараа тайлж зочны өрөөнд орцгоов. Өмнө нь айл гэр иймэрхүү байх юм гэж төсөөлөөгүй бид балмагдах аястай. Арван хэдэн хүн сууж тухлаад сэлүүхэн багтаж байсан болохоор тэр томхон өрөө байж таараа. Гал тогоо хавиасаа хөнгөн зууш, дарсан ногоо, бас дарс энэ тэрийг зөөж үйлчилж байв. Энэ давхартаа ариун цэврийн өрөөтэй байсан. Гэрийн эзэн нь Будапешт хотын нэгэн дунд сургуулийн орлогч захирал гэнэ. Манай орчуулагч бүсгүйн ангийн багш байсан учраас бидний хүсэлтийг тэр хувиараа зохицуулж бяцхан танилцах аялал зохион байгуулсан нь энэ. Ажил алба ихтэй, бас авгай хүүхдүүд нь хичээл сургуультай болохоор долоо хоногийн төгсгөлөөр л эндээ гэр бүлээрээ ирцгээдэг гэнэ. Дээд давхартаа унтлагын гурав, ажлын нэг өрөөтэй юм. Тэндээ бас ариун цэврийн өрөө, ваннтай юм билээ. Ийн биднийг гайхашруулах юм бишгүй байв. Авгай, нөхөр хоёр тус тусдаа машин унаатай гэх... Будапешт хотын төвд төрийн албан хаагч айлын ахуй амьдралтай зэрвэсхэн танилцах боломж хожмоо надад бас олдсон юм. Бидний ном сонсох хөтөлбөр өндөрлөж сүүлийн нэг хоёр өдөрт нь манайхны хүслэн болсон дэлгүүр хоршоо хэсэх ажил эхлэсэн юм. Хэсэх ч гэж дээ бид хэдийг ганцхан том дэлгүүрт оруулаад л “яргуйд цадсан ямаа” шиг болгож орхих нь тэр. Ёстой л ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь тэнд байлаа. Орны өмнө тавьчихаар жижгэвтэр хивс нэг, эхнэртээ ямаан хилэн пиджак, хүүдээ малгай өмд, өөртөө судалтай цамц, зангиа, амьтан хүнд өгөх бохь чихэр мэтийг аваад сольсон хэдэн форинтоо дуусгачихлаа. Жил гаруйн өмнө Унгарын ардын хяналтын төлөөлөгчдөд үйлчилж дэлгүүр хоршоонд оруулж явахдаа юун ч цамаан нөхдүүд вэ гэж тэднийг зэмлэж явснаа энд эргэн санахад хүрэв... Гадаад харилцаа эрхэлдэг ажилтны хувьд Будапешт хот, Балатон мужаас ирсэн амрагч хоёр гэр бүлд би ажил үүргийнхээ дагуу дагаж үйлчлэв. Дипломатууд болон дарга сайд нарт үйлчилдэг 10, 20 дугаар тусгай дэлгүүрт тэд нарыг орууллаа. Худалдаа бэлтгэлийн яамны сайдад албан бичгээр хүсэлт гаргаж бас дарга нараараа давхар яриулан байж виз зөвшөөрлийг нь авсан юм. Банкинд тэдний валютыг солиулах гээд бас хөөрхөн ажил болов. Тэгж тэгж нөгөө хэдийгээ эхлээд Улсын их дэлгүүр, дараа нь нөгөө тусгай дэлгүүрүүдээр орууллаа. Бэлэг дурсгалын ойр зуурын зүйл, ганц хоёр экс архи авснаас тэд хэтэрсэнгүй. Бидэнд олддоггүй нөгөө ховор “Дархан” нэхий, тарваган малгай, савхин дээл, хүрэм, бээлий, ноолууран цамц, ороолт энэ тэрийг төдий л сонирхсонгүй, тэр дэлгүүрүүдээс гарцгаав. Мөн ч цамаан хүмүүсээ гэж би гайхаж байлаа. Сольсон монгол мөнгийг нь буцааж форинт болгон өгөх гэж банкны дарга удирдлагуудаар цохолт энэ тэр хийлгэж бөөн ажил ундарч байж билээ. Ийм дэлгүүр хоршоотой, иймэрхүү бараа туруу үйлдвэрлэдэг, худалдаалдаг хүмүүс чинь тэгж “цамаан”загнахаас ч аргагүй байж дээ гэдгийг Будапештийн ганцхан дэлгүүрт ороод л ойлгож билээ... Орчуулагч унгар бүсгүй маань намайг автобусандаа эртхэн ирээрэй гэсэн юм. Учир нь монголд аялаж амрахад нь миний дагаж үйлчилж байсан Фейш Отто, Иштван Дуся нар намайг хүлээн авч цайлахыг хүссэн байлаа.
/ Намайг Будапештэд хүлээн авсан Отто, Дуся нар Өмнөговьд ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Шаталовтай зургаа авхуулж байсан юм /
Манайхан дэлгүүрийнхээ хөтөлбөрийг өндөрлөөд Будапештийн нэгэн зоогийн газарт оройн хоол идэх байсан тул надад боломжийн цаг хугацаа гарсан хэрэг. Унгарын Ардын хянан шалгах хорооны байранд орж үзлээ. Хуучны байшин юм. Өндөр адартай, том том хүрэн зандан хаалгатай өрөөнүүд байх. Нэг тийм өрөөнд миний танил нөхдүүд намайг хүлээж байв. Өрөөндөө хоёул суудаг бололтой. Бичиг цаас болсон ажлын хоёр том ширээ байна. Савхин буйдан, савхин креслотой юм. Өтгөн кофений үнэр өрөөнд нь ханхийж байв. Цай кофегоор намайг дайллаа. Хөргөгчнөөс пиво гаргаж, ханын шүүгээнээсээ хатуу юм гаргаж хундагаллаа. Унгар нөхөд маань ийн их л чөлөөтэй ажиллаж амьдардаг аж. Эндээсээ Отто гуайн гэр рүү хөдөлцгөөв. Намайг манай орчуулагч, Отто гуайн гэргий хоёр машиндаа суулгачихлаа. Хатагтай Отто машинаа барьчих юм. Замдаа нэг дэлгүүрийн үүдэнд зогсож хамтдаа орноо гэв. Том дэлгүүр юм аа. Надад цамц, манай эхнэрт жинсэн өмд, хүүд маань жинсэн хүрэм авч бэлэглэж байна. Монголд юу ховорыг манай нутагт очихдоо эд их л сайн анзаарч. Би ч баярлахаас өөр яахав. Жинс гэхэд л манай тусгай дэлгүүрт ч, долларын дэлгүүрт ч байдаггүй л байсан тийм цаг үе шүү дээ. Тэгээд удаа ч үгүй унгар айлд дайлуулж суув. Хотын төвийн хуучны энэ байшинд хоёр хөгшин хоёр том өрөөтэй сууцанд амьдарч байлаа. Энэ бүхнийг би ийн дэлгэрэнгүй бичээд байгаа нь бас учиртай юм. Ажил албан дээрээ хөргөгч энэ тэр тавьчихсан, гэртээ байгаа юм шиг зочноо кофе, дарсаар дайлаад л, бас дэлгүүр хоршооных нь бараа таваар мэт нь тэгэхэд мань мэтэд шинэ ертөнц байлаа. Зах зээлийн нийгэм гэдэг энэ юманд социалист мажарууд хэдийнээ орчихсон байж. Унгарчуудын гучаад жилийн өмнөх амьдралын тэр түвшинд өнөөдөр л бид дөхөж очиж байна даа гэдгийг үүгээр би хэлэх гээд байгаа юм. Будапештэд оччихоод тэдний дэлгүүр хоршоогоор өнөөдөр орвол Унгарын Отто, Дуся энэ тэр шиг бэлэг дурсгал энэ тэрхэн төдийг сонирхоод гарах болсон бидний өнөөгийн төрхийн тухай өгүүлэх гээд л энд багагүй хадуурчихлаа...
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Д.ЦЭДЭН-ИШ