ДЭРГЭДЭЭС ҮСЭРСЭН ОЧ

2017-12-12  

Эх түүхийн жимээр

Монголд Үйлдвэрчний хөдөлгөөн өрнөх суурийг анх 1917 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөөгийн алтны уурхайд ажиллаж байсан Орос, Монгол ажилчид хөдөлмөрлөх эрхээ хамгаалан тэмцсэнээр тавьсан гэж үздэг. Ийм учраас 100 жилийн өмнө үүссэн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн ойг орон даяар тэмдэглэж байна. Дархан хотод энэ долоо хоногт тэмдэглэнэ. Дарханы хувьд энүүхэн хажуугаас нь ажилчдын тэмцлийн оч үсэрчээ. Үйлдвэрийн хотынхонд энэ түүх тун билэгшээлтэй.

Эх сурвалжаас иш татахад “...Монголын нутагт Хаант Оросын түшмэл Фон Грот санаачлан 1900 оноос байгуулагдсан “Монголор” нийгэмлэг нь Ерөө, Хараа, Бороо голын хөндийгөөр алт олборлож байжээ. Нийтдээ 15 алтны уурхайд 2 500 гаруй Хятад, 250 Орос, 70 Монгол ажилчид ажиллаж байлаа...” гэж “Монголор” нийгэмлэгийн түүхийн бичигт дурдсан байх юм. Цааш нь сөхвөл “...Бээжин дэх Оросын Элчин сайдын яамны түшмэл Герман гаралтай Фон Грот 1899 онд Манжийн засгийн Улиастай дахь төлөөлөгч Аянтай хэлэлцээр хийж Түшээт хан, Цэцэн хан аймгуудын нутагт алт ухаж ашиглах 25 жилийн хугацаатай концессын эрх авсан байна. Үүний үндсэн дээр Монголд уурхайн хэргийг захирах ерөнхий газар байгуулсан нь “Монголор” нийгэмлэг болон өргөжсөн аж. Уг нийгэмлэгт Орос, Бельги, Франц улс хөрөнгө оруулсан бөгөөд төв нь Петроград хотод байрлаж байжээ. Энэ нийгэмлэг 1920 он хүртэл 15 орчим тонн алт авч ашигласан гэх тоо байдаг ч Монголын ард түмний амьдралд нааштай ямар нэг үүрэг гүйцэтгээгүй. Улмаар Монголд Ардын хувьсгал ялсны дараахан “Монголор” нийгэмлэгийн хөрөнгийг улсын мэдлийн болгожээ“ хэмээн тэмдэглэсэн байна.

Нэгэн дурсамж сөхөхөд өнөөдөр сонин байна. Далан таван оны үйл явдал. Дарханд Алтны хайгуулын удирдах газар байв. Эвлэлийн үүрийн даргаар нь Сэдбазар гэж инженер залуу ажиллана. Би Эвлэлийн гишүүдээс нь Ленинч шүүлэг авах ажлаар томилолт авч хайгуулын ангиудаар нь тойрлоо. Геологийн яамны орлогч З.Барас сайдтай хамт Сэдбазар бид хоёр жаран ес машинд нь сууж аваад гарч өгсөн. Өвлийн эхэн сард Ерөө, Бугант, Бороо, Бэрлэг, Ялбаг, Зүүн, Баруун Хараагаар орж эвлэлийн гишүүн хайгуулч залуусаас шүүлэг авлаа. Ерөөгийн анги дээр шүүлгийн дараа хайгуулын ангийнханд сүү авчирч өгсөн нутгийн малчин өвгөнд хандан Барас сайд “- Та нөгөө цооногоо бидэнд зааж өгнө үү, энэ Эвлэлийн залуус ч үзэг” гэв. Өвгөн замчлан бид очиж үзлээ. Мянга есөн зуун хорин оноос өмнө алт ухаж байсан газар гэнэ. Гүнзгий нүх нь шороонд дарагджээ. Тэгтэл биднээс түрүүлж явсан Барас сайд гэнэт дуудлаа. Газраас цухуйж байсан хурц үзүүртэй жижигхэн төмрийг гараараа ухсаар байгаад гаргаад ирэв. Сайд шороог нь гүвэн арилгаад эргүүлж тойруулж харснаа “-Хаант  Оросын үеийн алт ухдаг өрөмний хошууны хугархай байна. Мөн ч эртний эд шүү дээ” гэлээ. Тэгтэл хажуугаар өвгөн бас ухасхийн овоолоостой сул шороон дотроос нэг талдаа араа маягийн тавтай жижиг бул олов. Бид гар дамжуулан үзлээ. Сайд хэлж байна. “-Энэ үсгийг хар даа, латин үсэг байгаа биз. Грот чинь бүр Америк явж Калифорнын алтны уурхайгаас өрмийн машин авчирч байсан гэдэг юм. Түүнийх нь эд ангийн хэлтэрхий байх” гэв. Өвгөн үргэлжлүүлэн “-Энэ хавийн нүхнээс хүрз, жоотуу, царил гардаг л юм. Яггүй том уурхай байсан шинжтэй. Манай эндхийн Ерөө, Бугантын ахмадууд ярьдаг юм, уурхайд эхлээд олон Хятадууд ажиллаж байсан гэж. Дараа нь Орос, Буриад ажилчид ирсэн. Нутгийн Монгол хүмүүсээр гараар ухах ажил хийлгэж байжээ. Орос, Буриадууд гайгүй монетан янчаанаар цалин авдаг байсан. Монголчуудын ажлын хөлсөнд нь жижиг ембүү өгдөг. Түүнийгээ өгөлгүй удаж арга саам хийнэ. Цай, гурил будаа өгч хуурна” гэсэн яриа сонсож өссөн дөө” гэлээ.

Бид цаашаа явж голын усанд алт угааж байсан хөвөгч төхөөрөмжийн үлдэгдэлийг ч үзсэн. Томилолтоос ирээд би “Ян хөвчийн гүнд” аян замын тэмдэглэлээ “Найрамдлын Дархан” сонинд нийтлүүлэв. Тэхээр би түүхэн чухал газрыг дөчин хэдэн жилийн өмнө нүдээрээ үзжээ. Хичнээн ховор олз билээ. Энэ л голомтон дээр алтны уурхайн ажилчид анх босож тэмцсэн учиртай. Ерөө голын хөндийд уурхайн өрөмний ган хошуунаас үсэрсэн оч манай Бурхант уулын зүүхэн талд дүрэлзэн ассаар зуун дамнасан түүх ийм буюу. Энэ уламжлалыг эдүгээ цагийн Сэлэнгэ, Дарханы Үйлдвэрчний гишүүд, зүтгэлтнүүд нь үргэлжлүүлж явна.

 

 

 

 

Ө.Рагчаасүрэн. Дархан хот. Бурхантын хөндий нутгаас.  

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ujhy: ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Чи үнэхээр хэрэгтэй байна. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com 2017-12-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?