"ЗУЛЫН 25" БУЮУ "БОГД ЛАМЫН ДҮЙЧЭН"

2017-12-12  

Монголчууд Богд Зонховын дүйчин өдөр болохоос өмнө үүц махаа бэлтгэж гүйцээд зулын хорин таван тохиох үед тэдгээр амьтдыг сайн төрөл олуулахын тухайд буянд шамдан зул өргөдөг. Зул өргөх хийгээд асаахад “Хамаг амьтны мунхагийн харанхуйг гийгүүлэх гэрэл гэгээг би асааж үйлдье. Миний билгийн энэ зул тэргүүтнээр хамаг амьтан үнэмлэхүй үнэнийг ухаарах болтугай” бодь сэтгэл үйлдэл болгондоо үүсгэвэл тус эрдэм ихтэй.

Шарын шашныг үндэслэгч, цаст Төвдийн мэргэдийн оройн дээд чимэг, соён гэгээрүүлэгч, их билгийн хүн Богд Зонхова Лувсандагва долдугаар жарны шороон гахай жилийн өвлийн эхэн сарын билгийн тооллын 25-нд 63 сүүдэртэйдээ 1419 онд ''Сундуйн жүд'' /Цогт нууц тарний хураангуй үндэс оршвой/ судраас айлдаж байгаад жанч халжээ. Богд Зонхова Лувсандагва нь Буддын гүн ухаан, оюун сэтгэлгээ, бясалгалын агуу их цогц тайлбар, гайхамшигт бүтээлүүдийн нэг болсон "Их бодь мөрийн зэрэг /Ламрим Чэн бо/" хэмээх гэгээрэлд хүрэх арга замын тухай алдарт бүтээл хийгээд Бурхан багшийн эрхэм зарлигийн манлайн дээд оргил болсон нууц тарнийн ёсны гайхамшигт их тайлбар, нэвтэрхий толь "Агрим чэн бо" буюу "Тарний их зэрэг" тэргүүтэй бүтээл туурвисан бөгөөд та бидний сайн мэддэг "Мэгзэм" хэмээх алдарт магтаалыг зохиожээ. Анхдугаар Далай лам Гэндүндүв 1415 онд Галдан /Хувь төгөлдөр / хийдэд ирж Богд ламд шавь орж байсан байна. Ганц дусал усыг бодвол далай тэнгис бараг ширгэхгүйтэй адил зон олноороо хураасан буян үрэгдэж тарамддаггүй. Тиймээс ч энэ үйл ажиллагаанд олноороо ном хурж, маань хөгжөөхийн сацуу зөв сэтгэлийг соёолуулан ургуулбал асар их буяныг ганц хүн ч хураах боломжтой.

Монголчууд Бурханы номыг сонсохын зэрэгцээ утгаар нь замнаж явсан уламжлалтай тул айл хотлоороо нийлж орой бүр маани мэгзэм хөгжөөж байжээ. Дээдийн номыг сонсох, ингэхдээ “савны гурван гэмийг” тэвчин сонсох, мөн сонсоод зогсохгүй байнга санах, бясалгах хэрэгтэйг сүсэгтнүүд өөрсдөө дэвшүүлж байгаа нь сайн хэрэг юм. Монголчууд хөгжлийг гадны тусламж хандиваар бүтээхгүй юм байна гэдгийг ойлгож эхэлсний адил хувь хүний оюун билэг сэтгэлийн хөгжил өөрийн сүсэг итгэл болон шийдвэрээс хамаарна гэсэн бат үнэмшлийг эргэн олж байна. Бурханы шашинд сүсэг бишрэл гэдэг нь мухар сүсэг бишрэлийг хэлдэггүй бөгөөд харин “учир шалтгаан, ухааралд үндэслэсэн” итгэлийг хэлдэг.

 

 

БЯМБАЖАВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?