МОНГОЛД БОЛЖ БУЙ ЯВДАЛД БНСУ ДИПЛОМАТ ЭСЭРГҮҮЦЭЛ ҮЗҮҮЛЭВ ҮҮ?

2017-12-15  

БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа манай иргэдийг албадан гаргах болсон талаар тус улсын Гадаадын харъяатын асуудал эрхэлсэн газраас мэдэгдсэн байна. Энэ тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдлаа. Уламжлал ёсоор БНСУ-д хараар ажиллаж, амьдарч буй манайхныг сайн дураараа нутаг буц гэж ятгаж буй юм. Харин баривчилгааны үеэр монгол иргэдийг хууль бусаар ажиллуулж байсан нь илэрвэл компанийг 20 сая воноор торгож, дахин гадаадын иргэн ажиллуулах эрхийг нь хасна гэжээ.

Ийм явдал байсхий­гээд болдог. Гэ­хдээ сүүлийн 3-4 жилд монгол­чууд эдийн засгийн хям­ралаас шалтгаалан олноороо БНСУ-ыг зорьж байхад тус улс харин ч ийм баривчилгааг бараг хийхээ болиод байсан юм. Үүнээс гадна БНСУ-д суугаа манай Элчин сайд Б.Ганболд ЭСЯ-ныхаа цахим хуудаст саяхан ярилцлагаа тавьж, мэдээ­лэл өгсөн байна. Тэрээр “…Монголоос БНСУ-ыг зорих иргэдийн тоо өдрөөс өдөрт өсч байна. Жил бүр 10 мянгаар нэмэгдэж байгаа гэсэн статистик тоон мэдээлэл байна. Хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоо ч сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Сүүлийн 3-4 жилийн байдлаар жилд 2000 иргэн харлаж байна. Энэ нь БНСУ-ыг зорих дараагийн иргэдэд ихээхэн саад болох хандлагатай байна. Сүүлийн үед БНСУ-ын виз мэдүүлэхэд их чанга, хүндрэлтэй болсон гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ нь хууль бусаар оршин сууж байгаа иргэдтэй шууд хамааралтай” гэж ярьжээ.

Гэхдээ үүнийг ажиг­лаг­чид, улс төр судлаачид арай өөрөөр харж бай­на. БНСУ-д хууль бусаар ажиллаж буй монгол­чуу­дыг баривчилж эхэлсэн нь Монгол Улсад өгч буй мессэж байж магад гэж байна. Сүүлийн хэдэн жилд онгоц онгоцоороо очиц­гоож элдэв ажил хийж хэдэн вон олж байгаа монголчуудыг БНСУ харж хянаж л байгаа. Бариад, ачаад нааш нь илгээе гэвэл тэндэхийн хэдэн хотын том, жижиг үйлдвэрүүдээр “талын нэг” тарсан монголчуудыг “цуглуулж” ядаад байх юу байхав. Хүсвэл хялбархан хийх ажил. Тиймээс хууль бусаар ажиллаж буй монголчуудыг “…Сайн дураараа нутаг буц. Эсвэл барьж аваад явуулчихна шүү” гэсэн нь БНСУ-аас Монгол Улсад өгч байгаа сануулга гэж ойлгож болох ажээ.

Учир юу гэвэл сүүлийн сар гаруйн хугацаанд Монгол Улсад Б.Хурц гэдэг “хаданд хальтардаггүй баатар” гарч ирсэн. ТЕГ-ын даргаар ажиллаж байсан энэ эрхэм БНСУ-д Элчин сайдаар явна гэж зүтгээд эхэлсэн юм. Түүнийг УИХ-аар хэлэлцэж эхлэхэд олон асуудал босч ирсэн. Харин өөрөө зарим гишүүний хууль бус үйлдэл, ингэхдээ Монгол Улсаас БНАСАУ-д зэвсэг нийлүүлсэн гэдэг асуудлыг ярьсан юм.

Үнэн хэрэгтээ улсад нь Элчин сайдаар очих хэлэлцүүлэгт орж байгаа хүн БНАСАУ-д зэвсэг нийлүүлсэн асуудлын талаар яриад сууж байгаа нь БНСУ-д таалагдахгүй. Хүнээр бол хамгийн эмзэг сэдвийг нь хөндөж байгаа юм. Тиймээс БНСУ Б.Хурцыг хүлээж авах уу. Түүгээр ч барахгүй Б.Хурцын асуудлыг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед дээрх маягаар хууль бусаар ажиллаж байгаа иргэдийг маань баривчилна гэж мэдэгдсэн нь “дипломат эсэргүүцэл” байж болохыг ажиглагчид хэлж байна.

Ийм маягаар эсэргүүцлээ илэрхийлэх явдал дэлхий нийтэд байдаг. Тухайлбал Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч болсны дараахан Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь утсаар залгаж ярилцсан байдаг. БНХАУ Тайванийг өөрийн муж хэмээн үздэгээс Цай Инвэньтэй утсаар ярилцсан нь тун эмзэг асуудал болж хувирсан юм. Энэ явдалд БНХАУ-ын Гадаад хэргийн яам эсэргүүцэл илэрхийлсэн байдаг. Дэлхийн томоохон хэвлэлүүд, экспертүүд энэ талаар өөрсдийн өнцгөөр тайлбарлаж, тэр үедээ дэлхийн шуугиан болж байсан юм. Гэхдээ Дональд Трамп энэ талаар ам ангайсангүй. Харин Дональд Трамп Тайванийг чухалчлаагүй байлаа ч сонгуулийн кампанийнхаа үеэр Хятадад худалдааны хатуу арга хэмжээ авна гэж амласнаа хэрэгжүүлэх вий гэж Бээжин болгоомжилж байна. Гэхдээ Бээжингийн эсэргүүцэл харьцангуй тэвчсэн шинжтэй байна гэж тэр үед шинжээчид дүгнэсэн байдаг юм.

АНУ, Хятадын энэ явдал хэлбэрийн хувьд манайд болж буй үйл явд­лаас шал өөр, хэтэрхий том юм. Гэвч гадаад бод­лого, олон улсын харил­цаа гэдэг улсын хүч­тэй хүч­гүйгээс буй нэ­гэнт л тусгаар улс бол “тоглоомын дүрэм” нэгтэй гэсэн үг. Товчхондоо, улсын дотоод явдал хэт задарвал гадаад бодлогоо хөндөх аюултай байдаг гэх энгийн ойлголт бий ажээ. Тиймээс Монголдоо “занхайсан” Б.Хурцыг БНСУ-ын тал хүлээн авахгүй байх магадлал өндөр байгаа юм.

 

 

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?