Ардын Уран зохиол, Төрийн соёрхолт, их яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн ходоодны хорт хавдар тусчээ. Энэ талаарх мэдээг сэтгүүлч Болдко буюу Б.Болдбаатар цахим хуудаснаа нийтэлжээ. Их зохиолчийг БНСУ-д шинжилгээ өгч явах үед нь сэтгүүлч Болдко таарч уулзжээ. Ингэхэд яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн шинжилгээний баттай хариу гарч түүнийг ходоодны хорт хавдартай болохыг тогтоосон байна. Яаралтай хагалгаа хийлгэхгүй бол болохгүй гэж эмч нар мэдэгдсэн ч их зохиолч нутаг ус руугаа буцаж, ууландаа очиж мөргөх хүсэлтэй байгаагаа ярьжээ.
Тэрээр,
"73насаллаа даа. Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав. Болоогүй бол түмэн олон минь мэдэг. Нутартаа л, ууландаа л нэг оччихоод ирье. Хэдэн ач, гуч, зээгээ бодохоор хэцүү юм. Ганц хоёр жаахан амины гучууд гүйлдэж байгаа шүү дээ. Өвөөдөө жигтэйхэн хайртай юм байгаа юм" хэмээн ярьжээ.
Мөн тэрээр "Хагалгааны төлбөр 100 илүү сая болох юм байна. 1-р сарын 10-нд ор гэнэ. Хадгалсан юм байх биш. Нутаг буцнаа". гэж ярьсан байна.
Ийнхүү монголын нэгэн жарны утга, уран зохиолыг нуруундаа үүрч цэх зогссон өвгөн зохиолч хүнд өвчний өмнө өвдөг сөхрөхдөө тулжээ. Түүнд монголын элэг нэгт ахан дүүс, төр улсынх нь дэмжлэг хэрэгтэй болсныг хүргэе.
С.ШҮРЭНЧИМЭГ