Н.НОМТОЙБАЯРЫН ХҮН ДАЙРЧ АЛСАН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ
Өнгөрсөн 9-р сарын 27-28-нд шилжих шөнө Булган аймагт мотоцикльтой иргэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр түүний нууц амраг П.Алтанцэцэг буюу Агий / Киви хамтлагийн дуучин/ сууж явсан машинтай мөргөлдөж амь насаа алдсан хэрэг гарсан юм. Хоёр сар гаруйн хугацаанд намжмал байсан уг хэргийг прокурор хянаж үзээд хэрэгсэхгүй болгожээ.
Прокурор уг хэргийг хэрэгсэхгүй болгохдоо:
"Талийгаач С.Чулуунхүү жолооны үнэмлэхгүй, хамгаалалтын малгайгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс осол гарсан. Тэр өөрөөсөө болж машины доогуур орсон" гэх дүгнэлт гаргасан байх юм.
Өөрөөр хэлбэл "өөрөө унасан хүүхэд уйлдаггүй" гэдэг шиг "өөрөө ирж машинд мөргүүлж үхсэн хүн хохь чинь тэр" гэсэн шийдвэрийг эрхэм Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатар, Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Лхагвасүрэн гэгч нар гаргаж уг хэргийг хааж, хохригч С.Чулуунцэцэг /талийгаач С.Чулуунхүүгийн дүү/-д мэдэгдэхийг үүрэгджээ.
Нэг үгээр хөдөө хээр ганцаараа явсан мотоцикльтой залуу замаараа, дүрэм журмаараа явсан машиныг ирж мөргөөд "амиа хорлосон" болж таарлаа.
Ингээд гэмгүй цайлган ахыгаа, дүүгээ машинд мөргүүлж амиа алдсанд харамсан гашуудаж, гомдол нэхсэн түүний ар гэрийнхэн амаа үдүүлээд үлдэхдээ туллаа.
Мөн "үхсэн үг хэлдэггүй" учраас тухайн ослын, бүр өөрийнхөө үхлийн гол буруутан нь талийгаач С.Чулуунхүү болж таарлаа.
Басхүү эрхэм гишүүн Н.Номтойбаяр хэлсэнчлэн "талийгаач эхнэр хүүхэдгүй, жолооны үнэмлэхгүй, сүүлийн хэдэн жил тэнэмэл байдлаар амьдарч байсан" нь ч хүртэл буруу болж үлдэх шиг...
Монголын хууль, шүүх хэний талд үйлчилж, хэнд хатуурхана вэ? Хуулийн дээр мөнх хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй гэх эрхэм тодорхойлолт хаачив?...
С.ШҮРЭНЧИМЭГ