Загвар зохион бүтээгч Ариунаа Сүри "Торгоны зам" олон улсын загварын шоуны "GOLDEN LEI AWARD”-ын эзэн буюу "Шилдэг дизайнер" болжээ.
Энэхүү загварын шоу нь "Торгоны зам"-ын дагуух улс орнуудын дунд зохион байгуулагддаг олон улсын загварын шоу бөгөөд энэ жил БНХАУ-ын Чун Чин /Chong Qing/ хотод 12 дугаар сарын 06-аас 10-ны өдрүүдэд “SILK ROAD FASHION WEEK” нэртэйгээр Азийн загварын холбооноос зохион байгуулсан байна. Уг шоунд анх удаа Монгол улсаа төлөөлөн загвар зохион бүтээгч Ариуна Сүри уригдан, амжилттай оролцлоо.
Тэрээр Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бий болсон малын гаралтай түүхий эдийг байгаль орчинд халгүй технологиор боловсруулсан эко-материалуудыг ашиглан урласан загваруудаа дээрх шоунд толилуулжээ. Хонины ноосон өндөр номер (60/2)-ийн ээрмэл бүхий жин хөнгөрүүлсэн нэхмэл материал, “цагаан идээлэг” (хромгүй идээлгэ)-ээр боловсруулсан эко-савхи (вет-вайт), үслэг эдлэл (хурганы арьс), хонины гүзээн савхи (хүрээлэнгийн брэнд) зэрэг эко-материалуудыг сонгосон нь энэ загваруудыг амилуулсан нь энэ шоунд содон байж чаджээ.
Техник технологи өндөр хөгжсөн энэ эринд бид химийн хорны найрлагатай хоол хүнс, хувцас хэрэглээнээс болж өөрөө өөрсдийгөө хордуулах болсон бөгөөд энэ бүхэнд цэг тавьж байгалийн гаралтай эко материал ашигласан бүтээгдэхүүн, хувцас загварын салбарт ч трэнд болжээ.
Тийм ч учраас дизайнер Ариунаа Сүри байгаль экологид ээлтэй аргаар боловсруулсан арьсан эдлэлээр урласан загваруудаа танилцуулсан нь түүнийг шилдэг болоход нөлөөлжээ.
С.ШҮРЭНЧИМЭГ