Улс орон ямар байх нь тухайн улсын удирдагчтай шууд холбоотой. Бидний "муулах, чичлэх" дуртай Хятад улс гэхэд л 2035 онд ядуу иргэнгүй улс орон болохоо дэлхий дахинд зарлачихлаа.
Орос орон гэхэд, АНУ, Европын холбоо, тэдний захиалгаар буй болсон Олон улсын худалдаа, банк санхүүгийн байгууллагын шахалт дарамтыг эрсдэл багатай давж гарч чадлаа.Тэд дарамт шахалтыг зөвөөр эргүүлж, дотоодын үйлдвэрлэлээ эрчимжүүлж амжив. Улс орон эзэнтэй байна гэдгийн жишээг хоёр хөршөөсөө харж болох нь.
Тэгвэл Монгол улс маань хаахна явна вэ? Үүнийг дарга нараас биш, ард иргэдээ хэрхэн удирдаж, амьдруулж байна вэ? гэдгийг өөрсдөөсөө асуух цаг болжээ. Малаар зүйрлэвэл өлөн, араатан чоно сүргээрээ сүлжилдсэн газар нутагт хариуцах, маллах малчингүй, хараа хяналтгүй хонин сүрэг шиг л хаягджээ янз нь, Монголын ард түмэн. Амьсгалах агаар нь, идэх хоол хүнс нь хүртэл хортой. Амьдрах, хөдөлмөр эрхлэх баталгаа нь гээгдсэн. Энгийн нэг амьдрахад дэндүү эрсдэлтэй орчин бий болжээ. Зах зээлд шилжсэнээр малын хулгай газар авсан бол, нийгэм тартагтаа тултал ядуурснаар хүний хулгай ч газар авлаа. Үр хүүхдийн эрэлд хатах эцэг эхийн тоо ч газар авлаа. Төр нь иргэддээ үйлчилдэггүй, санаа зовдоггүй, хариуцлага хүлээдэггүй ямар гээчийн нийгэмд бид амьдарч байна вэ?
Монголын төр, түүний нүсэр аппарат нь жирийн иргэдээ л татвараар шулж мөлжих, алхах гишгэхийг нь мөрдөж мөшгөхдөө л гаршсан дүр төрх л ажиглагдах болов. Дээрэм, хулгай, танхай газар авлаа. Дээрээс нь автын осол гэдэг нисэж ирдэг гай нэмэгдлээ. Жилдээ 300 хүн автын ослоор хорвоогийн мөнх бусыг үзүүлж, хэдэн зуун эрүүл саруул Монгол иргэд эрүүл мэндээрээ хохирч, ах дүүс өнчирч, насаараа тахир татуу болж хохирч байгааг ярихаас хэтрэхгүй байна.
Энэ хохирлыг барагдуулахын тулд Монголын төр ямар нөхөн олголт иргэдэд өгч, ямар шийтгэл хүлээж, оногдуулж байгааг асуух цаг иржээ. Зөвхөн автын ослоор жил бүр 300 иргэн амь насаа алдаж, олон зуун иргэд эрүүл мэндээрээ хохирч байгаа байдал хэзээ өөрчлөгдөн сайжрах юм бэ?
Үүнийг өөрчлөх, сайжруулах оролдлого хийхгүй байгаа нь Монгол улсад хүн нь "үнэгүй" гэдгийг Монголын Төр зөвшөөрсөнтэй агаар нэг сонсогдож байна. Ийм л иргэндээ ээлгүй, хүнээ үнэлдэггүй нийгэмтэй бид золгожээ.
Сүүлийн жишээг дурдахад, хоёр хоногийн өмнөхөн цоо эрүүл саруул, гүйж явсан эх, охин хоёрыг хүнд бэртээсэн автын осол Гачууртын зам дээр гарсныг Цагдаагийн байгууллага бүртгэсэн байна. Бяцхан охин сэхэж, ухаан орсон ч, эх нь маш хүнд бэртэлтэй Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж, өнөөг хүртэл ухаан ороогүй мэдээлэл байна. Ах дүү, аав, ээж, ойр дотныхон нь л шаналж зовж байна. Эмч нараас аврал эрсэн харцаар эмнэлгийн коридорт өдөр хоногийг шаналан өнгөрүүлж байна, тэд. Монголд төр гэж байна уу? гэж иргэд асууж байна.
Үндсэн хуульд зааснаар Монголын төр иргэдээ эрүүл саруул, амгалан тайван амьдрах орчноор хангах үүрэгтэй. Үүргээ биелүүлж чадахгүй байгаа Монголын төр ямар үүрэг хүлээх вэ? гэдгийг бас асууя.
Асуулт, асуулт, бас дахин асуулт. Энэ монголын төр гэж үү...
Ц.ЭНХБАТ