УИХ-д санамсаргүй сонгогдсон олон гишүүний нэг бол Хэнтийн Д.Гантулга. Хамгийн залуу гэхээс өөр тодотгол түүнд байдаггүй байлаа. Яагаад гэвэл, түүнд хийсэн бүтээсэн, хэлэх ярих, үзүүлэх харуулах зүйл юу ч байхгүй. Тиймээс түүнийг хэн ч мэддэггүй байсан. Одоо ч гэсэн олон гишүүнийг иргэд мэдэхгүй, мэдэх ч шаардлага ч байхгүй. Тэднийг нэр, зүсээр нь мэдлээ гээд амьдралд нэмэр болдоггүй гэж иргэд тоомжиргүй хандах болжээ.
Тэгвэл, Д.Гантулга бусдаас давуу тал нь өөрийгөө олонд таниулж чадсан. Улс төрч хүн олонд танигдсан байх ёстой гэдэг үүднээс үзвэл тэр нь амжилт юм. Тэр айлд хоносноо зөвшөөрсөн, бандаашаа өмссөнөө ч сэтгүүлчид дуулгасан. Түүнийг дүүг нь хүчирхийлсэн хэрэгт "нэгэн эгч" нь ороосон. Энэ цагаас хойш түүний тухай ярихдаа Бандааш, Бандааш уу ? гэх болсон. Түүний хэргийг өнгөрсөн долоо хоногт прокуророос дахин сэргээжээ. Дээр нь УИХ-ын гишүүнийг гэмт хэргээс нь хаацайлж ирсэн "УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэхдээ газар дээрээ л баригдаагүй бол гэмт хэрэг хийсэнд тооцохгүй" гэсэн заалтыг Үндсэн хуулийн Цэц тэр өдрүүдэд хүчингүй болгосон. Ийм нэгэн улс төрийн шийдвэр угсран гарлаа. Ер нь шийдвэрийн хувьд маш зөв шийдвэр. Гэмт хэрэгтэн УИХ-ын гишүүний дархан эрх дор хамгаалалтанд орж болохгүй гэдэгтэй нийгмээрээ санал нэг байна. Гэхдээ л энэ шийдвэрийн эхний тусгал нь чухамхүү Д.Гантулга байх магадлал өндөр гэж хэлье. Д.Гантулгыг золиосолж, суудлыг нь чөлөөлж авах боломж нээгдэх нь.
Тэгвэл энэ суудалд өрсөлдөгчгүйгээр залрах эрхмээр МАН-ын дарга, ерөнхий сайд, өмнө нь Хэнтийгээс нэр дэвшиж байсан У.Хүрэлсүх тодрох нь ойлгомжтой болж байна. Нэг талаас, энэ бол цэвэр улс төр гэж "бандааш"' хочит Д.Гантулгын хэлээд байгаа ч бас зөв.
Ц.ЭНХБАТ