Өдгөө 27 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Утгын чимэг” богино өгүүлэгийннаадам болж дүнгээ гаргажээ. Энэ жилийн наадмыг Монгол Улсын төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулж байгаа бөгөөд "Утгын чимэг-2017" наадмын шилдгийн шилдэг "Цомын эзэн"-ээр СГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт нэрт зохиолч С.Пүрэв “Уул өвгөн хоёр” өгүүллэгээрээ хүртжээ. Түүний бүтээлийг өгүүлэхүйн ухааны нэрт мастер, МУГЖ Г.Равдан уншиж амилуулсан байна.
Харин дэд байрыг зохиолч Н.Бадамжав “Эрт нэгэн цагт”,
Гуравдугаар байрыг зохиолч, яруу найрагч Б.Баярсайхан “Даш гуай”,
Нэрт сэтгүүлч, зохиолч МУСГЗ Г.Жамъян “Хань-галзуу” өгүүллэгээрээ тус тус хүртжээ.
Мөн С.Оюун “Тайгын зул цэцэг”, Ч.Баянсан “Хадны захидал”, Г.Болормаа “Хүний нутгийн тэр”, Д.Уранбилэг “Эхийн сэтгэл”, Ц.Бум-Эрдэнэ “Эргэлт” гэсэн бүтээлүүд ту тус шагналт байранд шалгарсан байна.
Анх 1990 оноос "Шувуун саарал" хэмээн нэрлэгдэж байсан уг наадмыг 1993 оноос "Утгын чимэг" хэмээн нэрлэсээр өнөөдөртэй золгожээ.
Уг наадам богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой бөгөөд сэдэв чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэгүүд өрсөлддөг юм.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, тус наадамд Л.Түдэв 1990, Б.Догмид 1991, Д.Намсрай 1992. Д.Догмид 1993, С.Дашдооров 1994, Ж.Лхагва 1995, П.Пүрэвсүрэн 1996, Ж.Сарантуяа 1997, П.Пүрэвсүрэн 1998, Д.Намсрай 1999, Д.Догмид 2000, М.Эрдэнэбат 2005, Ц.Доржготов 2009, Б.Баярсайхан 2010, С.Пүрэв 2012, Ц.Доржготов 2013, Б.Золбаяр 2014, Б.Пүрэвдаш 2015 Б.Лхагвасүрэн 2016 онд бүтээлээрээ хүртэж байв.
С.ШҮРЭНЧИМЭГ