Ард түмнээ сонсож байна гэдэг сайн хэрэг. Сонсож чадна гэдэг сайн засаглалын нэг шинж чанар яах аргагүй мөн. Сонсоод, ард иргэд рүүгээ очиж байна гэдэг бол Сайн засаглалыг тогтоохын төлөө ерөнхийлөгч Х.Баттулга зүтгэж байгаагийн илэрхийлэл мөн.
Өмнөх бүх ерөнхийлөгчөөс Х.Баттулга ялгарч чадлаа. Тэр төрийн ёслолын албаны түүртэй протоколыг эвдэж, ард иргэдээ зорилоо. Тэр олон жил эзэнгүйдсэн улс оронд эзэн бий гэж харуулах аядлаа. Гэхдээ тэр асуудлын углуургыг олох учиртай. Хүүхдүүдийн ханиад, түүний хүндрэл бол утаанаас л үүдэлтэй. Гадаа хүйтрэх тусам утаа улам хөшиглөж байгааг нийслэлийн иргэд харж, түүгээр амьсгалж байна. Утаанаас болж амьсгалын замын эрхтнүүд хордож, хүүхэд гэлтгүй насан хүрэгчид хүртэл ханиаднаасаа салж чадахгүй, цалингаа зөвхөн эм танд зарцуулж байна. Иргэд туйлдан ядарч байна, дээр нь өвдөж зовж байна, цөөн хэдэн зоосоо эмийн бизнесээр мөнгө хүүлэгчдэд тушааж, өөрсдөө хоолны мөнгө ч үгүй үлдэж буй тухай "Control.mn" хэдхэн хоногийн өмнө сурвалжилсан.
Хамгийн осолтой нь бага насны хүүхдүүд олноороо өвчилж улмаар хүндэрч байна. Тэдэн дээр хотын дарга ч, эрүүл мэндийн сайд ч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга ч сэтгэлийн дуудлагаараа очиж чадсангүй. Гэтэл төрийн тэргүүн өөрийн биеэр эмнэлгүүдээр зорчиж, үүсээд байгаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, нийгмийн анхаарлыг нэгэн зүгт хандуулав. Мэдээж, эмнэлгийн ор, хоног зохицуулах ажил бол угаасаа Монгол улсын ерөнхийлөгчийн хийдэг ажил ч биш, хийхийг зорих зүйл ч биш.
Эмнэлгийн орыг хэрхэн зохицуулах, эмнэлгийн ажилтнуудыг хэрхэн нэмж дайчлах, өвчтөний хуваарийг хэрхэн хийх вэ? гэдэг ажлыг тухайн үеийн ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлэх Монголын Засгийн газрын үед Эрүүл Мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар бүхэлд нь зохицуулсан байдаг. Бүх нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасаг нээж, дүүрэг дүүргээр нь хуваарилах. Нэмж хүүхдийн 50 ортой тасгийг тусгай 2-р эмнэлэгт нээх, Цэргийн эмнэлгийг хүүхдийн тасагтай болгож, холбогдох тоног төхөөрөмжөөр хангах зэрэг шийдвэр өнгөрсөн оны өдийд гарч байсан. Тун яаралтай, зөв шийдвэр гаргасны дагуу өнгөрсөн жилийн хүндрэлийг 30 хоногийн дотор даван гарч байсан түүхтэйг санахад илүүдэхгүй. Харин өнгөрсөн жил Засгийн газраас хийсэн ажлыг энэ жил ерөнхийлөгч л хийсэн юм гаргасан юм шиг ташаарч бас болохгүй. Юм үнэнээрээ сайхан. Хамгийн чухал нь ерөнхийлөгч өвдөж, зовсон ард түмэнтэйгээ хамт байж чадсанд л хамаг учир байгаа юм. Хачирхалтай нь, Эрүүл мэндийн сайд ч, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга ч тухайн үед давхиад очсонгүй. Тэд ерөнхийлөгчийг ойшоосонгүй юу эс бөгөөс мэдээллээс тийм хол тасархай амьдарч байна уу? гэдэг анхаарах ёстой асуудал.
Өөлбөл, ерөнхийлөгч, засагтайгаа хамтран ажиллаж чадахгүй, хувийн тоглолт хийгээд байгаа юм байна гэж дүгнэж болохоор. Нууцалж байгаад сэмхэн довтолж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрж болохоор байна. "Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдынхаа ажлыг, Ерөнхий сайд нь Хотын даргынхаа ажлыг, хотын дарга нь хэний ч ажлыг шүүрч хийгээд байгааг ойлгохоо болилоо" гэж сошиал ертөнцөд иргэд дарга нараа шүүмжилж байна. Ортой ч байж болох. Ерөнхийлөгчийн эмнэлгээр явсныг, ядарсан ард иргэдтэйгээ хамт байсныг сайшаан, дэмжиж байна. Гэхдээ төрийн тэргүүн асуудал бүхий газраар явсан л бол тухайн асуудлыг шийдэх, тэгснээр байдал дээрдэх учиртай. Тэгэж чадахгүй бол... Эмнэлгийн орыг хуваарилах асуудлыг шийдэх хүмүүс олдоно. Энэ тэр элчин сайдаар оролдсоноос нэн тэргүүнд олон жил гамшиг тарьсан, өвчин өвчний үүр болсон утааг дарж өгөөч гэж хүсье.
Ц.ЭНХБАТ