Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 1-ний өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож байна. Харин эдгээр өдрүүдэд 4 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.
Түүнчлэн шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Иймээс шинэ оны өглөө нар харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийн нутгийг ихээр зоридог. Энэ үеэр тус албанаас батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу хамгаалалт, зохицуулалт хийж иргэдийг түргэн шуурай, аюулгүй зорчуулахаар ажиллана.
Иймд иргэн та замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрэм болон зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцох, мөн зам, уул даваа халтиргаа гулгаатай байгаа тул тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж явганаар гарах, тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад учруулж уулзвар гарц хааж, нэгдүгээр эгнээ зэрэгт байрлуулахгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
Шинэ жилийн баярын өдрүүдэд гэмт хэрэг, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээллийг 102 болон албаны 93021124 дугаарын утсаар хүлээн авч байна.
2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 357 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 275 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 7 хүн гэмтэж бэртжээ.
Тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол, хэрэгт өртөж холбогдсон жолооч 3, явган зорчигч 1 бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 2 осол, мөргөлдөх хэлбэрээр 6 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллалаа. Тухайлбал : СХД-ийн нутаг Толгойтын замд H.Civic маркийн автомашины жолооч Т нь явган зорчигч Т-г мөргөж гэмтээгээд ослын газрыг орхиж явсаныг алба хаагчид эрэн сурвалжилж илрүүлсэн бөгөөд жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.
Ц.ХИШГЭЭ