Сүүлийн үед “Шатахууны үнэ нэмэгдэх гэж байна”, “зарим ШТС-ууд шатахуун өгөхгүй байна” гэх мэдээлэл гарах болсон юм.
Харин энэ асуудалтай холбоотойгоо ШӨХТГ-аас шуурхай ажлын хэсэг гарч нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын явцад “Магнай трэйд” ХХК, “Сод монгол” ХХК, “Тэс пэтролиум” ХХК-иудын Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим салбаруудад А-92 авто бензин, ялангуяа дизель түлшний жижиглэнгийн борлуулалтадаа хязгаарлалт хийсэн байдалтай байгааг илрүүлжээ.
Тухайлбал,
“Тэс пэтролиум” ХХК-ийн хувьд нийт 100 салбартайгаас нийслэлд 26, орон нутагт 74 салбар /ШТС/-тай. Үүнээс нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 26 салбараас Нарны гүүрний доот талд байрлах төв, Баянбүрдийн тойрогт байрлах ШТС-5 зэрэг 6-н салбартаа А-92 автобензин болон дизель түлшний жижиглэнгийн борлуулалтадаа “30000 төгрөгөөс дээш борлуулалт хийхгүй” гэсэн хязгаарлалт хийсэн байна.
“Сод монгол” ХХК-ийн хувьд
“Сод Монгол групп” ХХК-ийн шатахуун түгээх станцууд нь дизель түлшийг зөвхөн өөрийн компанийн “Ай Си” картаар олгож байна. Түлш худалдан авах мөнгөн дүнгийн дээд хэмжээ нь 100.000 төгрөг бөгөөд үүнээс дээш хэмжээгээр худалдаалахгүй байжээ.
“Магнай трейд” ХХК
92-р шатахуун түгээх станц нь дизель түлш болон АИ-92 шатахууныг худалдаалахгүй байна. 8-р шатахуун түгээх станц 20.000-30.000 төгрөгөөр дизель түлшийг худалдаалж байна. 14 дүгээр шатахуун түгээх станц нь дизель түлшийг худалдаалахгүй. Гэрээтэй байгууллагуудад МТ карт болон талоноор дизель түлш нийлүүлж байгаа” гэсэн тайлбар, тодруулга өгсөн.
Өөрөөр хэлбэл, дээрх 3 ШТС ямар нэгэн шалтгаангүйгээр түлш худалдаалахгүй буюу хязгаарлалт хийсэн байжээ. Тиймээс тэдний энэхүү үйлдлийг нарийвчлан шалгах ажил хийгдэж байгаа юм байна.
Уг нь АМГТГ-аас гаргасан мэдээллээр 12-р сарын 26-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн нөөцтэй, байгааг тогтоожээ.
Тиймээс хэрэглэгч олон нийтэд хандаж газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц хэвийн байгаа учир үнэ нэмэгдэхгүй бөгөөд шатахуунаа их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүй, тайван байж, сонголтоо зөв хийхийг ШӨХТГ-аас мэдэгдэж байна.
С.ШҮРЭНЧИМЭГ