АЯН ЗАМ БА БОДОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ НОМЫН ҮРГЭЖЛЭЛЭЭС...

2018-01-07  

Баатаруудын талбай буюу“ Мянганы дурсгалын цогцолбор”

Иймэрхүү сэтгэл хөдлөм үзмэр, түүхийн бас нэгэн байгууламжид Будапештын төв талбай дахь Баатаруудын хөшөө дурсгалын цогцолбор хамаарна. Тэр хавийгаа “Баатарын талбай” хэмээн нэрлэх аж. Хотын зүрх гэсэн үг. Талбайн яг төв дунд “Мянганы дурсгалын цогцолбор” байрладаг юм билээ. Энэ цогцолборт түүхэн хаад, баатруудынх нь сүрлэг хүрэл хөшөө баримлыг олноор бүтээж цогцлоосон аж. Түмэн олон энэ бүхнийг гүн хүндэтгэлтэйгээр сонирхон үзэж цэцгийн баглаа өргөх нь заншил болжээ. Төр, Засгийн тэргүүнүүдийн айлчлалын хүндэтгэлийн арга хэмжээг ч  Унгарчууд энэ талбайдаа зохион байгуулдаг юм билээ.

 

Баатаруудын талбай

Хориод жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын Унгар улсад хийх Төрийн айлчлалыг хүндэтгэн угтах ёслол энэхүү талбайд болж Хүндэт харуул жагсаж Унгарын Ерөнхийлөгч ноён Арпад Гөнц, манай Ерөнхийлөгч хоёр энэ “Мянганы дурсгалын цогцолбор”, Баатаруудын хөшөөнд цэцэг өргөж байв. Монгол, Унгарын Төрийн далбаа мандуулсан энэ талбайгаас сурвалжлага хийж “Ардын эрх” сониндоо явуулж байлаа. Тэр үед сонин маань төрийн төв хэвлэл гэсэн статустай байсан юм. Эрх дарх, үүрэг хариуцлага аль аль нь өндөр байсан хэрэг. Бичсэн мэдээ сурвалжлагаа өдөр өдөрт нь сонин руугаа факсаар явуулна. Гадаад яам руу бас факсдана. Тэндээс нь МОНЦАМЭ болон бусад сонин хэвлэлийн газрууд авдаг байв. Би гэдэг хүн тэр үед олон шөнө нойргүй хоносон доо. Гэхдээ харамсдаггүй байсан. Мэдээ сурвалжлагаа маргаашийн сонинд амжиж гаргалаа, бас мэдээллийн бусад хэрэгслийг шуурхай мэдээллээр хангаж байна гэдэгт л бахархал, тайвшрал минь байсан. “Монгол телевиз”, “Новости Монголии”, “Ардчилал” сонин, “Монгол Кино”-ных гээд арваад сурвалжлагч хамт явсан юм. Тэд өдөр тутмын мэдээний үүрэг хүлээгээгүй болохоор орой шөнөдөө над шиг “ухнатаж” суухгүй л дээ. Монгол телевизийн мэдээний Д.Чулуунбаатар, Монголын радиогийн нэрт сэтгүүлч, зохиолч П.Баярсайхан нар зарим үед над шиг ингэж ажилладаг юм болохоороо миний зовлонг ойлгож хааяа хоол унд цай цүү дөхүүлж халамжлана. Тэд нутагтаа очихдоо л бэлэн сурвалжлага материалтайгаа бууна гэцгээж байдагсан. Долоо, арав хоногийн сонингийнхон бол бүр ч “амар сайхан”-даа жаргаж явцгаасан. “Ардчилал” сониноос одоогийн энэ Цагдаагийн дарга, генерал Б.Билэгт сурвалжлагчаар явж байв. Өдөр дутмын ажил алба байхгүй болохоор амарч цэнгэх, уух наргих нь тэдний хувьд элбэг байх нь атаархмаар. Европын холбооны дээд комиссартай манай Ерөнхийлөгч нэг өглөө уулзах үеийн нэг тохиол санаанд орж байна. Тэд харилцан үг хэлж байв. П.Очирбат Ерөнхийлөгч үг хэлж байснаа, хажууханд нь зогсчихоод аманд нь диктофоноо зоочих гээд буй “Ардчилал”-ын сурвалжлагч Б.Билэгтэд хандаж бусад гадаадынханд мэдэгдэхгүйгээр нэгэн үг хэлсэн юм. “Билэгтээ, чи жаахан холдоод өгөөч, наад архины чинь угаарт би согтчих гээд байна” гэж төвөгшөөж байв. Билэгттэй холбоотой хоёр дахь тохиолдол нь бидний буусан “Будапешт” буудалд болсон нэг оройны адал явдал. Би гэдэг хүн маргаашийн сонинд явуулах материалаа факсаар явуулах гээд шөнийн хоёр цагийн үед буудлын бизнес танхимд баахан сууж байгаад өрөө лүүгээ явж байв. Холбооны шугам доголдсон уу манай Гадаад яам, сонины факсын аппаратад учир байсан уу нэг цаг шахам “ухнатаж” байж таван хуудас гар бичмэлээ явуулсан юмдаг. Одоогийнх шиг интернэт, гар утас энэ тэр байхгүй нь зовлонг туулж буйн нь тэр шүү дээ. Буудлын хонгилд манай элчингийн ажилтан Батжав тааралдав. Тэр Унгарт дээд сургууль төгссөн хэл ус сайтай болохоороо өндөр хэмжээний айлчлалын гол гол ажлыг зохион байгуулж байгаа гэж бидэнд танилцуулж байсан. Гадаад яаманд ажиллаж байх үед нь ч би ажил хэргийн сайн харилцаатай, мэнд устай явдаг байв. Энэ хар шөнөөр харьж амрахгүй хаа хүрч яваа юм гэсэн чинь “Энд жижүүрлэж хонохдоо хүрээд байна” гэж байна. Танай хэвлэлийн хэсгийнхний Билэгт буудлын ресепшн, менежер нарыг хэл амаар доромжилсон энэ тэр гэж дуудагдаж ирээд байна.  Буудал хавиар эргэлддэг бүсгүйчүүдээс хэн нэгнийг нь өрөө тасалгаандаа нэвтрүүлэх гэж. Тэгээд ч өөрөө нэлээд халмагдуу болохоор нь аюулгүй байдал талаас нь буудлын ресепшн зөвшөөрөөгүй юм байх. Билэгт түүнд нь дургүйцэж, эрх дарх зөрчлөө энээ тэрээ гэж хэл ам хийж. Тэгээд өрөө тасалгаа руу явахдаа хонгилоор орилж хашгирсан гэнэ. Та нарт үйлчилж байгаа Унгарын гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч над руу яриад би ирж учир зүйг олж зохицуулаад явж байна гэв. Энэ тохиол бол бидний нялхсын өвчний л нэг илрэл. Гадагшаа тэр бүрий явж юм үзэж нүд тайлаагүй байсны л шинж тэмдэг байж. Одоо бол шал өөр болсон байх аа.  Билэгт маань ч буурь суурь сууж түүнээс хойш Радио телевизийн дарга, Тагнуулын Ерөнхий газрын дарга, өнөөдөр генералын алтан шар мөрдөс гялалзуулж цагдаагийн том армийг командлан монгол орон даяараа  дэг журам эмх цэгцийг чанд сахиулж явна. Бид ийнхүү аажмаар өсөж хөгжиж өөрчлөгдөж байна...

Хүү бид хэд маргааш нь Буда гол дээр барьсан 13 гүүрийн нэг дээгүүр трамбайгаар гарч Геллертийн ууланд байх хааны ордон руу явцгаав. Голын нөгөө эрэгт гарангуутаа хорин форинтоор тасалбар авч цахилгаан сүйх тэргэнд сууцгаалаа. Энэхүү сүйх нь хоёр гурван хүн зэрэгцээд суух хэд хэдэн шилэн бүхээг бөгөөд уул руу зорчигчдыг зөөх тээврийн нэг төрөл аж. Хааны ордонг Буда голын энэ эрэгт бүр 1247 онд Бела хэмээх хаан анхлан бариулж арван найман жилийн дараа буюу 1265 онд шинэ ордондоо заларч байсан түүхтэй юм байна. Тэр цагаас хойшхи олон хаадын үед ордон гадна дотнох байдлаа өөрчилж байж. Дайн үймээний хөлд нэрвэгдэж бүр шатаж үнс нурам болсон үе ч байж.

Туркийн болон Османы хаанчлалын үед тэдэнд эзлэгдэж цэргийн хуаран, бүр эд хогшлын агуулах, морины жүчээ ч болж байсан гэх. Австрийн эзэмшил колоничлолын үед хааны ордонг бүр мартсан байж. Сүүлд харин Унгарын хувьсгал ялснаар хааны ордоноо унгарчууд анхаарч сэргээсэн түүхтэй юм байна. Австри-Унгарын хэлэлцээр 1867 онд байгуулснаар Франц Иосиф Унгарын хаан болж энэ ордондоо заларсан аж. Автономит эрхтэй болсон Унгарын засаг захиргаа хааны ордныг өргөтгөн шинэчлэх шийд гаргаж 1875-1912 он хүртэл үргэлжилсэн дөч гаруй жилийн их бүтээн байгуулалт хийснээр хааны ордон өнөөгийн өнгө төрхөө олсон юм байна. Хаант ёсыг халснаас хойшхи цаг үед Унгарын Засгийн газар энэхүү ордонд 1920 оноос хойш байрлаж байсан түүхтэй юм байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Будапештийг Германы фашистууд эзэлж хожмоо 1944 онд Зөвлөлтийн цэрэг арми Унгарын нийслэлийг тэднээс чөлөөлөх үед энэ дайны хөлд энэхүү ордон ихээхэн сүйрсэн аж. 

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

 

Д.ЦЭДЭН-ИШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Намсрай:БИЛЭГТ ГУАЙ ГАЛЗУУРЧ БАЙЖЭЭ 2018-01-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?