Мэдээлэл гаргах тухай
Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 18-р бүлгийн орон нутгийн хурлын сонгуульд холбогдох 151-р зүйлийн 151.3, 153-р зүйлийн 153.1, 153.2, 153.3, 153.4, 154-р зүйлийн 154.1, 155-р зүйлийн 155.1, 155.2, 155.3 зүйлүүд тухайлбал:
Сонгуулийн тухай хуулийн 151.3 “Орон нутгийн хурлын сонгуульд нам энэ хуульд заасны дагуу оролцож болно.”, 153-р зүйлийн 153.1-ийн “Намыг төлөөлж тухайн аймаг, нйислэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нйислэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ.”,153.3 “Нам нь сонгуульд оролцох хүсэлтдээ дараах баримт бичгийг хавсаргана:”, 153.3.1 “...тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын сонгуульд оролцох тухай шийдвэр;”, 153.3.2 “намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;”, 153.3.3 “сонгуулийн мөрийн хөтөлбөр;”, 154-р зүйлийн 154.1 “Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана.”, 155-р зүйлийн 155.1 “Нам тухайн орон нутгийн хурлын төлөөлөгчдийн тооноос илүүгүй хүнийг орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлнэ.”, 155.2 “Нам нэр дэвшүүлэхдээ тухайн орон нутгийн хурлын сонгуулийн тойрог тус бүрт ногдсон мандатын тоотой адил тооны хүнийг нэр зааж нэр дэвшүүлэн, нийт нэр дэвшигчдийг тойргийн дугаарын дагуу дугаарласан байна.”, “155.3-ийн “Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн удирдтгал хэсгийн “Монголын ард түмэн бид:
... -хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
... -эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. “
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай IV бүлгийн 59-р зүйлийн 59.1-д “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.”, 59.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ... мөн.”, 60-р зүйлийн 60.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ.”, 61.1-д “Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна.” 62-р зүйлийн 62.1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.”, 62.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.” гэсэн заалтуудтай тус тус зөрчилдөж байна гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийг үндэслэн хянан шийдвэрлүүлэхээр хандаж байна.
Мэдээллийн шаардлага: УИХ-аас 2015 оны 12 сарын 25–нд баталсан Сонгуулийн тухай Монгол Улсын хуулийн 18-р бүлгийн орон нутгийн хурлын сонгуульд холбогдох 151.3, 153.1, 153.2, 153.3, 153.4, 154.1, 155.1, 155.2, 155.3 зүйл, заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 59-р зүйлийн 59.1, 59.2, 60-р зүйлийн 60.1, 61-р зүйлийн 61.1, 62-р зүйлийн 62.1, 62.2 дахь зүйл заалтуудтай зөрчилдөж байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү.
Үндэслэл: Үндсэн хуулийн эрх зүйн тайлбар толь / Б.Чимид 168х/ ОНӨУЁ гэдгийг
“Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн олон салаа мөчирт нийгмийн байгууллагаар илэрдэг засаг төр гэдэг нийгмийн давхраа сүндэрлэж байх сацуу, тэрхүү эрх мэдлийн ундарга болж, эцсийн дүнд түүнийг “мэдэж” байдаг Монголын иргэд нийлээд “иргэний нийгэм” гэж байгууллагыг бүрдүүлдэг. Иргэний нийгмээ дарангуйлдаг төр байх уу?, Төрөө мэддэг иргэний нийгэм байх уу? гэдэг бол ардчиллын гогцоо асуудал бөгөөд жич яривал зохих төвөгтэй асуудал гэдгийг дурьдахын ялдамд иргэний нийгэмд тус тус хамт олны амьдралын асуудал бас буйг цохон тэмдэглүүштэй. Тийм асуудлаа төрийн дарамтгүйгээр өөрсдөө шийдэхийн тулд төрийн бус өөрсдийн байгууллагаа бий болгодог, түүнийг ИТХ, ИНХ гэж нэрлэсэн хэрэг. Иймд эдгээр хурал “иргэний нийгэмд” шууд хамаардаг учир иргэний байгууллага мөн.”гээд 192х 4.1.1-д Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ялангуяа сум/-ын сонгуульд төвөөс, намаар дамжин төрөөс хутгалдан, дарамт үзүүлдгийг хориглож хүмүүс нэтаг дэвсгэрийн хамт олны гишүүн-улсынхаа иргэнийхээ хувьд өөрсдөө зохион байгуулж, мэдэж, өөрсдийн хүссэн хүнээ төлөөлөгчөөрөө сонгодог нөхцөл бүрдүүлэх нь чухал.
Логикийн хувьд 1992 оны Үндсэн хуулийг батлах үед бага хурлын гишүүд нийгмийн удирдлагын тогтолцоог, босоо тогтолцоотой төрийн удирдлага, хэвтээ тогтолцоотой өөрөө удирдах ёсон хоёр хэлбэрийн огтолцлолыг орон нутгийн нэгжийн хосолсон удирдлага гэж ойлгож, үүнийг чиг баримжаа болгон хуульчилсан байна.
Хэл зүйн хувьд үгчилэн тайлбарлавал “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.” гэж заасны “хослуулах” гэдэг үгийг Монголчууд “Хар цагаан”, “шар ногоон”, “эр эм”, “арга билэг” гэх мэтээр эрс тэс бус ч ижил төстэй бус гэдгээр хоёр өөр зүйлийн хамтаар орших хэлбэр гэж ойлгож ярьж ирсэн байна. Энэ нь байгуулагдах арга хэлбэрийн хувьд өөр байна гэсэнтэй агаар нэг юм. Төр улс төрийн намаар дамжин байгуулагдахаар Үндсэн хуулинд хуульчлагдсан, тэгвэл хослох байгууллага нь намгүйгээр байгуулагдах ёстой гэж ойлгох ёстой болж таарна. Мөн холилдож болохгүйг онол, түүх, номлол хэлж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр намын дарга, гишүүд төрийн төлөөлөл ЗД, иргэдийн төлөөлөл ИТХ хоёрыг хоюуланг нь эзэгнэж болохгүй гэдгийг хэлж байна гэж ойлгож болно.
Нөгөөтэйгүүр “Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-г намын төлөөлөгчдийн хурал гэж хоёрдмол утгаар ойлгох боломжгүй билээ.
“Иргэдийн төлөөлөгчдийн хурал” гэдгийг түүхчилж /угчилж/ тайлбарлавал:
Иргэний нийгмийн тухай үзэл санааны анхлан сэдэгчид, төрийн үндэс суурь, бас түүний дур зоргыг хязгаарлан тогтоогч хүч, иргэний нийгэм хувийн ашиг сонирхлыг, төр нийтлэг ашиг сонирхлыг уриа болгодог, хувийн болон нийтлэг ашиг сонирхол дан ганцаар хэзээ ч үл оршино, үл хэрэгжинэ гэсэн нэгдмэл байр суурьтай байсныг төвөггүй харж болно.
Нутгийн өөрөө удирдах ёсны онолын үндсийг тавихад Д.Морган, А.Токвиль, Л.Штейн, Р.Гнейст нарын эрдэмтэд чухал үүргийг гүйцэтгэсэн гэж үздэг. Эрдэмтэн А.Токвиль өөрийн бүтээлдээ “Засаглалын анхдагч үндэс нь төр улс, тэр ч байтугай ард түмэн биш, харин өөрсдийн хувийн хэргийг өөрсдөө зохицуулж, сайн дурын үндсэн дээр нэгдсэн бие хүмүүс мөн” хэмээн тэмдэглэсэн байна.
XIX зууны эхний хагаст эрх чөлөөт хүй элгэний /нутаг усныхны/ тухай онол илүү нөлөөтэй байлаа. Уг үзлийг баримтлагчид нь “ нутаг усныхны өөрийн ажил хэрэг, ахуй амьдралаа эрхлэх нь хүний эрх чөлөөний нэгэн адил зүй ёсны ангижруулшгүй шинжийг агуулж байдаг ба хүй элгэний удирдлага нь
Суурин соёл иргэншилтэй орнуудын хувьд өөрөө удирдах ёсны эрх олж авах үзэгдэл анх хот суурин газруудад эхэлж бий болсон байдаг.
Манай орны хувьд нутгийн өөрөө удирдах ёсны зарчим анх албан ёсоор хуульчлагдсан хэлбэрээр бус ч гэсэн зан заншлын хэлбэрээр эрт үеэс хөдөө орон нутагт үйлчилж байсан гэж үзэх үндэстэй. Энэ нь эхэн үедээ цусан болон ураг төрлийн харилцаанд цаашдаа шашин, зан заншил, орон нутгийн аж ахуй эрхлэх буюу хадлан тэжээл бэлтгэх, хашаа хороо барих, худаг ус гаргах зэргээр соёл, уламжлал, аж ахуйн нилээд өргөн нийтлэгт тулгуурласан нэгэн нутаг усны хүмүүс хамтын зохион байгуулалтад орж өөрсдийн эрх ашигт нийцүүлэн, өөрсдийн хүчээр үйл хэргээ явуулах зайлшгүй шаардлагаар нөхцөлдөж байсан. Ингэж хүмүүс байгалийн жам ёсны байдлаас иргэний нийгэмд шилжиж эхэлсэн байна.
Ардын засгийн газраас 1923-аас 1925 онд “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм , “Их шавийн захиргааны дүрэм”, Ховдын харъяат газрын захиргааны дүрэм”,“Дарьгангын нутгийн захиргааны дүрэм”, “Улаанбаатар хотын захиргааны газрын дагаж явах дүрэм”- ийг баталжээ.Эдгээр дүрмийг үндэслэн засаг захиргааны байгууллага байгуулах ажил амжилттай явагджээ.”Монгол улсын нутгийн захиргааны дүрэмийн нэгдүгээр зүйл”-д ….арван гэрээс дээш баг, сум, хошуу , аймаг , улсын засгийн газар хүртэл тус тусын ардын төлөөлөгчдийг сонгон хуралдуулж, дэс дараалан хурал байгуулан, элдэв хэрэг зүйлийг шүүмжлэн хэлэлцүүлж, олонхийн саналаар таслан тогтоож, ардын эрхийг эрхэмлэн хүндэтгэвэл зохино”[6] гэж заажээ. Үүний дагуу Хурлуудыг сонгон байгуулах ажил явагдаж орон нутгийн засаг захиргааны хуваарьт үндэслэсэн арван гэр, баг , сум , хошуу , аймгаас үүссэн хурал ба тэдгээрийн гүйцэтгэх байгууллагын нэгдмэл систем бүрэлдэн тогтожээ.1924 онд Улсын Анхдугаар Их Хурал хуралдаж эхэлснээр нэгдмэл систем бүрэлдэн тогтсон гэж үздэг байна. Энэ систем нь арван гэрийн , багийн , сумын , хошууны , аймгийн Хурал болон Улсын Их Хурал гэсэн 6 шатлалаас бүрддэг байжээ.
Ардын депутатуудын Хурал / АДХ / -ын систем нь 3 шатны 7 төрлийн хурлаас бүрдэж үйл ажиллагаагаа явуулдаг байжээ.
· Дээд шат – Ардын Их Хурал
· Дунд шат – Аймаг, хотын АДХ
· Доод шат – Сум, хороо, район, орон нутгийн хотын АДХ
Эдгээр хурлын системын тогтолцоо нь 1992 он хүртэл хэрэгжээд цоо шинэ тогтолцоонд шилжсэн юм. Өмнөх үеийн бүх шатны АДХ-д нэгдэж засаг төрийн эрх барих төлөөлөлөгчдийн байгууллагын нэгдмэл системийг бүрдүүлж байжээ.
Энэ үеийн системийн онцлог нь нэгдмэл систем бөгөөд мөн Хурал бүр нь нэгдмэл системийн нэг хэсэг болж ажилладагт бас нэг онцлог нь оршиж байжээ. Орон нутгийн АДХ-ын системийн дээд шат нь 1960 оны Үндсэн Хуулийн 5-р бүлгийн 46-р зүйлийн заалтын дагуу байгуулагдсан 18 аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойр хотын 22 хурлаас бүрддэг байжээ. АДХ-ын үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр нь чуулган, байнгын комисс, депутат, гүйцэтгэх захиргааны үйл ажиллагаа байжээ. Үүгээр АДХ-ын тасралтгүй үйл ажиллагааг хангаж иржээ. Аймаг, хотын Хурлын эрх хэмжээний нэг хэсэг нь анхан шатны Хурлыг удирддаг байжээ. АДХ-ын чуулганыг тухайн хурлын гүйцэтгэх захиргаа зарлан / аймаг, хотын АДХ –ыг жилд 2 удаа , анхан шатны АДХ-ыг жилд 3 удаа / хуралдуулдаг байснаас харахад дэлхийн нийтийн хандлага, манай үе үеийн НӨУЁБ-ууд иргэдээс байгуулагддаг байжээ гэж ойлгож болно.
НӨУЁ-ны онолын хувьд Нутгийн өөрөө удирдах ёсны тухай онолын урсгалыг “Чөлөөт хүй нэгдэл /община/-ийн”, “Нийгмийн”,Төрийн”, ”Дуализмын”, Нийгмийн үйлчилгээний” гэсэн таван чиглэлд ангилан авч үздэг байна.[5]
Чөлөөт хүй нэгдэл /община/-ийн онол
Нутгийн өөрөө удирдах ёсны онолын үндсийг бий болгоход 19-р зууны
Германы гарамгай эрдэмтэд Гнейст,Штейн,Лабанд нар нилээд хувь нэмэр
оруулжээ.
Эдгээр эрдэмтэд нутгийн өөрийн удирдлагын мөн чанарт тулгуурлан
чөлөөт хүй нэгдэл/община/-ийн онолыг дэвшүүлэн тавьсан байна. Энэ үед Европын орнуудад ч гэсэн Үндсэн Хуульт ёсны төлөө хөдөлгөөн өрнөсөн нь тэр үеийн хүнд сурталтай хэцүү тогтолцооноос салах гэсэн орон нутгийн тэмцэл нь чөлөөт хүй нэгдлийн онол дэлгэрхэд чухал түлхэц болжээ. Белги/1831он/-ийн Үндсэн хуульд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын зэрэгцээгээр дөрөв дэхь засаглал болгож нутгийн өөрийн удирдлагын тухай тусгай бүлэг бий болгосон нь цаашид нутгийн өөрийн удирдлагыг Үндсэн хуулийн хүрээнд хөгжүүлэхэд чухал алхам, хувь нэмэр болсон байна.
Нийгмийн онол
Энэ онолын урсгал нь общины онолын адил төр, нийгмийн хоорондох зөрчилт байдлаас үүссэн байна. Нийгмийн онолоор бол нутаг дэвсгэрийн бие даасан хамтлаг, холбоонууд өөрийн зорилгоо төрийн байгууллагуудаас хараат бусаар хэрэгжүүлэх ёстой гэж үздэг байсан байна. Энэ нь төр, орон нутгийн хооронд зөрчилдөөн болон үл ойлголцох байдлыг үүсгэж цаашид төрийн болон нутгийн удирдлагын эрхлэх чиг үүргийг хатуу зааглаж тогтоож болдоггүйг амьдрал харуулжээ. Гэхдээ энэ онол нь нутгийн өөрөө удирдах байгууллага нь бие даасан мөн тухайн нутаг дэвсгэрийн ашиг сонирхлыг илэрхийлэгч байгууллага байх ёстой гэжээ. Энэ нь төрийн байгууллага биш гэдгийг гаргаж тавьснаар нутгийн өөрөө удирдах ёсны онолын хөгжилд том хувь нэмэр оруулсан юм.
Төрийн онол
Германы эрдэмтэн Фон Лоренц Штейн, Рудольф Гнейст нар нийгмийн онолын сул талыг харгалзан үзэж эдгээр үзэл баримтлалд тулгуурлан нутгийн өөрийн удирдлагын төрийн онолыг бүтээжээ. Энэ онолоор бол нутгийн өөрийн удирдлага нь төрийн удирдлагын орон нутгийн зохион байгуулалтын нэг хэлбэр юм гэж тодорхойлжээ. Ийм болохоор нутгийн өөрөө удирдах ёсны бүхий л бүрэн эрх нь төрөөс зөвшөөрсөн төрийн засаглалаас эх сурвалжтай гэж үздэг байна. Нутгийн удирдлага нь төрийн удирдлагаас ялгаатай нь түүнийг нутгийн бие даасан хамтлаг болон нутгийн иргэд хэрэгжүүлдэг байна. Р.Гнейст, Л.Штейн нар нутгийн өөрөө удирдах ёсны төрийн онолын хүрээнд харилцан ялгаатай 2 үндсэн чиглэл /улс төрийн-Гнейст ,хуулийн-Штейн /-ийг томъёолон гаргасан байна. Л.Штейн нутгийн өөрийн удирдлагын бие даасан байгууллагыг байгуулах бөгөөд тэр нь төрд шууд хамаарахгүй боловч төрийн зөвшөөрсөнөөр төрийн удирдлагын тодорхой зорилт, чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж үзжээ. Олонхи эрдэмтэд Л.Штейны хандлагыг дэмжсэн байна. Тэдний үзсэнээр нутаг дэвсгэрийн бие даасан нэгдэл/корпорация/ нь төртэй харилцахдаа нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн эрхтэй оролцох явдал юм Орчин үеийн гадаадын эрдэмтдийн үзэж байгаагаар орон нутагт төрийн удирдлагын төвлөрлийг сааруулсан хэлбэр болно
Дуализмын онол
ХХ зууны эхээр төрийн онолын дараа дуализмын онол нь төрийн болон нийгмийн онолын давуу талыг авч гарч иржээ. Энэ онолоор цэвэр нутгийн өөрөө удирдах ёсны өөрийнх нь ажил хэрэг ба орон нутгийн түвшинд төрийн тодорхой чиг үүргийг төрийн захиргааны байгууллага шиг бие даан хэрэгжүүлдэг хоёрдмол шинжийг илэрхийлдэг гэж үздэг байна. Энэ хоёрдмол шинж нь дэлхийн олон орны Үндсэн хуульд болон Европын хартид тусгалаа олжээ. Энэ нь нутгийн өөрөө удирдах ёсны хөгжлийг тодорхойлох гол зарчим ч гэж болох юм.
Нийгмийн үйлчилгээний онол
Энэ онолын онцлог нь нутгийн өөрийн удирдлагын үйл ажиллагааны гол зорилго бол нутаг дэвсгэрийн оршин суугчдын сайн сайхан байдлыг хангах явдал гэж үзжээ. Мөн оршин суугчдадаа үйлчилгээ үзүүлэх ньнутгийн өөрийн удирдлагын үүрэг гэж үздэг байна. Эдгээр онолын сургаал, чиглэлүүд нь өөрийн давуу болон сул талуудтай тул тухайн орны төрийн байгууламж болон тогтолцооны хэв маяг, хэлбэр, тухайн орны хүмүүсийн уламжлал, иргэдийн аж төрөх ёс, зан заншил зэрэг олон хүчин зүйлтэй холбон өөрийн оронд аль нь үр дүнтэй, амьдралд нийцэх хэсгийг сонгон авч нутгийн өөрийн тогтолцоондоо тусгаж хэрэгжүүлсээр иржээ.
1992 оноос 2008 оныг хүртэл төрийн захиргааны албан хаагч шат шатны ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, нэг талаас төрийн удирдлагаа ч хэрэгжүүлж, нөгөө талаас нутгийн өөрөө удирдах ёсыг ч хэрэгжүүлж ирсэн. Энэ нь аймгийн түвшинд Засаг даргын Тамгын Газрын(Цаашид ЗДТГ) хэлтсийн дарга нар, ЗДТГ-ын харъяа агентлагийн дарга нараас олонх нь бүрдсэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар олгогдсон эрхээ бүрэн хэрэгжүүлж ажиллан, иргэдээ төлөөлж чадаж байсан эсэх нь эргэлзээтэй.
Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээр засаг даргын ажлыг үнэлэх ч эргээд ЗДТГ-ын хэлтсийн даргын, харьяа агентлагийн даргын ажлаа дүгнүүлэхийн тулд Засаг даргад “сайн” хандаж ирсэн муу туршлага байсныг үгүйсгэхгүй. Орон нутгийн түвшинд Засаг даргынхаа ажлыг хэрхэн үнэлэхээс өөрсдийнх нь ажлын үнэлгээ шалтгаалдаг байсан нь нууц биш юм. Энэ тогтолцоог 2008 онд төрийн албаны хууль болон орон нутгийн сонгуулийн тухай хуулиар өөрчилж өгснөөр 2009 оны 1 сарын 1-ний өдрөөс төрийн албан хаагч улс төрийн намын гишүүнээс түдгэлзэж, үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ...” гэсэн заалт бүрэн утгаараа хэрэгжиж эхэлнэ гэж ихэнх нь ойлгосон. Харамсалтай нь тэгж чадаагүй юм.
Аймаг, ялангуяа сумын түвшинд оюунлаг хэсэг намуудад хуваагдсанаас, чадварлаг боловсон хүчин нэр дэвшигчийн хомсдол үүсч 2012 оны аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д “Нам, эвсэл аливаа нэг намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно” гэсэн заалт орсны дагуу өнөөдөр төрийн үйлчилгээний албан хаагчид улс төрийн намаас нэр дэвшиж, шат шатны ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, улс төрийн намын бүлэгт харьяалагдан ажиллаж байгаа нь төрийн албаны тухай хуулийн “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх...” гэсэн 10 дугаар зүйлийн 10.6 дахь заалттай зөрчилдөж байгаа бөгөөд орон нутаг дахь намчирхлыг далдуур өдөөн турхирсан зохицуулалт болж, төрийн албаны тогтвортой байдал, төрийн албан хаагчийн улс төрөөс ангид байх сэтгэхүйг төлөвшүүлэхэд ноцтой нөлөөлж байгаа юм.
Энэ нь нөгөө л нэг гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа нөхдүүд шат шатны ИТХ-ын төлөөлөгч болчихоод Засаг даргынхаа ажлыг үнэлж байсан, эргээд засаг даргадаа ажлаа үнэлүүлж байсан 2008 он хүртэлх голдрил руу эргэн ороход хүргэсэн юм.
Нутгийн өөрөө Удирдах байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх субьект бол Засаг дарга. Төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч субьект болох Засаг даргыг томилуулах, чөлөөлүүлэх, огцруулах талаар Хурлын эдлэх эрх хэмжээг ч хуульчилж өгсөн.
Иймээс нэг талаасаа иргэдийн төлөөлөл, нөгөө талаасаа төрийн төлөөллийг нэг субьект хийгээд байх нь хамгийн оновчгүй буруу хувилбар болж байгаа юм.
/Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг/
Анхан, дунд шатанд ч “давхар дээлтнүүд”
Дүүргийн орлогч дарга нь дүүргийн Засаг даргынхаа өмнө ажлаа хариуцчихаад дараа нь ИТХ-д орж өөрийнхөө ажилд үнэлэлт дүгнэлт өгөх болж байна.
Ийм гулсдаг албан тушаалтнууд Үндсэн хуулийн 2 институцийн хооронд гулсан ажиллаж байна.
Энэ нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах бус холилдох ёс болгосны жишээ юм.
Ийм байдлыг яаж засах вэ. “ИТХ-ын төлөөлөгч нь тухайн хуралд тайлагнадаг байгууллагад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн хатуу тогтоосон заалт оруулж өгөх шаардлагатай байна. Улс төрийн намууд орон нутгийн сонгуульд оролцохыг хориглосон тохиолдолд намчирхсан хуваагдлаас үүссэн нэр дэвшигчийн боловсон хүчний зохиомол хомсдол арилах юм.
5.Төрийн ба намын харилцан хамаарал бүхий эрх мэдэл.
Сум, дүүргийн Засаг дарга нь ихэвчлэн тухайн нэгжийн намын хорооны дарга байдаг. ИТХ-д намаас нэр дэвшүүлж, ИТХ бүрэлддэг. Бие даан нэр дэвшээд сонгогдсон ч ИТХ-д байр суурь төдийлөн сайн биш. Ийнхүү олон суудал авсан нам сум, дүүргийн Засаг даргад намын хорооны даргаа дэвшүүлдэг. Сумын Засаг дарга нь намын дарга, бас давхар сумын ИТХ-ын төлөөлөгч байх жишээтэй. Намын бодлогоор дэмжүүлж сонгогдсон ИТХ-ын дарга нь нам улс төрийн эрх мэдлийн хувьд намын хорооны дарга буюу сум, дүүргийн Засаг даргаас доогуур, хамаарал бүхий байдаг. Харин ИТХ-ын дарга эрх мэдэл талаасаа Засаг даргаас дээгүүр. Ийм тогтолцоотой нэгжид удирдлагыг тохиролцох, хуйвалдах хэлбэрээр л хэрэгжүүлэх болдог.
6. Иргэн төрийг удирдах хэрэгт оролцох эрхээ хэрхэн эдлэх вэ.
Төлөөллийн байгууллага буюу ИТХ – ИРГЭН 2-ын хоорондын уялдаа холбоо ямар түвшинд байна вэ.
Иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. /МУҮХ 16.9/,
Манай улсад нутгийн өөрийн удирдлага жинхэнэ утгаараа хэрэгжиж байна уу? гэвэл би үгүй гэж хариулна. Яагаад?
Одоогийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал маань өөрийн заяагдмал төлөв байдлаасаа гажиж “Намуудын төлөөлөгчдийн хурал” болсон гэж Ш. Цогтоо нутгийн удирдлага сэтгүүлийн 2014 оны №2-т бичсэнтэй би санал нэг байна.
Нутгийн өөрийн удирдлагын талаарх олон улсын нийтлэг жишгийг гажуудуулсан нь өнөөдөр нэг аймаг, сум, багийг намын харъяаллаар хэсэгчилэн хувааж, ашиг хонжоо хайгчдын бүдүүлэг ёс монголын эмгэнэл болсон нь туйлын харамсалтай.
Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь тухайн орон нутгийн уугуул иргэд, оршин суугчид өөрсдийн нутаг дэвсгэрийн хэмжээний асуудлыг өөрсдөө бие даан хэлэлцэн шийдвэрлэх ардчилсан иргэнлэг нийгмийн илэрхийлэл мөн гэж тодорхойлж болно. Нутгийн Өөрөө удирдах байгууллага бол Төрийн бус статустай бөгөөд нутгийн иргэдийн чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулагдсан Үндсэн хуульт ёсны бүрэлдэхүүн хэсэг буюу иргэний байгууллага гэж үзэж болно.
М. Батдорж
БХИС-ийн Цэргийн Командын сургуулийн
Төрийн захиргаа эрхзүйн танхимын багш
Нутгийн өөрийн удирдлага гэдэг нь өөрийн удирдлага, нутаг дэвсгэр бүхий коммунаас/хүй элгэн/ өөрийн хариуцлага дор төрийн хэргийн үлэмж хэсгийг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд шийдвэрлэх, удирдлагыг хэрэгжүүлэх бодит эрх, чадвар юм.
Нутгийн өөрийн удирдлага нь тодорхой засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хүн амын эрх, ашиг сонирхол, ажил хэргийг хамаарах ба энэ нь үндэсний засаглалын түвшин дэх улсын иргэдийн нийтлэг ашиг сонирхлыг хангах үйл ажиллагаатай тэр бүр нийцэх албагүй байдаг. Орон нутаг бүр өөр өөрийн нийгэм, эдийн засгийн онцлог орчин нөхцөл, давуу сул талуудтай байхаас гадна тэнд амьдарч буй хүмүүсийн үнэлэмж, төрийн үйлчилгээ хүртэх хэрэгцээ, шаардлага, үйлчилгээг тэдэнд хүргэх арга замууд нь ялгаатай буюу улсын нөгөө хэсэгт амьдарч буй хүмүүсийнхтэй яв цав тохирдоггүй. Энэхүү ялгаатай нөхцөлд ард иргэдэд үйлчилгээг ойр дөхөм байлгах, оновчтой хүргэх, ардчилсан зарчмаар засаглах, иргэдийн ашиг сонирхлын дагуу улс төрийн шийдвэрийг гаргаж байх зэрэгт нутгийн өөрийн удирдлага нь онцгой үүргийг гүйцэтгэдэг.
Эх үүсвэр: “Монгол улсад нутгийн өөрийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх нь” МУ-ын Засгийн Газар/МНУХ 2003
Английн философич Джон Локк “...улс төрийн болон иргэний нийгэм хоёул нийгмийн гэрээний үр дүн” гээд иргэний нийгмийг төрд тэдгээрийг сөргүүлэн тавьж, засгийн газар, иргэний нийгмийн хоорон дахь ялгааг тодруулахыг оролдсон байна. Мөн тэрээр засгийн газар иргэний нийгмийг бус, харин иргэний нийгэм түүнийг нөхцөлдүүлнэ, иргэний нийгмийн үндэс бол өмч, хүмүүс өмчөө хамгаалахын тулд төр улсыг байгуулдаг гэж дүгнэсэн байдаг. /www.philosophybasics.com/
Германы философич Гегель хувийн ашиг сонирхлыг хувь хүн, иргэний нийгэм, харин нийтлэг ашиг сонирхлыг төр, улс төрийн нийгэм, төлөөлдөг учир, төр, иргэний нийгмийн хоорондын хил хязгаарыг хатуу тогтоох санаачилга гаргасанд түүний гавъяа оршдог гэж үздэг. Мөн Гегель “иргэний нийгмийн хөгжил төрийн хөгжлөөс хоцорч байдаг хэдий ч иргэний нийгэм бол гэр бүл, төрийн хоорон дахь ялгарал мөн. Тэрхүү ялгарлын мөн чанар нь төр байх ёстой байр суурь дээрээ бие даан орших явдал ” гэсэн нь гэр бүлээс эхлэн иргэний нийгмийн институтууд төрөөс хараат бус байх тухай асуудал юм. Нийгэм ялгаралд орох нь ямар нэг эрх мэдэлтний дур зоргоор ноёрхохыг хязгаарласан нийгмийн хамгийн найдвартай, зүй ёсны механизм билээ. /Арсений Гулыга Философийн намтар 1994 “Гегель” 3-р бүлэг, 62-66х/
Иргэний нийгэм, төр нэгдэлтэй оршихын хамт харилцан бие биеэ хянаж, тэнцвэржиж байдаг нийгмийн жам ёсны хоёр хүч мөн. Төрийг Левиафан (далайн домгийн амьтны нэр, монголоор Мангас) болгочихгүй сөрөн зогсож чаддаг цорын ганц хүч нь иргэний нийгэм юм. Нөгөө талаас, иргэний нийгэм өөрөө хувийн ашиг сонирхлын үндсэн орчин учраас хүмүүсийн байгалиас заяасан тэгш бус ашиг сонирхлын туйлшралаас ангид байж эс чадна. Энэ байдал хяналтгүй үргэлжилвэл нийгмийн үндэс эвдэрнэ.
Иймд хувийн ашиг сонирхлын туйлширлаас сэргийлэн хамгаалах хүч бол төр бөгөөд энэ нь эрх зүйн аргаар зохицуулах цорын ганц зөвшөөрөгдсөн субьект юм.
Иймээс төр, иргэний нийгэм нэгдэлтэй төдийгүй, зөрчилтэй оршдог сөрөг хүчин юм.
Иргэний нийгмийн хүч хэт давамгайлвал нийгэм анархизмд, төр /нам/ хэт хүчирхэгжвэл тоталитаризмд хүрнэ. Бие биеэ хуулийн хүрээнд харилцан хянах нь хамгийн зохист зам юм. Үүнд төр, иргэний нийгмийн нэгдэл (ашиг сонирхлын) ба зөрчил (хүчний) оршино. Төр хийгээд иргэний нийгмийн энэхүү шүтэн барилдлага ардчилсан нийгэмд тэнцвэртэй байж, хоорондын харилцааны эрх зүйн механизм нь төлөвшсөн байдаг бол ардчилсан бус улсад иргэний нийгэм идэвхгүй, аймшгийн сэтгэл зүйд автсан, эсхүл төрийн эсрэг хэт сөрөг хүчин болж хувирдаг.
/Төрийн онол 2005 Н.Лүндэндорж 109-111х/
Монгол улсад төр, иргэний нийгэм хоёул улс төрийн намаар байгуулагддаг нэг л эх сурвалжтай болоод удаж байна. Төрийн эрх мэдлийн төлөө уралддаг нь улс төрийн намуудын гол зорилго бөгөөд үүнийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж хэлбэржиж, хуульчлагдсан байдаг. Харин иргэний нийгмийн байгууллагууд улс төрөөс ангид байж, бие даан, тогтвортой хөгжих нь Кантын иргэний нийгмийн тухай сургаальдаа тодорхойлсноор эрх чөлөө, нийгмийн хөгжлийн жам ёсны төлөв байдалтай холбон үзэх хэрэгтэй болдог. Монголчууд бидний арга билэг, түүний зохицол лугаа адил юм.
Монгол улсад иргэний нийгмийн байгууллага гэдэгт сум, дүүрэг зэрэг орон нутгийн хурлуудаас гадна, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, салбарын болон сонирхлын нэгдлүүд мөн нутгийн зөвлөл ч багтана. Харамсалтай нь иргэний нийгмийн байгууллагуудын хөгжлийн тухай 20 гаруй жил яриад, хэлбэржиж, хөгжиж, төлөвшиж чадахгүй байгаа юм. Төрөөр бэхжсэн намуудын хүчирхийлэл дор иргэний нийгмийн байгууллага хөгжих боломжгүй байдаг байна. Шалтгаан нь маш энгийн бөгөөд ардчиллыг ч тэр, иргэний нийгмийн байгууллагуудыг хөгжүүлье л гэвэл улс төр, намуудын зохист хэмжээнээсээ давсан оролцоог хязгаарлах ёстой аж. Ийм оролдлого европын болон бусад олон оронд байнга өрнөдөг гэнэ.
Манайд улс төрийн намын нөлөөлөлгүй ТББ байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй болтлоо намчирхжээ. Иргэний нийгмийн байгууллагуудыг улс төрийн нам эсхүл намын зүтгэлтний санаачилгаар, улс төрийн сонирхлоор үүсгэн байгуулдаг. Жишээ нь:
Санамсаргүй сонголтоор аль нэг аймгийн ТББ-дыг авч үзье.
Үр дагавар: Сум, дүүргийн иргэдийн хурлын үндсэн чиг үүргийг Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 18-р зүйлийн 18.1.Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:
18.1.1.....г/Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах;
д/ сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;
к/ хууль тогтоомжийн хүрээнд Хурлын төсвийг батлах.
18.1.2.нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар:
а/ нутаг дэвсгэрийн хөгжлийн дунд хугацааны бодлого болон жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах;
/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
б/ Засаг даргын өргөн мэдүүлснээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах;
д/ хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох;
ж/ бүс нутгийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй хамтран ажиллах тухай гэрээ, хөтөлбөр, бусад баримт бичгийг батлах;
з/ нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах;
к нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх;
л/ тухайн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээ нь хүн ам, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол энэ тухай Засаг даргын мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах, шаардлагатай бол хууль тогтоомжид нийцүүлэн журам тогтоож мөрдүүлэх;
18.1.3 а/ орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх;
б/ орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хамаарах эд хөрөнгийн жагсаалтыг батлах, хууль тогтоомжид заасан журмын дагуу түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах;
в/ орон нутгийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, орон нутгийн бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах;
г/ орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн тогтоох;
д/ орон нутгийн өмчийн эд хөрөнгийг нийтийн зориулалттай өмчид, эсхүл өөр өмчид шилжүүлэх журмыг тогтоох;
е/ орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн эд хөрөнгө, хувьцааны өөрт ногдох хувийг тодорхойлох, түүнчлэн тухайн орон нутгийн төсвийн хөрөнгө, бэлтгэл нөөц, бусад үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журмыг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох;
ж/ орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах;
з/ орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эд хөрөнгөөс бусад өмчийн этгээдтэй хамтран хуулийн этгээд байгуулах, хөрөнгө оруулах, оруулсан хувь хөрөнгөө татан авах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх;
к/ орон нутгийн өмчит хуулийн этгээдээс дагаж мөрдөх журам, төлөвлөлт, ашиг орлогын хуваарилалт, цалин хөлсний норм, нормативыг тогтоох;
л/ орон нутгийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт шалгалтыг зохион байгуулах;
м/ орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бий болгох талаар тухайн Хурлаас Засаг даргад олгох эрх хэмжээг тогтоох, хяналт тавих;
н/ орон нутгийн өмчийн төлөөлөгчийн эрх хэмжээ, ажиллах журмыг тогтоох.
18.2. Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар/
18.3.Сум, дүүргийн Хурал нь хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26 дугаар зүйл. Засаг дарга, түүнийг томилох
26.1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн.
26.2. Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.8 Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга тухайн Хурлын болон дээд шатны Засаг даргын өмнө, аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн Хурлын болон Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцна.
26.9 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлаа тухайн Хуралд, баг, хорооны Засаг дарга иргэдэд тус тус жил бүр тайлагнана.
Мөн 26-р зүйлд засаг дарга нарын нийтлэг бүрэн эрхийг тодорхойлж,
36.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ Хурал, түүний Тэргүүлэгчидтэй дор дурдсан журмаар харилцана:
36.1.1. Хурал, түүний Тэргүүлэгчдээс хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж дүнг тайлагнах;
36.1.2. Хууль тогтоомж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, түүний үр дүнг жил тутам Хуралд тайлагнах;
36.2. Сум, дүүргийн Хурал, Засаг даргын хооронд үүссэн маргааныг аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргатай зөвшилцөн, аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргын хооронд үүссэн маргааныг нутгийн удирдлагын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус шийдвэрлэнэ. гэж заасан байдаг ч бүх иргэдийн төлөөлөгчдийн хуралд нам зонхилж, улмаар бүх ТББ, нутгийн зөвлөлийг хүртэл нам залгисан байна.
Амьдрал дээр ОНӨУЁ-ны байгууллага болох иргэдийн хурлууд мөн л засаг төрийн адил улс төрийн намаас нэр дэвшигчдээс байгуулагдаж, 100 хувь намуудын бүлгүүдээс байгуулагдаж ирсэн нь төр, иргэний нийгмийн байгуулагуудын хоршин, хослон ажиллах, бие биедээ хяналт тавих, аль нэгний давамгайллыг сөрөн зогсох чадварыг үгүй болгож, улс төр түүнийг байгуулдаг намуудын хүч түрэлтийг зогсоож хүчрэхгүй болоод зогсохгүй улам гааруулж, орон даяар хавтгайрсан намчирхлыг өрдөгч болж хувирсан байна.
Нийгмийн хөгжлийн иргэншсэн төлөв байдлыг иргэний нийгэм, эрх чөлөөний орчин гэж Ж.Руссо тов тодорхой тодорхойлсон байдаг. Энэ шалгуураар дүгнэвэл Монгол Улсад иргэний нийгэм хөгжөөгүй төдийгүй, эрх чөлөөний орчин эргэлзээтэй байна гэж үзэж болохоор байгаа юм. Сонгуулийн эрх чөлөө намуудын хэт оролцоогоор үгүй болсон гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрдөг нь үүний тод жишээ юм.
Үүний үр дүнд: Өнөөдөр МАН, АН, МАХН, МҮАН, ИЗНН, БНН, ЭХ Орон Нам, ХҮН гээд орон даяар 800,000 хүн 28 намаар дамжин намчирхан улс төржиж байна. Сонгуулийн насны 2 сая иргэдээс 1 сая нь улс төрийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцдог боллоо.
Сонгуульд ялсан нам засгийн эрхийг барихдаа намынхаа гишүүдийг албан тушаалд томилохыг урьтал болгодог, шагнал, урамшуулал, төсөл хөтөлбөр, халамж, дэмжлэг бүгд намын харъяаллаар шийдэгддэг нь намчирхал талцлыг дэвэргэдэг гол хүчин зүйл болжээ.
Томилогдсон хүмүүсээрээ дамжуулан намаа санхүүжүүлнэ. Үндэсний сүлжээ байгуулсан нам 2000-аад баг, 200-аад хороодын 5000-8000 хүнийг тогтмол санхүүжүүлэх шаардлага гардаг нь намын халхавчинд нуугдсан авилгын сүлжээг өөгшүүлж ирсэн байна.
Орон нутагт ялагдсан намынхан гудманд гарч, тэдний хүрээллийнхэн болон гэр бүл, хамаатан саднаараа хэлмэгдэнэ. Ялагдсан намын ажлаасаа шахагдаж гарсан хүмүүс сөрөг хүчин болж, эрх баригч хүчнийг муулах тал дээр ажилладаг. Энэ нь эцсийн дүндээ Монгол төрийн нэр хүндийг унагах, төрийн бодлогын залгамж чанарыг сарниулж, тогтвортой хөгжлийг сааруулдаг.
Эрх баригч намуудын сайн, муу бүх ажлыг муулах нь сөрөг хүчний үндсэн үүрэг байдаг. Энэ нь олон ургальч үзлийг уралдуулах бус сөргөлдсөн ард түмнийг бий болгож байна. Намчирхсан талцал сум, дүүрэг баг, хороо, байгууллага, өрх гэрт орж ирлээ. Сумын иргэдийг намын харьяалалтай болгосноор иргэд хоорондоо талцах, үүнээс үүдэн ялагдсан намуудын боловсон хүчин ажилгүй болж төв суурин газар бараадаж, мөн шахалт дарамтанд байгаа ах дүү нараа татдаг нь нийслэлийн хэт төвлөрлийн нэг том шалтгаан болж байна.
Улс төрийн үзэл бодол төлөвшөөгүй сургуулийн сурагчдыг хүртэл намуудад хувааснаар цөөхөн хүн амтай орон нутагт сонгуулийн эрх чөлөө хумигдаж итгэл үнэмшлээрээ бус намын гишүүнчлэлээр сонгуульд санал өгдөг боллоо. Эцсийн дүндээ орон нутгийн иргэд ахуй амьдралаа умартан хийрхсэн намчирхал, улс төржилтөд татагдан оржээ.
Намууд бүх шатны сонгуульд ялахын тулд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд ТББ, мэргэжлийн холбоод, шашин сүм, хийдүүдийг хяналтандаа авахаар улайран зүтгэх боллоо. Фридрих Эбертийн сан, Сургалт, судалгааны Прогноз төвийн тайлан. Ялангуяа сонгуульд ялахын тулд янз бүрийн уламжлалт бус шашны байгууллагуудыг байгуулахыг дэмждэг, санхүүжүүлдэг, улс төрийн зорилгоор ашигладаг, хамтран ажилладаг байдал нь алсдаа үндэсний хуваагдал, зөрчилдөөнийг өдөөх суурь шалтгаан болж байна.
Орон даяар хавтгайрсан улс төржилтийг саармагжуулж, нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэн бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлогыг тогтвортой, залгамжтай болгох, улс төрийн намууд сүлжээндээ түшиглэх бус бодлогодоо төвлөрдөг болгож төлөвшүүлэх, орон нутгийн иргэдийг хийрхсэн улс төржилтөөс ангид байлгаж, ахуй амьдралдаа анхаардаг болгох, тогтвор суурьшлыг баталгаажуулах, намуудын зөрчилдөөнөөс бизнес эрхлэгчдийг хамгаалах, сонгогчдын гишүүнчлэлдээ баригдсан бус эрх чөлөөт сонголтыг дэмжих, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодыг улс төрөөс ангид жинхэнэ утгаараа хөгжихөд Монгол Улсын Үндсэн хууль зөрчин хуульчилсан сонгуулийн хуулийн дээрх заалтууд хамгийн их хор хөнөөлтэй төдийгүй цаашид нийгмийн талцал, намчирхал, хуваагдлын таатай хөрс болж байна.
Энэ бүхнийг иш үндэс болгон сонгуулийн тухай хуулийн Үндсэн хууль зөрчсөн заалтуудыг хянан шийдвэрлэж, дүгнэлт гаргаж өгнө үү.
БАЯНЖАРГАЛЫН ЦОГТГЭРЭЛ