ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД

2018-01-10  

Монгол Үндэсний Ардчилсан Намын дарга Баянжаргалын Цогтгэрэл иргэнийхээ хувиар Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 18-р бүлгийн орон нутгийн хурлын сонгуульд холбогдох зүйл заалтууд Тухайлбал Сонгуулийн тухай хуулийн 151.3  “Орон нутгийн хурлын сонгуульд нам энэ хуульд заасны дагуу оролцож болно.”, гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн удиртгал хэсгийн “Монголын ард түмэн бид: 

... -хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

... -эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай IV бүлгийн 59-р зүйлийн 59.1-д “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.”, гэсэн заалтуудтай тус тус зөрчилдөж байна гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд хянан шийдвэрлүүлэхээр ханджээ.

Монгол улсад улс төрийн намын нөлөөлөлгүй иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, салбарын болон сонирхлын нэгдлүүд мөн нутгийн зөвлөл ч байхгүй болтлоо намчирхжээ.  Бизнес, хоршоо, ЖДҮ, иргэний нийгмийн байгууллагуудын хөгжлийн тухай 20 гаруй жил яриад, хэлбэржиж, хөгжиж, төлөвшиж чадахгүй байгаа юм. Төрөөр бэхжсэн намуудын хүчирхийлэл дор хөгжих боломжгүй байдаг байна. Шалтгаан нь маш энгийн бөгөөд ардчиллыг ч тэр, иргэний нийгмийн байгууллагуудыг хөгжүүлье л гэвэл улс төр, намуудын зохист хэмжээнээсээ давсан оролцоог хязгаарлах ёстой аж.

Орон нутгийн ИТХ, ИНХ-уудын чиг үүрэг бол нутаг дэвсгэрийн хөгжлийн бодлого, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, сум, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах, тухайн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хүн ам, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинтой холбоотой шийдвэр гаргах зэрэг дан аж ахуйн үйл ажиллагаа байдаг. Ямар нэг улс төрийн онол, үзэл баримтлал, изм-тэй холбоогүй юм.

ОНӨУЁ-ны байгууллага болох иргэдийн хурлууд, засаг төрийн адил улс төрийн намаас нэр дэвшигчдээс байгуулагдаж, 100 хувь намуудын бүлгүүдээс байгуулагдаж ирсэн нь төр, иргэний нийгмийн байгуулагуудын хоршин, хослон ажиллах, бие биедээ хяналт тавих, аль нэгний давамгайллыг сөрөн зогсох чадварыг үгүй болгож, улс төр түүнийг байгуулдаг намуудын хүч түрэлтийг зогсоож хүчрэхгүй болоод зогсохгүй улам гааруулж, орон даяар хавтгайрсан намчирхлыг өрдөгч болж хувирсан байна.

Үүний үр дүнд:  Өнөөдөр МАН, АН, МАХН, МҮАН, ИЗНН, БНН, ЭХ Орон Нам, ХҮН гээд орон даяар 1 сая хүн 28 намаар дамжин намчирхан улс төржиж байна.

Сонгуульд ялсан нам засгийн эрхийг барихдаа намынхаа гишүүдийг албан тушаалд томилохыг урьтал болгодог, шагнал, урамшуулал, төсөл хөтөлбөр, халамж, дэмжлэг бүгд намын харъяаллаар шийдэгддэг нь намчирхал талцлыг дэвэргэдэг гол хүчин зүйл болжээ.

Ялагдсан намын ажлаасаа шахагдаж гарсан хүмүүс сөрөг хүчин болж, эрх баригч хүчнийг муулах тал дээр ажилладаг. Энэ нь эцсийн дүндээ Монгол төрийн нэр хүндийг унагах, төрийн бодлогын залгамж чанарыг сарниулж, тогтвортой хөгжлийг сааруулдаг.

Эрх баригч намуудын сайн, муу бүх ажлыг муулах нь сөрөг хүчний үндсэн үүрэг байдаг. Энэ нь олон ургальч үзлийг уралдуулах бус сөргөлдсөн ард түмнийг бий болгож байна. Намчирхсан талцал сум, дүүрэг баг, хороо, байгууллага, өрх гэрт орж ирлээ.

Улс төрийн үзэл бодол төлөвшөөгүй сургуулийн сурагчдыг хүртэл намуудад хувааснаар цөөхөн хүн амтай орон нутагт сонгуулийн эрх чөлөө хумигдаж итгэл үнэмшлээрээ бус намын гишүүнчлэлээр сонгуульд санал өгдөг боллоо. Эцсийн дүндээ орон нутгийн иргэд ахуй амьдралаа умартан хийрхсэн намчирхал, улс төржилтөд татагдан оржээ.

Намууд бүх шатны сонгуульд ялахын тулд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд ТББ, мэргэжлийн холбоод, шашин сүм, хийдүүдийг байгуулахыг дэмждэг, санхүүжүүлдэг, улс төрийн зорилгоор ашигладаг, хамтран ажилладаг байдал нь алсдаа үндэсний хуваагдал, зөрчилдөөнийг өдөөх суурь шалтгаан болж байна. 

Орон даяар хавтгайрсан улс төржилтийг саармагжуулж, нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэн бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлогыг тогтвортой, залгамжтай болгох, улс төрийн намууд сүлжээндээ түшиглэх бус бодлогодоо төвлөрдөг болгож төлөвшүүлэх, орон нутгийн иргэдийг хийрхсэн улс төржилтөөс ангид байлгаж, ахуй амьдралдаа анхаардаг болгох, намуудын зөрчилдөөнөөс бизнес эрхлэгчдийг хамгаалах, сонгогчдын гишүүнчлэлдээ баригдсан бус эрх чөлөөт сонголтыг дэмжих, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодыг улс төрөөс ангид жинхэнэ утгаараа хөгжихөд Монгол Улсын Үндсэн хууль зөрчин хуульчилсан сонгуулийн хуулийн дээрх заалтууд хамгийн их хор хөнөөлтэй төдийгүй цаашид нийгмийн талцал, намчирхал, хуваагдлын үндсэн голомт болоод байгаа тул энэхүү хорт хавдрыг тайрч хаях нь Цэцэд хандах шалтгаан болсон байна.

 

 

Б.ЦОГТГЭРЭЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга