С.ПҮРЭВ ЗОХИОЛЧ МААНЬ ДЭГДЭЖ ЯВДАГ САН, ТЭНГЭР ЛҮҮГЭЭ ДЭГД ДЭЭ

2018-01-12  

Нөхрийн дурсгалд

С.Пүрэв гуайтай оюутан ахуй цагаас хамтдаа өнөөдрийг хүрчээ. Анх Москва хотод Утга зохиолын дээд сургуульд учирсан. Насаар ах учраас би хувьдаа их дөлнө. Хааяа нэг ширээний теннис хамтдаа тоглох. Гадагшаа гарч хамтдаа ганц нэг кино үзэх. Голдуу л зохиолоо бичиж суудаг, хүн хүнд инээд бэлэглэсэн сайхан ах байсан. Хэлсэн ярьсан нь ил цагаан. Мөрөөрөө. Залуучууд бидэнтэй адил, байрандаа тогтохгүй, гадуур дотуур хэсээд байхгүй. Өөрийн тогоочтой гэж "сагсуурах". Тэр нь түүний үеийн нөхөр, нэг ангид сурах хүүхдийн зохиолч Д.Давааням. (Давааням гуай төгсөж ирээд Зохиолчдын хорооны Хүүхдийн уран зохиолын нэгдлийн эрхлэгч, намын үүрийн даргаар олон жил ажилласан.) Нэгэн удаа Пүрэв гуайн "тогооч" сайхан хуушуур хийснийг нь хүрттэл, төмстэй хуушуур байж таарав. Өлсөж явсан болоод ч тэр үү, их л амттай санагдаж билээ. Мөн өөрийн орчуулагчтай гэж бардамнах. Бүр дөрвийн дөрвөн орчуулагчтай шүү. Зохиол бүтээл хэлэлцэх уран бүтээлийн семинар болох, төгсөлтийн диплом хамгаалахад зохиол нь орос хэлээр байх учиртай. Түүнийг нь Мэргэн, Энхбаяр, Нарангэрэл, Нарантуяа нар орчуулах. Тэдэнд ч бас орчуулгын дадлага туршлага хэрэгтэй байж.

Хааяа нэг зохиолч нөхөд нь зочлоход, ганц нэг бөглөө мултлахаас үл татгалзах. Гэхдээ л уусан хүртсэндээ толгойгоо мэдүүлж байхыг нь би үзээгүй. Зан ааш нь улам сайхан болж, цагаан шүдээ яралзуулан инээдэг байсныг санах юм. Биднийг шүдний эмчид үзүүлнэ гэхийг сонсоод, - Ахын чинь 32 шүд бүрэн, нэг хорхой идсэн шүд байхгүй гэхийг нь сонсоод өөрийн эрхгүй атаархал төрнө. Шүд сайн бол дотор эрхтэн сайн гэж хэлэхийг олонтаа сонссон. Пүрэв гуайг өвдлөө гэж энэ олон жил сонсоогүй. Үнэхээр бие сайтай.

"Утга, зохиол, урлаг" сонинд ажиллаж байхад өглөө эртлэн ирчихсэн, хэдийнээ л бичгийн машинаа нүдчихсэн суудагсан. Түүний өрөө гуравдугаар давхрын хамгийн захынхыг хэлэх үү, үүд нь нээлттэй тул өглөө бүр заавал дайрч өнгөрч, мэндэлнэ. Өглөө, оройдоо , өвөл зун гэлгүй 3-р хорооллоос МЗЭ-ийн хооронд алхана. Унаа унаш, энэ тэр гэхгүй. Нийгэм задарсан, МЗЭ орхигдох үед тэрбээр Монголын Радиогийн Уран зохиолын редакцид ажилласан. Маш төвөггүй ажиллана. Сонинд ч тэр, радиод ч тэр хамгийн түрүүнд Пүрэв гуай л ногдсон ажлаа хийсэн байдагсан. Тэгэж байж л өөртөө зохиол бичих, бусдын зохиолыг унших цаг гаргадаг байсан болов уу. Зохиолоо ч мөн л төвөггүй бичнэ. Засаж харагдахгүй. Зохиол нь тэр чигтээ буусан байдагсан. Дээшээ тал засаад, доошоо дээрэлхүү зан гаргаж байсныг санахгүй байна, хүний хувьд. Зохиолоо л бичнэ. Ажлаа л хийнэ. Нөхөдтэй, олонтой байсан. Би ч ажлын гараагаа эхлэхдээ энэ хүний гараар нухлагдан хүмүүжсэн. Зааж зандраад байхгүй ч, өөрөөр нь хийлгэж сургах дадлыг суулгана. Тэр жил Пүрэв гуайгаа Бээжин хотын Цэргийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад нь яруу найрагч Х.Бүрэнтогтох, зохиолч Б.Баярсайхан, радиогийн сэтгүүлч Д.Нарантуяа, Эрдэнэтийн сэтгүүлч Шаравдоржийн хамт эргэж тойрсон. Монголд гуяар нь тайрах эмчилгээ хийх гэж байхад нь яруу найрагч М.Билигсайхан, зохиолч Д.Энхболд нар болиулж, урагш нь аваачсан нь тэр байлаа. Гэтэл тус эмнэлэгт гуяар нь тайрах биш, хөлийнх нь зөвхөн дөрвөн хурууг тайран эмчилсэн тухай хөөрч, зохиолчдодоо, уншигчдадаа баярласнаа илэрхийлж байж билээ.

Сүүлд Зохиолчдын Их хурлаар Пүрэв гуайтай таарсан. Нүүрэндээ инээмсэглэл тодруулж, - Бээжингийн эмчилгээ сайн болсон. Хөлийн дөрвөн хуруу бас их үүрэгтэйг одоо л мэдэрч байна. Хурууг минь энэ таяг орлох болсон. Явах дадал их хэрэгтэй юм байна гэж хуучилж билээ. Саяхан Пүрэв гуай МЗЭ-ийн "Утгын чимэг" богино өгүүллэгийн уралдаанд тэргүүн байр эзэлж, шагналаа өөрөө гардаж аваад явсныг сонсон баяр хүргэж билээ. Очно гэж хэлчихээд арай амжаагүй байтал хорвоог орхисныг сонсоод итгэж чадсангүй. Тэр ангийн нөхөр, өөрийн "хувийн" орчуулагч Х.Мэргэнээ нас барсныг дуулаад, гэрээр нь орчихоод гарч явахдаа зүрхний шигдээсээр нас барсан нь Монголын Зохиолчдын Эвлэл мэндэлсний 89 жилийн ойн өдөр байж таарлаа.

Ийнхүү С.Пүрэв зохиолч маань эвлэлийнхээ мэндэлсэн өдөр зохиолч, уншигчдаа орхилоо. - Аавыгаа чандарлаарай. Олон охид хүүхнүүд миний ард үлдэх нь гэж охиддоо захисныг гэр бүл нь ёсчлон гүйцэлдүүлэхээр болжээ. Ах минь дэгдэж явдаг сан. Өвгөн ах минь одоо газраа орхиж, дэгд дээ, тэнгэр лүүгээ.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Занаа:Сайн уран бүтээлч 2018-01-12
Зоригоо:Миний хайрладаг зохиолчийн нэг байсан. 2018-01-12
Сэндэр:Усны гудамж романыг нь шимтэн уншсан. 2018-01-12
Батболд:Тэнгэрийн орондоо тавтай морилох болтугай. 2018-01-12
Баатар:Ар Монголд төдийгүй. Өвөрмонголд ч алдар цуу ньтүгсэн злхиолч 2018-01-12
Цэцэгээ: Эмчилгээний зардлын 60 хувийг Өвөрмонголын ахан дүүс дааснаараа бараррхрыг сонссон 2018-01-12
Чинзориг:Зурган пээр байгаа шигээ сайхан инээмсэглэдэг . 2018-01-12
зочин:Үхэлийг яалтайч билээ С.Дашдооровоос минь хойш сайхан амьдралтай жинхэнэ монгол өгүүллэг бичдэг агуу зохилчоор монгол дутлаадаа хайран сайхан зохиолч минь тун их харамсаж байна одоо яая ч гэхэв дээ 2018-01-12
Сураган Рахметийн: Монголын суут авъяаст хөвгүүн Х.Мэргэнний маань хойноос С.Пүрэв гуай ах хорвоог орхин одлоо. Казах түмэн хайртай зохиолчи доо үгүйлсээр байх болно. Тэнгэрлэг сайхан их хүн тэнгэрт халиж одсон гунигт гашуудалтай өдөр мянга - мянган уран бүтээлчид болон уншигч олондоо,талийгаачийнгэр бүл үр хүүхдүүдэд нь гүн эмгэнэл илэрхийле! МЗЭ-ийн Баян-Өлгий салбарын тэргүүн "Шугыла"сэтгүүлийн эрхлэгч Р.Сураган МУСГЗ, яруу найрагч 2018-01-12
zochin:Saikhan daruukhan mundag zokhiolch bailaa. Burkhanii orondoo taiwan noirsdoo ta min 2018-01-12
Гэрэл:Ум ма ни бад мэ хум. Амгалан болтугай 2018-01-13
Оч:Энхбат ахаа та энэ Х. Мэргэн, С.Пүрэв гээд бусад олон сайхан хүмүүсийн тухай, тэдэнтэй ажиллаж хамтран зүтгэж байсан тухайгаа сайхан бүтээл хийгээрэй. 2018-01-13
Уянга /баавайн ач охин\:Сайхан нийтлэл байна. 2018-01-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?