ДЭЛГЭРЭЛТ

2018-01-14  

Дархан хотын гадаад хэлний төрөлжсөн сургалттай 19-р дунд сургуулийн 30 жилийн ойд

ЦАГААН ЗАРЦТАЙ ШАР ХҮН

Дэлгэр багш Дархан хотын долдугаар дунд сургуулийн захирал байхад ерэн оны ардчилал эхэлжээ. Нэг удаа англи герман орос хэлтэй хүү нь сургууль дээр гаднын зочин дагуулж ирэв. Сургуультай танилцсаны дараа тэр хүн “-Тантай хамтарч хүүхдэд Герман хэл дагнан заадаг сургууль байгуулъя. Энэ сургууль Дарханд байтугай Монголдоо анхных нь болно. Сайн багш тэр тусмаа тань шиг туршлагатай захирал хэрэгтэй байна” гэж санал тавив. Дэлгэр багш бодож байгаад хариу өгье гэсэнгүй шууд л зөвшөөрчээ. Ирсэн зочин нь Герман улсын иргэн Холегер Грим гэдэг хүн байлаа. Тэгээд сургуульдаа ашигладаггүй байсан  нэг өрөөнд энэ сургуулийнхаа бэлтгэл ажлыг эхлэв. Дарханаас Орос ах нар буцсан тул хүүхдэдээ Оросоос гадна өөр гадаад хэл заалгах хүсэл эцэг эхчүүдэд төрлөө. Ерэн оныхоо намар Герман хэл сурах хүсэлтэй хэдэн хүүхэд элсүүлж хичээл заав. Өнөөгийн 19-р дунд сургуулийн түүх ингэж эхэлжээ. Ерэн хоёр онд хот даяар сургуулийн хуучин захирлуудыг солив. Тэр шуурганд дайрагдан Дэлгэр багш халагдлаа. Дөнгөж эхлүүлсэн жижиг сургууль нь хичээллэх байргүй болов. Гэтэл нэг өдөр хотын дарга Л.Амарсанаа дуудаж байна гэх нь тэр. Яваад очтол “-Та хаана юу хийж байна?” гэхэд нь хүүхдэд багаас нь гадаад хэл төрөлжүүлэн заадаг сургууль байгуулах гээд байргүй байгаа учир байдлаа хэлжээ. Дарга “-Таны хүүхдэд гадаад хэл дагнан заая гэж байгааг би хувьдаа дэмжиж байна. Сургууль байгуулахын тулд эхлээд зөвшөөрөл авах ёстой. Хүсэлт гаргаж хотын Захиргааны хурлаар оруулж шийдүүлэх учиртай. Та сургуулийнхаа танилцуулгыг хийгээд ир” гэх нь тэр. Дэлгэр багшийн хөл нь хөнгөрөөд гараад л гүйчихэв. Өдөр шөнөгүй сууж танилцуулгаа бэлэн болголоо. Бичгийн машин олддоггүй, ойрхоны нэг сургуулийн захиралын туслахыг гуйж танилцуулгаа бичүүлэв. Тэгтэл захирал нь мэдчихээд туслахдаа “-Энэ хөрөнгөтөн орны хүнтэй нийлсэн хүнд туславал чи өөрөө хэрэгт холбогдоно шүү” гэж хэлсэн удаатай. Удалгүй хотын захиргааны хурал болж сургууль байгуулах тухай хэлэлцэв. Тэргүүлэгч гишүүн нэг хуульч “-Энэ нөхөрт зарагддаг гадаадын хүн гэж хаана байдаг юм? Тэр тусмаа цагаан арьсан шүү. Хүүхдэд юу ч заах гэж байгаа юм, хүүхдээр тоглох гэж байгаа юм биш үү?” гэх ухааны юм хэлэв. Герман, англи хэл заагаад ямар ашиг гарах юм гэж өөр нэг тэргүүлэгч ч асуув. Тэгээд санал хурааж, Амарсанаа даргын дэмжсэнээр олонхи нь батлав. “Гар бариад бугуй барина” гэгчээр Дэлгэр багш сургуульдаа байр олдохгүй байгааг ч хэлээд тавьчихав. Орос ах нар буцаад тэдний хүүхдийн цэцэрлэг байсан байр сулраад хоосон үлдсэн байлаа. Амарсанаа дарга хотын өмчид ирсэн тэр барилгад сургуулиа оруулахыг зөвшөөрөв. Цагаан зарцтай шар хүн сургууль байгуулсан түүх ингэж эхэллээ. Амарсанаа дарга цаг үеийг гярхай мэдэрч хэтийг гайхалтай онож харсаныг нь Дэлгэр багш хэзээ ч мартдаггүй.

Улсын эдийн засаг тааруу болов. Хүүхдээ төлбөртэй сургах ойлголт ч эцэг эхчүүдэд бүрдээгүй байлаа. Гэв ч хүүхдийнхээ ирээдүйг мэдэрсэн цөөн хүн хөрөнгө чинээнээс хамааралгүй хүүхдээ дагуулж ирцгээв. Дээр нь ганзагын наймаанд явж, пүүс компани байгуулж орлого олсон хүмүүсийн хүүхэд нэмэгдэв. Гадуур яриа гарлаа. “-Дэлгэр багш хөрөнгөтний сургууль байгуулжээ. Борчуулын хүүхдүүд энд сурах боломжгүй” гэцгээв. Бичгийн машинаа харамласан нөгөө захирлын үг орой руу орох нь энэ. Олны үг ортой тул Дэлгэр багш хариу арга бодлоо. Сурах хүсэлтэй хир нь санхүүгийн боломж тааруу айлын хүүхдийг дэмжив. Тэр хүүхдүүдийн хичээл сурлаганд онцгойлон анхаарлаа. Тэднийг дотоодын болон олон улсын олимпиадад явуулав. Эгэл жирийн айлын хүүхдүүд түрүүчээсээ цахиур хагалж тэргүүн шагнал авцгаалаа. Сургууль мөнгө төгрөгөөр биш эрдэм мэдлэгээр хөрөнгөжсөн  сургууль болохоо батлав. 

ЧАМЛАГДСАН ОХИН

Дарханд 2001 оны намар Америкийн Денвер хотын төлөөлөгчид ирлээ. Зочдын хөтөлбөрт нь гэнэт өөрчлөлт орж хоёр хуваагдан Төмөрлөгийн үйлдвэр, Цахилгаан станцыг үзэхээр болжээ. Нэг орчуулагчтай ирсэн тул нөгөө багт нь хэлмэрч хэрэгтэй болов. Цаг тулчихсан тул захиргаанаас Дэлгэр багшийн сургууль руу ярьж туслалцаа хүсжээ. Англи хэлний Америк багшаа явуулья гэтэл багш өөрөө шийдвэр гарган 9-р ангийн сурагч илгээв. Хичээл дээрээсээ очсон формтой жаахан охиныг харсан гадныхан шууд л чамлажээ. Тэгтэл орчуулагч охин дуржигнуулж гарав. Охины англи хэлээр маш цэвэрхэн ярьж байгаа нь  зочидыг гайхшрууллаа. Тэгээд аль сургууль вэ, хэддүгээр ангид сурдаг, ямар багшаар хэл заалгадаг вэ гээд л шалгааж гарчээ. Танай хотод өөр сургууль олон бий юу гэж ч асуув. Охин “-Манайхаас олон хүүхэдтэй том сургууль зөндөө бий” гэв. Зочид “-Нэг жижиг сургуульд нь англи хэл ийм мундаг зааж байгаа юм чинь, танай хотын гадаад хэлний сургалт тун сайн байж таарах нь” гэж магтацгаав. Эгзэгтэй үед охин хотынхоо нэрийг ийнхүү авч гарчээ. Энэ тохиолдол яг л Ринчен гуайн олон явган ярианы нэг шиг юм болж хот даяар тархав. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Х.Уэльс 1944 онд Монгол Улсад ирэхдээ музейн тайлбар хийж байсан Ринчен гуайн англи хэлний мэдлэгийг шагшин гайхаж “-Танд үүнээс арай дээр ажил олдоогүй юм уу?” гэж асуухад нь “-Тэр дээгүүр ажлыг нь надаас илүү мэдлэгтэй хүмүүс хашдаг юм” гэсэн гэдэг. Үүнийг сонсоод дэд ерөнхийлөгч “-Танаар жишиж үзэхэд Монголд эрдэмтэй улс олон байх нь” гэж дуу алдсан юм гэнэ лээ. Дарханыхаа нэр хүндийг 19-р сургуулийн сурагч Болдбаатарын Гэрэлтуяа өргөсөн нь энэ. 

АРВАН ЕСИЙГ ТӨГСӨГЧИД

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бавари мужийн иргэдийн төлөөлөгч, CSU (Christian Social Union) намын гишүүн Нацагдоржийн Солонго “-Миний аав анх 1990 онд Герман түншүүдтэйгээ бизнес эхлүүлж, охиноо Герман хэл сургая гэж шийдсэн юм билээ. Намайг найман настай байхад Дарханы Герман хэлний сургалттай 19-р дунд сургуульд оруулсан. Тэр үед бүртгэл дууссан хир нь сургуульдаа элсүүлж авсан захирал Дэлгэр багшдаа маш их баярлаж явдаг шүү” хэмээн today.mn сайтаар дамжуулан талархал илэрхийлжээ.  Солонго нь, Европийн том оронд улс төрийн дээд албан тушаал хашсан анхны Монгол хүн болж эх орон нэгтнүүдээ баярлууллаа. Тэрбээр Германы Бавари мужийн хамгийн хүчирхэг намын тойргийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан юм. Солонго “-Би Дарханд төрж өсөөд, хотынхоо Герман хэлний төрөлжсөн сургуульд сурсан. Герман хэлийг сурахад тийм амаргүй, гэхдээ эх орондоо байхдаа энэ хэлийг төгс эзэмшсэн гэж өөрийгөө жаахан тоодог. Тухайн үедээ улсын олимпиадад түрүүлж, сурагчийн солилцоогоор аравдугаар ангидаа Герман улсад ирж байсан. Өмнө нь 11 настай байхдаа ч анх ирж үзсэн” гэж ярилцлага өгчээ. Дарханы 19-р дунд сургууль нь өөрийн төгсөгч Солонгоороо бахархдаг. Дарханы “Арван ес”-өөс төрөн гарч, эх орондоо болон дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, эрдэм мэдлэгээрээ гайхагдан  амжилт бүтээлтэй яваа олон зуун төгсөгчдийнх нь зөвхөн ганцхан жишээ нь энэ. Багшийн эхлүүлсэн эрдэм номын дэлгэрэлт улам өргөжсөөр дэлхийн энд хүрлээ.

Дарамын Дэлгэр багш мөнгө зоос хураасангүй. Мэдлэг хурааж хөрөнгөжижээ. Алт эрдэнэсээс ч үнэтэй энэ баялагаа түмний хүүхэд багачуудад түгээн тараасаар явна. Таны эрдэм оюуны сан хөмрөг арвижахын ерөөл өргөе! Улам дэлгэртүгэй!   

 

Ө.Рагчаасүрэн - Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч.

Бурхантын хөндийн Найрамдалын хот.   2018 он.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Suragch Bilguunii eej:Delger bagshdaa manai xoer xuuxdiig surgaj ugsond bayarlaj yabdagaa ilerhiilie 2018-01-14
Зочин:19-р сургуулиар хөвүүд дамжиж одоо ач нар сурч байна. Дэлгэр захиралдаа сайн сайханыг хүсье 2018-01-14
СҮМБЭЭ:ҮНЭХЭЭР САЙН БАГШ ШҮҮ 2018-01-14
Байгал:Сайхан сургууль шүү том ач хүүмаань төгсөөд одоо МУИС-д суралцаж байна дараагийн ач охин маань 2-р ангид суралцаж байна тус сургуулийн хаст олонд ажлын амжилт хүсэхийн ялдамд хамгийн сайн сайхан аз жаргалыг хүсье 2018-01-14
Oyuna jijgee:19-r surguuli vneheer sain surguuli shvv Minii ohin tus surguulid surch baigaad 9-r angid oroh jilee Amerik yvsan ochood yamar ch helnii berhsheeld oroogvi odoo surguuliihaa shildeg suragch bolson Delger bagsh mini bid nariin bvgiih ni bagsh minii matematikiin bagsh bsan Tanidaa mash ih bayrlaj yvdag shvv Bagshdaa hamgiin sain saihniig hvsie 2018-01-14
INJGEE:30 jiliin oin bayarin mend hurgie 2018-01-14
Баяраа:Дэлгэр багшдаа баярлалаа 2018-01-14
Лхагваа Цахилгаан станц:Дэлгэр багшдаа болон 19/ийн чадварлаг багш нартаа амжилт ероое 2018-01-15
Датарболд:19-р сургуулийн хамт олонд амжилт 2018-01-16
Munkhjargal:Minii ukhin Uelun 19-r surguulid surch baisan Delger bolon Battamir bagshdaa bayarlaj yavdag shuu. 2018-01-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?