АГААРЫН БОХИРДЛООС САЛСАН ОЙРЫН ЖИШЭЭ

2018-01-15  

 

Агаарын бохирдлоос салсан ойрын жишээ

“Хужаа нар Бээжингийн бохир агаарыг Улаанбаатар руу оруулж, оронд нь манай цэвэр агаарыг авчихсан байна” гэсэн хошигнол ч юм шиг, эмгэнэл ч юм шиг яриа гарсан байна билээ...

Хэдэн жилийн өмнө Бээжин хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, бохирдлын үзүүлэлтээрээ дэлхийд толгой цохиж явлаа. Цөмийн үүл шиг нүүгэлтсэн тоосонцор манантай байсныг мэдэх хүн олон. Тэр бол манайх шиг нүүрсний утаа биш, харин хүнд үйлдвэр, автомашины утаа учраас асар их хор хөнөөлтэй. Гэвч энэ явдал нэгэнт түүх болон үлджээ. Одоо сардаа ганц хоёр өдөр ялимгүй бохирддог, ихэнхдээ цэнхэр тэнгэр, цэнгэг агаартай байна. Харин бид хорт утааны масктайгаа үлдэв. Утаагүй зуух, уушги хамгаалах маск зэрэг “У” хөтөлбөрүүд сонсогдохоос биш улс, нийслэлийн захирамж шийдвэр таг чиг.  

Агаарын бохирдлоос салсан ойрын жишээ

Улаанбаатарын утаа гэр хорооллын айлуудын түлсэн нүүрснээс гардаг учраас хүйтрэх тусам агаар муудаж, дулаарахын хэрээр сарнина. Агаар бохирдох хүрээ дөрвөн уулын дундаасаа хол хэтрэхгүй. Харин Бээжинд дулаарах, хүйтрэхээс үл хамаарч дунджаар 5-7 хоног агаар муудаад, 2-3 хоног тэнгэр цэлмэдэг байлаа. Агаар бохирдвол Бээжингийн ойр орчмын Тяньжин зэрэг том жижиг хотууд, Хэбэй, Шандун, Хэнань мужийн нутагт тэр аяараа тоосонцор манан суунаглана. Учир нь энэ бүс нутаг олон зуун аж үйлдвэртэй байсан юм.

Агаарын бохирдлоос салсан ойрын жишээ

Нарантуулын наймаачдын бараагаа татдаг гол газрын нэг болох Бээжин хотын Шижинмэний нүхэн захыг гадагш нүүлгэснийг олон хүн мэднэ. Тус захад худалдаа эрхэлдэг 30 гаруй мянган айл өрх хэл амгүй нүүжээ. Мөн манайхны булган шуба авдаг Ябаолүгийн захыг Жинин рүү нүүлгэсэн. Энэ бол Бээжин хотыг утаанаас салгах кампанит ажлын өчүүхэн хэсэг. Бээжин хотод байсан хэдэн арван захаас гадна нийслэлийн үүрэгт хамааралгүй хэдэн зуун байгууллагын тойрох хуудсыг зурж “нутаг заасан” байна билээ. Нийслэлийн хар төмөрлөгийн үйлдвэр хэмээх 100 мянган ажилтантай их айлыг арваад жилийн тэртээгээс хэсэгчлэн нүүлгэсээр хот үйлдвэр хоёр “хоёр яс хагацсан” нь харин томоохон жишээ.  

Агаарын бохирдлоос салсан ойрын жишээ

Бээжин хотын агаарын бохирдлын гол шалтгааны нэг нь хэрээс хэтэрсэн олон авто машин гэсэн судалгааны дүн гарчээ. Тус хот 7 сая шахам жижиг оврын машинтай. Үүнээс 400 мянга нь 2005 онд гаргасан “авто машины хорт хий ялгаруулах стандарт”-ыг хангаж чадаагүй тул ажлын өдрүүдэд хотын тавдугаар тойргоос дотогш нэвтрэхийг хориглосон журам гаргаж 2017 оны 2-р сарын 15-наас эхлэн мөрдүүлжээ. Мөн автомашины түлшийг улам цэвэршүүлэхийн төлөө шинэ стандарт тогтоож, хэрэгжүүлсэн байна. Хүрээлэн буй орчныг хамгаалах хатуу стандарт тогтоож, хэвлэх үйлдвэр, гэрийн тавилга, зуух зэрэг үйлдвэрлэх явцад бохир бодис ялгаруулдаг 43 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад техникийн шинэчлэл хийж, чанаржуулах шаардлага тавив. Хотын захын нүүрс шатаадаг хэдэн зуун үйлдвэр, хэдэн мянган өрхийг төвийн эрчим хүч, дулааны сүлжээнд холбосноор “яндан”-г “музейн үзмэр” болгожээ.

Энэ сарын 3-нд Бээжин хотын Байгаль орчныг хамгаалах товчоо агаарын чанарын тайлан тавилаа. 2013 онд Бээжинд агаарын чанарын стандарт хангасан хоног 176 байсан нь бүтэн жилийн 48.2 хувийг эзэлж байж. Харин 2017 оны 226 хоногт стандарт хангасан нь жилийн 62.1 хувьд хүрчээ. Үүнд, “I” зэрэглэлийн онц сайн агаартай өдрийн тоо 2013 онд 41 байсан бол 2017 онд 66 болж нэмэгдсэн байна. Онц бохирдолтой өдрийн тоо 2013 онд 58 байсан бол 2017 онд 23 хоног болж 60 хувиар багасжээ.

Он

Шаардлага   хангасан

Онц   сайн

Онц   муу

РМ   2.5 шоо метр бүрт

2013   он

176 хоног

41 хоног

58 хоног

89.5 микрограмм

2014   он

172 хоног

41 хоног

47 хоног

85.9 микрограмм

2015   он

186 хоног

54 хоног

46 хоног

80.6 микрограмм

2016   он

198 хоног

68 хоног

39 хоног

73 микрограмм

2017   он

226 хоног

66 хоног

23 хоног

58 микрограмм

2017 онд Бээжингийн агаарт нарийн ширхэгтэй тоосонцор буюу PM2.5-ын жилийн дундаж хэмжээ нэг шоо метрт 58 микрограмм байсан нь 2016 оныхоос 20 хувиар багассан гэх. Бусад гурван зүйлийн бохирдол бодис 2016 оныхтой харьцуулбал хүхрийн давхар исэл (SO2) 8 микрограмм буюу 20 хувиар, амьсгалын замаар дамждаг тоосонцор (PM10) 84 микрограмм буюу 8.7 хувиар, азотын давхар исэл (NO2) нэг шоо метрт 46 микрограмм буюу 4.2 хувиар багасчээ.  

Агаарын бохирдлоос салсан ойрын жишээ

Бээжинд өнгөрсөн таван жил, агаар бохирдуулсан 16.2 мянган хэргийг шүүн тасалж, 590 сая юанийн торгууль тавьжээ. Мөн Бээжин, Тяньжин хот, Хэбэй муж даяар стандарт зөрчсөн аж үйлдвэрүүд төдийгүй харьяа хот, дүүрэг, хошуу, суурин дахь засаг захиргааны дарга нарт хатуу хариуцлага тооцдог болов. Хэдэн зуун үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, заримыг нь татан буулгахад хэн ч гомдол мэдүүлсэнгүй. Учир нь заргалдаж, гомдол мэдүүлж, жагсвал төрийн төмөр нүүртэй тулна гэдгээ тэд мэднэ. Хууль тогтоомж тодорхой, төр засгийн шийдвэр эрс хатуу, хэрэгжүүлэхээс өөр сонголтгүй, хэрэгжүүлэхгүй бол нийтээрээ хохирох тийм л зүй тогтолтой. 

Агаарын бохирдлоос салсан ойрын жишээ

Агаарын бохирдлоос салсан ойрын жишээ

Манайд гэр хорооллыг нүүлгэх, их дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос гаргах, дагуул хот байгуулах, нийслэлээ нүүлгэх, Богд хаан уулыг нүхэлж туннель гаргах гэх мэтийн олон санал гарч байлаа. Эдгээрээс аль нь ч биелээгүй.

Гэр хорооллоо хотоос гаргая гэхнээ дахин сонгогдохоо бодоод чадахгүй.

Богд уулаа нүхлэе гэхнээ дархан цаазтай энэ тэр гээд иргэний хөдөлгөөнийхөн босоод ирнэ.

Нийслэлээ нүүлгэх, дагуул хот байгуулах нь ч бүр лөөлөө биз.

Эрх баригчид эрс шийдвэр гаргаж чадаагүйгээс болж хичнээн хөрөнгө салхинд хийсгэж, хүн ард, хүүхэд багачуулынхаа эрүүл мэндийг сүйтгэв дээ.

Төр зөв ч байг, буруу ч байг шийдвэр л гаргасан бол түүнийхээ төлөө мөнгөний жагсагчид, рекетчин эх орончдоос айхгүй байх ёстой. Төр төр шиг байж, төмөр нүүрээ гаргах цаг болжээ.

 

 

Эх сурвалж : Mongol.cri.cn

До.Болдхуяг

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?