Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандартаар нэг хүнд жилд 8-9 литр архи, согтууруулах ундаа ноогдож байвал тухайн улсын үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүссэн хэмээн үздэг байна. Харин манай улсын хувьд 21-ээс дээш насны нэг хүнд жилд дунджаар 7.13 л этилийн (усгүй) спирт буюу 38 хувийн спиртын агууламжтай 18.76 литр архи ногддог байна.
• Мөн нийт хүн амын 34.6 хувийг 15-34 насны иргэд буюу залуучууд эзэлдэг манай улсын хувьд нийт залуучуудын 1/3 нь архи, тамхи хэрэглэдэг болох нь тогтоогджээ.
• Манай улсын эрчүүдийн 100 хүн тутмын 23 нь харин эмэгтэйчүүдийн 5 нь архины хамааралтай байдаг гэх судалгаа гарчээ.
Монгол Улсын 2016 оны Хүний хөгжлийн илтгэлд :
• Архидалт нь гэр бүлийн зөрчлийн 87,
• Гэр бүл цуцлалтын 58,
• Хүүхэд орон гэрээ орхиж гудамжинд амьдрах болсон шалтгааны 82 хувийг эзэлж байна хэмээн тэмдэглэжээ.
Түүнчлэн ЦЕГ-ын статистик мэдээллээр: 2017 онд бүртгэгэдсэн нийт 326259 гэмт хэргийн 17 хувь буюу 5477 нь архидан согтуурсаны улмаас үйлдэгджээ. Мөн тус онд нийт 86,497 иргэн эрүүлжүүлэх байранд саатуулагдсаны 2,3 орчим хувь нь 20 хүртлэх насны залуучууд байжээ.
“ХУУЛИА МӨРДЬЕ -21” САРЫН АЯН ЗАРЛАЛАА
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МХЕГ, ЦЕГ-тай хамтран “Хуулиа мөрдье -21” хэмээх нөлөөллийн үйл ажиллагааг эхлүүлжээ.
Энэхүү аян сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасан 21 нас хүрээгүй иргэнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, 18 нас хүрээгүй иргэнийг архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг болон үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжид ажиллахыг хориглосон заалтаа хэрэгжүүлэхийг юм. Хэрэв уг хуулийг мөрдөж ажиллаагүй ААН, байгууллага байвал хүүхдийн тусламжийн 108 утас болон ЦЕГ-ын 102, МХЕГ-ын 18001286 утсанд мэдээллэх боломжтой юм байна.
С.ШҮРЭНЧИМЭГ