УЛААНБААТАРЫН УТААНЫ ТАЛААРХ АРХИТЕКТОРЫН БОДОЛ

2018-01-18  

Бүх төрлийн нүүрс утаа гаргадаг юм байна гэдгийг бүгд ойлгожээ!

Утаа гаргадаггүй дулааны эх үүсвэр бол ГАЗ, Хямд үнэтэй цахилгаан юм байна гэдэг нь нэгэнт ойлгомжтой боллоо. Утаагаа бууруулья, түүнээс салья гэвэл гэр хорооллыг биш орон сууцыг сонгох нь зөв юм гэх Хотын удирдлагын санааг ч ойлгож байна. Тэгэж байтал Улаанбаатар хотод баригдаж дууссан боловч зарагдалгүй эзнээ хүлээж буй 40000 айлын сууц бий гэсэн тооцоо гарсан. Түүнд орох хүсэлтэй иргэд байвч, төлбөрийн чадвар, бэл бэнчин нь дутаж байна гэнэ.

Тэгэхээр утааг багасгах боломж байна, түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? гэдгийг л төрийн зүгээс санаачилмаар санагдана. Өнөөгийн нөхцөлд шинээр орон сууцны барилга нэмж барихдаа биш, харин баригдсан бэлэн барилгыг худалдан авах боломжийг иргэдэд нээж өгөх, орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдийнхээ орлогын чадварыг дээшлүүлэх, түлхэц үзүүлэх бодлогыг төр, засаг сэдээсэй, түүнийгээ нэвтрүүлээсэй гэж хүсэж байна. Ялангуяа нийслэлийн утааны дийлэнхийг гаргадаг дундаас доош орлоготой иргэдэд бодлогоо чиглүүлж, төрийн дэмжлэг үзүүлэх нь утаанаас салах нэг гарц мөн гэдгийг онцолмоор байна. Мэдээж Улаанбаатар хотыг бүхэлд нь орон сууцжуулбал утаанаас сална гэдэг гэнэн ойлголт. Машины яндангаас гарах дөрвөн улирлын утааг ч тооцохгүй орхиж болохгүй. Дээр нь иргэдийнхээ амь, амьжиргааг сайжруулах талаар бодох цаг болсон. Ядуурал улам нэмэгдэж байна. Хот суурин гэлгүй, хөдөө орон нутагт ажлын байр хумигдаж, бизнесийн орчин эрс дордсон. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөн нэмэгдэж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар тааруу, ядуурал газар авсан зэргээс шалтгаалан ядуурал нэмэгдэж, хөдөө орон нутагт ч иргэд тогтохоо больжээ. Хот хөдөөгийн ялгаа ч ихэссэн. Ийм нөхцөлд Улаанбаатарыг чиглэсэн их нүүдэл зогсоно ч гэж байхгүй. Дээр нь иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийг захиргааны шийдвэрээр хааж боож чадахгүй.

Улаанбаатарын иргэдэд дэмжлэг үзүүлж орон сууцжуулах хөтөлбөр гүнзгийрэх тусам хөдөө орон нутгаас ч энэ дэмжлэгийг авах зорилготой нүүдэл цаашид улам нэмэгдэж, утаатай яндангийн тоо буурах биш өссөөр байх төлөв ажиглагдаж байна!... Дагавар хот байгуулах, хотоос зарим салбарыг нүүлгэн гаргах зэргийг үгүйсгээгүй л дээ. Энэ бол зайлшгүй хийх цаг нь болсон зүйлс. Эдгээрийг хийлээ хийлээ гэхэд их утаа гаргаад буй учир шалтгааныг дарахад нөлөөлж чадахгүй санал санаачлага юм. Магадгүй энэ нь сайжруулсан зуух төслийн ээлжит хувилбар болохыг үгүйсгэхгүй. Утааг бууруулахад багахан нөлөө үзүүлэх төдий ч, цаанаа нь хэсэг бүлэг хүмүүсийн бизнесийн тоглоом байж байхыг үгүйсгэж болохгүй!

Эцэст нь санаагаа давтан лавшруулахад; -Улаанбаатарын утааг бууруулах гол арга нь дулааны утаагүй эх үүсвэр болох Газ, Хямд үнэтэй цахилгаан. Дээр нь хотын захын хороолол болон хөдөө сууринд амьдралаа залгуулж буй иргэдээ дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэх, ажлын байрыг олноор бий болгож, тэдний амьдралын түвшинг дээшлүүлснээр ядуурлыг бууруулж, их нүүдлийг зогсоох явдал юм байна шүү! Надтай саналаа хуваалцаарай, найз нараа!

 

 

 

Н.ЦОГТОО ( Монгол улсын зөвлөх архитекторч)

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?