“МОНГОЛ ЦЭРЭГ-ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД” ҮЗҮҮЛЛЭГИЙН ХЭСГИЙГ ШИНЭЧЛЭН ДЭГЛЭЛЭЭ

2018-01-26  

Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд бодит хувь нэмрээр оруулж, Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн мандуулахын зэрэгцээ Зэвсэгт хүчний түүхийн хуудсыг улам бүр баяжуулсаар байна.

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт хүн ард эцэс төгсгөлгүй хямрал мөргөлдөөний золиос болж, маргаантай зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд цэргийн хүч, зэр зэвсэг хэрэглэсээр байна. Ингэснээр мянга мянган хүн амь насаа алдаж, сая сая хүн орон гэрээсээ дүрвэж, бүр илүү олон хүн зовж шаналж байна.

Энэ бүхэн нь аливаа үүссэн маргаантай асуудлыг эвийн аргаар яриа, хэлэлцээрээр шийдэх, нөхцөл байдлыг түргэн хяналтдаа авч, хямралыг намжаах талаар яаравчлан ажиллах шаардлагатайг байнга сануулсаар байгаа юм. Иймээс Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тодорхой үүрэг, хариуцлага хүлээж, өөрийн хувь нэмрээ оруулахыг эрхэмлэхийн хамт НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож, манай цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна.

Монгол Улс ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлэн хөгжихийн зэрэгцээ дэлхийн бусад орнуудтай гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцож, даян дэлхийн шударга улс түмнүүдтэй харилцан эрх тэгш, энх тайвнаар зэрэгцэн оршиж, энхийг эрхэмлэсэн олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг баримтлан хэрэгжүүлж байна.

Ингэснээр Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий НҮБ-ын энхийг сахиулагчидтай мөр зэрэгцэн алба хааж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, энхийн үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа юм.

Анх 2002 онд манай Зэвсэгт хүчний 2 офицер НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэж эхэлснээр энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо бодит ажил хэрэг болж, 2003 онд “Иракийн эрх чөлөө” дайны дараах сэргээн босголт, хүмүүнлэгийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг анх удаа мотобуудлагын ротын бүрэлдэхүүнээр үүрэг гүйцэтгэсэн түүхэн цаг хугацаанаас хойш эдүгээ 15 жилийн ойн босгон дээр иржээ. Энэхүү цэргийн багийн үндсэн бүрэлдэхүүнийг Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид бүрдүүлж ирсний дээр Төрийн цэргийн байгуулал, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын офицер, ахлагч нар ч олон тоогоор хамрагдах болж, энэ хугацаанд нийт энхийг сахиулагчдын тоо давхардсан тоогоор 15000 гаруйд хүрчээ.

Ийнхүү Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцон үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байгааг НҮБ болон хамтран үүрэг гүйцэтгэсэн улс орны төр, засгийн удирдлагууд, цэргийн мэргэжилтнүүд удаа дараа өндрөөр үнэлж байгаа ба энэ бүх амжилт нь энхийг сахиулагчдад мэргэжлийн өндөр ур чадвар, сахилга, зохион байгуулалт, мэдлэг, дадлага туршлага, тэсвэр хатуужлыг дэлхий дахинд илтгэн харуулж байна.

Монгол цэргийн музей тэдний үүрэг гүйцэтгэлт, оролцоо, байгуулсан гавьяа, түүхэн сургамжийг улам бүр тодотгон “Монгол цэрэг-Энхийг дэмжих ажиллагаанд” үзүүллэгийн хэсгийг шинэчлэн дэглэх төслийг боловсруулсан ба энэхүү төслийг АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамнаас дэмжиж, ажил хэрэг хэрэг болгож байна.

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд 1987 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Дипломат төлөөлөгчийн газруудын ажилд туслалцаа үзүүлэх тухай” БНМАУ-ын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын харилцах ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаас дипломат харилцаа эхэлсэн түүхтэй. Ингэснээр дээрх хоёр орны хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоосон ба өнгөрсөн хугацаанд манай орны нийгмийн бүхий л салбарт нягт хамтран ажиллаж байгаагийн нэг нь АНУ-ын ЭСЯ-наас хэрэгжүүлдэг Соёлын хөтөлбөрүүд юм.

Тиймээс  Монгол Улс, Амеркийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг нь Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр “Монгол цэрэг-Энхийг дэмжих ажиллагаанд“ үзүүллэгийн хэсгийг Монгол цэргийн музейн шинэ түүхийн танхимд шинэчлэн дэглэснээр түүхэн ач холбогдолтой юм.

Энэхүү үзүүллэгийн хэсэгт Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхий дахины энхийн үйл хэрэгт оролцсон оролцоог дэлхийн газрын зурагт бодитойгоор үзүүлж, “Иракийн эрх чөлөө” дайны дараахь сэргээн босголт, олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд олон үндэстний дивизийн “Чарли” цэргийн баазад үүрэг гүйцэтгэсэн байдлыг тусгасан макет, харуулын болон хүч нэмэгдүүлэх байрыг дүрслэн харуулж, үзэгчдээс дурсгалын зураг татуулах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой.

Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон оролцоог харуулсан бодит үзмэр, эд өлгийн зүйлсийг дэлгэж, ажиллагааны онцлог бүрт тохирсон дэлгэрэнгүй тайлбар хийх бололцоог олгосон юм.

Тэрчлэн АНУ-ын түүх, газар зүйн байрлал, төр, захиргааны зохион байгуулалт, манай хоёр орны гадаад хамтын ажиллагааны талаарх мэдээллийн санг шинээр бүрдүүлсэн нь түүхэн ач холбогдолтой болсон юм. Түүний зэрэгцээ орчин үеийн техник технологийн дэвшил, давуу талыг ашиглан энхийг дэмжих ажиллагаатай холбогдох баримтууд, хууль тогтоомжууд, энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд оролцсон цэргийн баг, НҮБ-ын цэргийн ажиглагч, штабын ажилтнууд нэг бүрийн талаарх иж бүрэн мэдээллийн санг шинээр бүрдүүлж, дэлгэрэнгүй, цогц мэдээлэл авах боломжтой болсон юм.

“Монгол цэрэг-энхийг дэмжих ажиллагаанд” үзүүллэгийн хэсгийг шинээр дэглэхэд дэмжлэг үзүүлсэн АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яам, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газар, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн хамт олон, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн хамт олонд талархал илэрхийлье.

 

 

МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?