З.САНЖДОРЖ : 1991 ОНД БНМАУ БАЙХ ҮЕД БАТЛАГДСАН БУРХАН ШАШИНТНЫ ДҮРЭМ ӨНӨӨДӨР ОГТ ШИНЭЧЛЭГДЭЭГҮЙ

2018-01-27  

Бурханы Шашинтны Удирдлагын Академиас Бурхан шашинтны чуулганыг зохион байгууллаа. Чуулганаар Монголын Бурхан шашины өнөө ба ирээдүйн нөхцөл байдал, хууль, дүрэм журмын өөрчлөлт, шинэчлэл гэх мэт олон асуудлыг хэлэлцсэн байна. Чуулганыг зохион байгуулагч БШУА-ийн тэргүүн З.Санждорж болон Монгол Улсын Гавъяат Багш, ШУ-ны доктор, профессор, Дэлхийн Ирээдүй Судлалын Нийгэмлэгийн гишүүн  Ц.Дэмбэрэл нартай ярилцлаа.

З.САНЖДОРЖ : 1991 ОНД БНМАУ БАЙХ ҮЕД БАТЛАГДСАН БУРХАН ШАШИНТНЫ ДҮРЭМ ӨНӨӨДӨР ОГТ ШИНЭЧЛЭГДЭЭГҮЙ

Бурханы  шашинтны чуулганы гол зорилго юу ?

Төр сүм, хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа энэ үед олон хийд, шашны байгууллагуудын төлөөлөл өөр өөрсдийн санал бодлоо илэрхийлж байна. Шашныхаа дүрэм журмыг эргэж харъя, шинэ хуулиндаа тусгуулъя, өөрчилж шинэчлэх зүйл байна, гэх мэтээр. Хамгийн гол нь дүрэмд өөрчлөлт оруулж шинэчлэн батлах хэрэгтэй байгаа юм. Тиймдээ ч өнөөдөр чуулж санал бодлоо солилцож байгаа юм.

Шашны дүрэм журмын юу нь болохгүй болоод өөрчлөлт, шинэчлэлт оруулах шаардлагатай гэж үзээд байгаа талаараа тодорхой тайлбарлаад өгөөч?

Олон жишээ дурдаж болно. 1991 онд Монголын бурхан шашинтны анхдугаар чуулган хуралдсан. Энэ чуулганаар анх Монголын бурхан шашинтны дүрмийг баталсан байдаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл огт гар хүрээгүй. Гэвч уг дүрэмд хууль зөрчсөн олон зүйл заалт бий л дээ. 

Хамгийн энгийн нэг жишээ дурдахад, уг дүрмээ батлахдаа “Бүгд Найрамдах Монгол Ард Улс дахь Бурхан шашны дээд байгууллага мөн”  гээд заачихсан байдаг. Ингээд улсынхаа нэрнээс эхлээд л зөрчил их. Энэ бүхэн дээр эрдэмтэн мэргэд, лам хуваргууд, шашны байгууллагын төлөөллүүд тал талын байр сууриа илэрхийлж санал солилцох зорилготой юм.

Бурхан шашинтны дүрэм 26-27 жилийн өмнө батлагдаж байсан юм байна шүү дээ?

Тэгэлгүй яахав. Үндсэн хуультай чацуу шахуу энэ дүрэм өнөөг хүртэл огтхон ч өөрчлөгдөөгүй байна гэдэг бид нийгмээсээ асар их хоцорч байгааг илэрхийлж байгаа хэрэг л дээ. Сүсэгтэн олны боловсрол мэдлэг дээшилсэн байна. Нийгэм ч өөрчлөгдсөн. Үүнийг дагаад бурханы шашныг нэгдсэн бодлогогүй гэх шүүмжлэл ч гарч байна. Гэтэл бид хиртэй буртагтай хийддээ одоо ч үйл ажиллагаа явуулсаар л байна. Энэ бүхнээ л өөрчлөх ёстой. Цаг үеээ дагаж өөрчлөгдөх ёстой гэж үзээд байгаа юм л даа.

Таны саяын “өөрчлөгдөх ёстой” гэж хэлсэнчлэн шүүмжлэх хүмүүс багагүй байна л даа. Зарим нь монголын Бурханы шашин ямар ч менежментгүй ч гэх юм?

Монголын Бурханы шашны удирдлага тодорхойгүй.Төв хийдийг хүмүүс удирдлага гэж ойлгодог. Гэтэл яг удирдлага мөн үү биш үү гэдэг нь эргэлзээтэй. Энэ мэт олон асуудал бий. Уг нь би 10 жилийн өмнө Бурхан шашинтны дүрэм журамд өөрчлөлт оруулъя гэж хэлж байсан. Харин одоо 10 жилийн дараа сая нэг юм энэ асуудалд анхаарах аястай болж байна. Энэ сайн хэрэг. 

Ер нь бусад бурханы шашинтай улсууд дүрэм журмаа хэр давтамжтай шинэчилж өөрчилсөн байдаг юм бэ?

Маш их ач холбогдол өгдөг. Жишээ нь манай хойд хөршийн ерөнхийлөгч, ерөнхий сайд нь Улан-Үдэ дэх Бурханы шашны төв Иволгин дацанд өөрсдийн биеэр очиж дэмжиж байна. Оросууд өөр шашинтай боловч Буддын шашинд ингэж ач холбогдол өгч төрийн бодлогын түвшинд авч явж байна. Урд хөрш мөн ялгаагүй.

Буддын шашны сүсэгтнүүдийн тоо жил ирэх бүр буурсаар байгаа гэх мэдээлэл байдаг шүү дээ. Энэ нь магадгүй бид хууль дүрэмдээ өөрчлөлт оруулахгүй байгаатай холбоотой байх нь ээ?

Ер нь тийм. Хууль дүрэм нь тодорхойгүй болохоор замбараагүй, эмх цэгцгүй болоод байгаа юм л даа.

Ц.ДЭМБЭРЭЛ: БУДДЫН ШАШИН 1930-ААД ОНЫ ҮЕД ШҮТЭГЧДИЙНХЭЭ ТООГООР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ БАЙСАН БОЛ ОДОО 4-РТ ОРЖЭЭ

Монголын Бурханы шашны өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ? Зарим нэг нь мухар сүсэг төдий байна гэж хардаг бол зарим нь бурханы шашинтай бусад орнуудтай харьцуулахад зөв хөгжиж байгаа гэж дүгнэж байх шиг байдаг?

Би юуны өмнө өөрийгөө танилцуулъя. Би Дэлхийн Ирээдүй Судлалын Нийгэмлэгийн гишүүн хүн. Монголын ирээдүй судлалын нийгэмлэгийг тэргүүлж байна. Ирээдүйд шашин юу болох вэ. Тэр дотроо Бурханы шашин юу болох вэ гэдгийг олон жил судалж, сонирхож байна. Би өөрөө ямар нэгэн шашны секторт хамаарахгүй зүгээр л судлаач хүн. Миний хувьд бүх шашин адилхан объект гэдгийг хэлэх ёстой.

Ер нь шашны ерөнхий төлөв тун таагүй байгаа. Хаа яагүй шашин суларч байна. Христ ч бай ислам ч бай бурханы шашин ч бай шүтэгчдийнх нь тоо буурч байна. Хүмүүс эрүүл, саруул ухаан руу ахиж байна. Соёлжиж боловсорч байна гэсэн үг л дээ. Тэр хэрээр бурханы болон бусад шашнуудаас “яагаад” гэдгийг асуудаг болж. Тиймээс тайлбарлаж чадахгүй нь нураад байгаа юм. Үүнээс улбаалан бусад шашнууд олон удаагийн чуулганыг зохион байгуулдаг болжээ. Ингэхдээ хуулиа яаж өөрчлөх вэ, лам нар ямар байх юм, бидний үйл ажиллагаа сүсэгтнүүдийнхээ хүссэн түвшинд байж чадаж байна уу үгүй юу, цаг үеийнхээ өөрчлөлтөнд хэрхэн дасан зохицох вэ гэдгээ хэлэлцдэг болсон байна.  

Харин Монголын Бурхан шашинтны энэ чуулган манай буддистүүдийн хувьд шинэлэг зүйл гэж би ойлгож байна.

Ер нь дэлхийн буддистүүд түүхэндээ 6 удаа чуулсан байдаг. Одоо 7 дахь чуулганаа хийх ёстой. Зургаа дахь нь 1954 онд болсон. 64 жилийн өмнө. Гэвч энэ их өөрчлөлтийн үед чуулганаа хийхгүй байна гэдэг нь бүтцийн хувьд нэн хоцрогдол болж байгаа хэрэг.

Буддын шашин  1930-аад оны үед шүтэгчдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг байсан бол одоо 4-рт оржээ. Урдаа гурван шашнаа тавиад туучихсан. Хиндү, Ислам, Христ. Энэ бол асуудал мөн.

Гэвч нэг давуу тал байгаа нь Буддын шашинд боловсролтой хүмүүсийн хувь хэмжээ нэмэгдээд байна. Гэтэл нөгөө шашнуудад тийм зүйл байхгүй. Энэ юуг хэлж байна гэхээр, хүн боловсролтой, оюунлаг болох тал руу ойртоод байна гэсэн үг. Үүнд манай Далай багш Данзанжамц гуайн нөлөө их байна. Би буддын лам нарыг Далай багш шигээ л болох хэрэгтэй гэж зөвлөдөг.

Нэгдүгээрт, Монголын буддын шашинд менежмент байхгүй. Тогтолцоо юм бол хууль, дүрэм, журам гэж байна аа даа. Манай буддын шашны удирдлага сүүлийн 20-30 жилд гаргасан том алдаа бол ямар ч менежмент хийсэнгүй. Тэгэхээр нураад унана биз дээ. Гэтэл Христийн шашныг хар. Ямар мундаг менежменттэй байна вэ.

Хоёрдугаарт, шашныг манлайлан авч явдаг юм байна. Далай лам шиг урд нь өөрөө орж манлайлж явах ёстой юм. Монголд тийм манлайлагч байна уу? Байхгүй. Шашныхаа номыг үзэж манлайлахгүй бол яаж болох вэ. Энэ бол маш том аюул.  Тиймээс би энэ бүхэн дээрээс үндэслээд “байдал нэн хүнд байна” гэж ойлгож байгаа юм. Тиймдээ ч өнөөдөр Монголын бурханы шашинтны чуулганыг хийж байгаа байх гэж ойлгож байгаа шүү дээ.

МАНАЙ БУДДЫН ШАШИН СҮСЭГТНҮҮДИЙН ИТГЭЛ ДЭЭР Л ТОГТОЖ БАЙНА

Түрүүн та дурдлаа. Менежмент байхгүй, манлайлал байхгүй байна гээд. Тэгвэл магадгүй сүсэгтний тоо буурсан нь энэ асуудлуудтай холбоотой гэж ойлгох уу?

Манай буддын шашин сүсэгтнүүдийн итгэл дээр л тогтож байна. “Манай юм гэнэ билээ, бидний юм гэнэ билээ” гэдэг итгэл. Түүнээс биш сургаалийг нь ойлгуулаад тайлбарлаж байгаа зүйл алга. Гэтэл буддын сургааль гэж  нэг зүйл байдаг юм. Энэ бол маш сайн сургааль. Би бүр өө олдоггүй. Буддын философи гэж нэг юм бас байна. Энэ бол шашны философи. Буддын шашин гэвэл бүр наашаа сууж байна. Буддын шашин дотроо олон урсгалтай л даа. Тэр нь хоёр хуваагдаад явсан байгаа юм. Түвдийн буддизм гэж байна. Тэр нь мөн олон урсгалтай.

Тэр дундаасаа түвдийн шарын шашин буюу ламайзим монгол ирчихсэн юм. Тиймээс одоо буддын анхны сургааль руу л орох ёстой. Будда өөрөө айлдсан байдаг. "Цөвүүн цаг ирнэ. Цөвүүн цагт хойт зүгээс миний шашныг аврагчид ирнэ" гэж. Хойт зүг гэдэг нь Монгол л байхгүй юу. Ерөөсөө будда юу гэж мэдэрсэн юм гэхээр, "Монголоос л миний шашныг аврагчид гарна" гэж хэлсэн хэрэг. Зонхуб бол монгол гаралтай. Аврах гэж нэг үзсэн. Гэхдээ Зонхубын үйл хэрэгт авах юм бий, алдаа ч их бий. Алдааг нь хаяад, авахаа аваад дахин шинэчлэх л шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, монголоос л буддын шашны шинэ төлөв байдал, жинхэнэ "монгол буддизм" гарна. Цаг нь болсон. Үүнийг Тайланд чадахгүй, Шриланк чадахгүй, Бутан, Балба огт чадахгүй. Камбожи бол бүр чадахгүй. Ардчилал байхгүй. Барууны соёлын үнэт зүйл байхгүй.

Буддын шашинтай олон улс үндэстэн байна. Манай буддизмын тэднээс ялгарах ямар онцлог байна?

Буддын шашныг ажиглаж байгаагаар хоёр том чиглэл байна. Оюун ухааныг дагах уу, холдох уу гэдэг. Дагвал “яагаад” гэдэг асуултанд хариулах. Жишээлбэл, хүн нэг юмаа хулгайд алдлаа. Манай нэг эгч байгаа юм л даа, хөдөөний. Жадамба гэдэг судар авсан байгаа юм. Өөрөө мэдэхгүй. Гэтэл мал алдсан чинь “Жадамба судраараа далла” гэдэг гэнэ. Ингэхээр адуу хулгайлсан хүн олдох юм гэнэ.

Үүнийг тайлбарлах ёстой байхгүй юу.  "Яагаад Жадамба гэдэг судрыг даллахаар адуу олддог юм бэ?" гэдгийг. Энэ бол оюун ухааныг дагаж байгаа хэрэг. Япон, Солонгос, Хятадууд дагасан. Зэн буддизм гэх мэт үнэхээр сайн. Манай лам нар энэ чиглэл рүү явах ёстой.  Авахыгаа аваад хаяхыг нь хаяад явбал "жинхэнэ монгол" буддизм гарна. Шинжлэх ухаантай "юм" гарна.  

Нөгөө нэг хэсэг байна. Оюун ухаанаас холдчихсон. Үүнд ид шид, мухар сүсэг, дом, гүрэм мөн үү? Энэ бол тантризм юм. Манжийн төр манайхныг номхон, хүлцэнгүй болгоод буддизмийг хэрэгсэл болгосон. Өөрөөр хэлбэл, монголын буддын шашин шашин гэхээсээ илүү амьдрах хэрэгсэл болсон.

Энэ нэг талдаа зөв. Баруунд бас шашин бол хэрэгсэл юм гэж тайлбарлаж байна. Машин шиг. Дугуй хагарвал солино. Үүнд ард түмэн буруугүй. Энэ тал дээр нь би буруутгахгүй байгаа юм. Одоо үүнийг арай хөгжүүлээд Далай багш шигээ болоод шинэчлээч ээ л гээд байгаа юм.

Хамгийн гол нь шашныхаа шинэлчлэлийг Далай ламыг амьд сэрүүн дээр хиймээр байгаа юм. Далай лам шиг ухаантай, төгс боловсорсон хүн дахиад гарахгүй. Гаргахад дахиад 60 жил хэрэгтэй. 60 жилийн дараа гаргахдаа бага насны хүүхдүүдээс шигшиж байгаад тусгай дэглэмээр өдөр шөнөгүй "балбаж" байж гаргаж ирнэ. Гэтэл ийм цаг хугацаа байгаа юм уу? Байхгүй шүү дээ. Данзанжамц гуай /Далай лам/ байхгүй болчихвол орлох хүн байхгүй болно. Дэлхий дээр ийм удирдагчтай ганц л шашин байгаа шүү дээ. Хаанахын ч ерөнхийлөгчтэй очоод уулзахад түүнийг хүн гэдэг утгаар нь шүтдэг. “Ямар ухаантай, ямар гоё ярина вэ, яасан онож хэлнэ вэ?” гэж. Гэтэл нөгөө шашнуудад ийм хүн огт байхгүй.

Буддын шашин амьдрах хэрэгсэл болчихсон учраас л нөгөө мухар сүсэг илүү хөгжөөд байгаа юм биш үү?

Мухар сүсэг рүү орлоо ч одоо хол явахгүй. Мэдээллийн цунами болсон энэ үед манай лам нар тэр мэдээллийн эсрэг зогсох ямар ч боломжгүй. Харин дотор нь ороод өөрчлөх ёстой. Энэ бясалгалын арга гэж гайхамшигтай  зүйл байна. Тайвшруулдаг, өөр төлөвт шилжүүлдэг. Зэн буддизм гэх мэт нь олчихсон байна.

Манай лам нар дээр үед их бясалгадаг байсан тэр хэрээрээ ч эрдэмтэй номтой байсан талаар иргэд дурсдаг. Өнөөдөртэй харьцуулбал бясалгадаг лам байна уу, ямар түвшинд байгаа бол?

Байгаа байх гэж бодож байна. Гаргаж ч болно. Лам нарын ихэнх нь тийм биш байж болно, хамаагүй. Сүсэгтнүүд сул байж ч болно. Түүнийг сайжруулж болно. 20 жилийн дараа сүсэгтнүүд шал өөр болно. Хүмүүс, сүсэгтнүүд шинэчлэгдэж байхад монголын бурханы шашин хоцорч болохгүй. Шинэчлэх цаг нь болсон. Тэргүүнээ дөрвөн жил тутамд сонгуулиар сонгодог болох ёстой. Чаддаг нь сууж л байг. Энэ мэтээр өөрчлөхгүй бол оршин тогтноход хэцүү.

Сүсэгтнүүдийн тоо цөөрсөн гэж та дээр дурдсан. Монголын бурханы шашны сүсэгтний тоо хэрхэн буурсан судалгаа байна уу? Ер нь сүүлийн үед Христ зэрэг бусад шашин хүч түрэн орж ирэх болж?

Үүнийг яг тооцоолж гаргаж үзээгүй юм байна. Дэлхий дээр бол гаргасан судалгаа байдаг.

Дахиад нэг асуулт асууя. Манайхан дунд нэг шүүмжлэл бий. Энд тэнд дуртай нь гандан, хийд байгуулаад өөрсдийгөө хамба гэж өргөмжлөөд явж байдаг гээд. Энэ байж болох асуудал уу?

Үүн дээр гадны би юу хэлэх вэ. Ер нь удирдах зөвлөлтэй байх нөхцөлд тэндээсээ шийдвэрээ гаргадаг баймаар байгаа юм. Хаана гандан хийд байгуулах вэ, хаана байгуулахгүй вэ гэх мэт асуудлаа ч.

Лам нараа эрэмбэлдэг болмоор байна. Савын онолоор. Сав гэдэг нь IQ /оюуны чадвар/.  Хуучны буддын шашинд сав нь муу хүнийг орхидог байжээ. Үүнийгээ сэргээмээр байна. Гэхдээ миний мэдэх асуудал биш. Буддын шашныхны л дотоодын асуудал юм даа.

Баярлалаа танд.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
САРАНЧИМЭГ:МАШ ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДСӨН БАЙНА ШҮҮ.МАНАЙХ ОРХИГДООД УДАЖ БАЙНА ЭНЭ ТАЛ ДЭЭР ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙД ЮУ БОДОЖ ЮУ ТӨЛӨВЛӨЖ ЯВДАГ БОЛ ? 2018-01-27
Zochin:anhaaral asuudal ****shgvi mun 2018-01-27
Tuya:Tsag yuee olson zuv aduudlig yarij bna 2018-01-27
хээ:за маш сайн байна хэрэгтэй юм байна 2018-01-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?