АРХАНГАЙН С.МАЙНБАЯР ТҮРҮҮЛЛЭЭ

2018-01-29  

Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн нэгдүгээр сарын барилдаан явагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн барилдааны Ховдын сумын заан Б.Баяраа, Б.Даваадалай, Хөвсгөлийн Ц.Цэнд-Аюуш, Архангайн С.Майнбаяр, Завханы Т.Хайдавдорж нар манлайлж  416 хүчтэн зодоглов. Нэгдүгээр сарын барилдаанд өмнөх сарын түрүү бөх Хэнтийн Д.Алтанцоож, Увсын Б.Сэр-Од, Ховдын Б.Сосорбарам Архангайн Б.Сэнгэдорж нарын шилдгүүд өнжсөн.

Нутаг нутгийн шилдэг залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан С.Майнбаяр ес давж түрүүлсэн бол Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат сумын заан Ц.Цэнд-Аюуш найм давж үзүүрлэлээ. Барилдааны их шөвөгт Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат “Аварга” дээд сургуулийн оюутан  Д.Эрдэнэтулга, Өмнөговь аймгийн харьяат сумын заан Б.Бат-Эрдэнэ нар шалгарсан юм.

Нэгдүгээр сарын ээлжит барилдаанд Архангай аймгийн Хайрхан харьяат сумын заан О.Баярбаасан гол шуугианыг тарьсан. Биеэр жижиг ч уран дайчин барилдаантай заан Хэнтийн Цэрэнням, Ч.Одхүү, Б.Даваадалай, Булганы Ц.Цолмонбаатар нарыг өвдөг шороодуулж анх удаагаа шөвгөрсөн. Мөн Өвөрхангай аймгийн харьяат сумын заан О.Мягмардорж Увсын Т.Мөнх-Эрдэнийг модоход нь давуулж гуядаж давснаар шөвгөрөв. Өөр нэгэн залуу хүчтэн энэ өдөр сайн барилдсан нь жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Алтанбагана. Тэрээр Хэнтийн Ц.Чинзориг, Увсын Т.Батсүрэн нарын сайчуулыг өвдөг шороодуулж  Өвөрхангайн Н.Даваадоржийн дархан хонгодоонд нь өртөж тахим өгсөн.

Дээгүүр барилдах тааварт явсан аравдугаар сарын барилдааны түрүү бөх Увсын Д.Батмөнх тавын даваанд  Говь-Алтайн Д.Эрдэнтулгад мордуулж унасан бол арваннэгдүгээр сарын түрүү Архангайн Ө.Батсуурь энэ  даваанд Завханы Б.Лувсандоржийн зайлж хавирах мэхэнд тэссэнгүй.

Мөн Ховдын Ц.Төмөрцоож барилдааны гурвын даваанд Өвөрхангайн улсын начин Ганбаатарын хүү сумын заан Эрдэнэбаяртай удтал хүч үзээд барьц сонгуулж өвдөг шороодсон бол үндэсний бөхийн залуучуудын улсын аварга Х.Наранбаяр  өнөөх  бяртай заан Б.Лувсандоржид тахим өгнө лээ.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?