ОТРЫН МАЛЧДЫГ ӨӨР АЙМАГ, СУМЫНХ ГЭЖ ЯЛГАВАРЛАХГҮЙГЭЭР ЭРҮҮЛ МЭНД, АХУЙ АМЬДРАЛД НЬ ТУСАЛЖ, ДЭМЖИЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2018-01-31  

Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нараар ахлуулсан Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг өнөөдөр Завхан аймгийн  Тосонцэнгэл суманд аймагт ажиллаж байна.

Завхан аймгийн хувьд 2018 оны 01 дүгээр сард хүйтний эрч эрс чангарч, Тосонцэнгэл, Их-уул Тэлмэн, Отгон, Сонгино, Баянтэс, Тэс,  Цэцэн-Уул сумдын нутгаар 45-53 градус хүрч хүйтэрсэн байна.

Түүнчлэн 2017 оны 10 сарын 01-нээс 1 сарын 30-ыг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд нийт 17-52 удаагийн их, бага хэмжээний хур тунадас орсон. Бүх нутгаар цасан бүрхүүл тогтож цасны дундаж зузаан 5-30 см хүрээд  байна.

Гантай байсан газруудад мал бэлчээрлэх боломжгүй болж, тарга тэвээргээ огцом алдаж, өвс тэжээлийн дутагдалд орж  малын хорогдол ихэсчээ.Явган шуурга байнга болж байгаагаас орон нутгийн зарим зам, даваа хаагдаж малчдад төрийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүссэн байна.

Өдрийн цагаар уур манан үүсч үзэгдэх орчин хязгаарлагдсанаас иргэд төөрөх, цасанд суух, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийн түлш царцаж тусламж хүссэн дуудлагын тоо эрс ихсэж Онцгой байдлын газрын ачаалал нэмэгджээ. Эрчим хүчний шугам сүлжээнд гэмтэл гарч, цахилгааны хязгаарлалтад орсон, халаалт дулаанд түлш нүүрсний зарцуулалт нэмэгдсэн бол Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, сумдын Эрүүл мэнд, ЗДТГ-ын автомашинд эвдрэл гэмтэл гарч, шатахууны зарцуулалт хоёр дахин ихэсчээ.

2018 оны 02 дугаар сард нутгийн хойд, зүүн хойд, зүүн хэсгээр ахиу тунадас орох, нутгийн хойд хагаст олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа талаар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд хэллээ.

Завхан аймгийн хэмжээнд 232 өрхийн 740 хүн отор нүүдлээр яваа бөгөөд 0-5 насны хүүхэд 89, жирэмсэн эх нэг, ахмад настан 17, хөгжлийн бэрхшээлтэй 11 иргэн байгаа аж.

Аймгийн хэмжээгээр 24 сумын 115 багт 9100 малчин өрхөд 3.6 сая мал өвөлжиж байгаа бол Их-уул, Тосонцэнгэл, Отгон, Шилүүстэй, Баянтэс, Асгат, Ургамал, Түдэвтэй сумын 115 өрхийн  249 хүн, 71,7 мянган толгой мал хөрш зэргэлдээ Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын  17 сумын нутагт  отроор өвөлжиж байна.

Аймгийн аюулгүйн нөөц болон аймгаас тендэр зарлан бэлтгэсэн 178,5 тн өвс, 437,5 тн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилан олгож өнөөдрийн байдлаар  27,5 тн тэжээл үлдсэн байна.

Цагаан зудтай 8 сум, цагаан зудархуу 7 суманд өвс 138,5 тн, тэжээл 302.5 тн хуваарилан олгосны зэрэгцээ өвөлжилт хүндэрч болзошгүй  7  сум 1 аж ахуйн нэгжид  өвс 40 тн, тэжээл 135.5 тн хуваарилан олгожээ.

Аймгийн Онцгой комиссын хуралдааны үеэр тус аймагт ажиллаж буй  Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг, УИХ-ын гишүүдээс аймаг, орон нутгийн удирдлага, иргэд  асуулт асууж, хэдэн санал хэллээ.

Тухайлбал, аймаг дахь улсын нөөцийн цэг салбаруудад өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, Тэлмэн, Цагаанхайрхан суманд 2017 онд гарсан малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд гарсан зардлыг шийдвэрлэх, малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зориулалт бүхий мал эмнэлгийн ДУК автомашиныг шинэчлэх зэрэг хүсэлтийг тавив.

Аймгийн мал эмнэлгийн ДУК автомашиныг шинэчлэх асуудлыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле газар дээр нь шийдвэрлэлээ.Мөн Эрүүл мэндийн яамнаас Яруу, Дөрвөлжин сумдын Эрүүл мэндийн төв, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө.

Аймаг, орон нутгаас тавьсан саналыг үндэслэн Завхан  аймагт улсын нөөцөөс 850 тонн өвсийг үнэгүй, 1150 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөн олгохоор Улсын Онцгой комиссын шуурхай бүлгээс шийдвэрлэж, хүлээлгэн өглөө.

Аймгийн Онцгой комиссын хурлын төгсгөлд, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин,

-Засгийн газраас олгосон өвс, тэжээлийг хавтгайд нь тэгшитгэхгүйгээр, өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилан олгох,

-Мэргэжлийн байгууллагууд харилцаа, хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулах, мэдээ мэдээллийг түргэн шуурхай, тогтмол солилцоход анхаарах,

-Оторт яваа малчидтайгаа байнгын холбоо тогтоож,  мэдээ мэдээллээр хангах, тэр дундаа нярай болон 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг онцгой анхаарч, эмнэлгийн үйлчилгээ хүргэх

-Отроор яваа малчдаас малын хөлийн татвар, хураамж авч байгааг тухайн орон нутгийн удирдлагатай ярьж, тохиролцож харилцан ашигтайгаар шийдвэрлэх

-Отроор нүүдэллэж яваа малчдыг аль аймаг, сумынх гэдгээс үл хамааран хүнс тэжээл, шаардлагатай эм, түлш, нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч ажиллах,

-Малын гоц халдварт мялзан, шүлхий өвчин халдварлах бүхий л эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн, амьтан, техникийн шилжилт хөдөлгөөнийг хянах, ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ малыг вакцинжуулахдаа вакцины чанарт анхаарахыг үүрэг болголоо. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?