СЭТГҮҮЛЧ Г.ТЭГШЖАРГАЛ : СЭТГҮҮЛЧДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ ИХ ХУРАЛ УГААСАА БИЧИГДСЭН ЗОХИОЛ БАЙЖЭЭ

2018-02-09  

              "Сэтгүүлчид идээ бээрээ шахаж байж нийгэм идээ бээрээ шахна" гэж бүгд ярьж бичдэг мөртлөө намын харьяанд очиж, хаяаг нь дэрлэн амьдран сууя, аж төрье гэж уйлан донгодож, уухайлан хашгирч 6 цагийг өнгөрүүлсэн их хурлын тэргүүлэгч, төлөөлөгчдийг гайхаад барахгүй, ухаж ойлгох ухаан хүрэхгүй байсаар гарч ирэв.

Улс төрийн намуудыг шүүмжилж бичихдээ, СЕХ-хорооны Д.Содномцэрэнг мэрэхдээ чухам сайн сэтгүүлч бид нар өөрсдөө хурлаа хийж чаддаггүй, дэгээ мөрдөж мэддэггүй, зориуд будилуулдаг хүнээр хурлаа удирдуулчихаад хоорондоо хэмлэлдэж суусаар хайран цагийг барав.

             Би бодохдоо 3000 мянган сэтгүүлчийг төлөөлөх хуралд асуудал, шийдэл, туслалцаа, хөгжил ярих болов уу гэж бодож суув.

Гэтэл 1.6 гэсэн зүйл заалт дээр хэдэн цаг маргав. Энэ юу болсон бэ гэвэл өмнө нь МСНЭ-ийн дүрмийн 1.6-д улс төрийн намын харьяагүй хүнээр дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчийг дэвшүүлэн сонгох тухай заалт байтал энэ удаа тус заалтыг сэмхэн аваад хаячихсан байгаа юм.

305 хүний талаас илүү хувь нь хайрцаглагдаж сонгуулийн царцаа шиг орж ирээд суучихсан, "улс төрийн харьяанд байя" гэнгүүт нэжигнэтэл алга ташаад," улс төрөөс хол байгууллага байя" гэж үг хэлсэн хүн рүү шүлсээ үсчүүлж дайрдаг хэдэн боргодог нохой шиг хүмүүс гаргаж ирээд, тэдэнд нижигнэтэл алга ташаад байсан нь гутамшиг.

            Хамгийн аймаар нь сэтгүүлчдийн байгууллагын тэргүүнийг сонгох их хуралд сэтгүүлч биш хүмүүс ирж суучихаад, дийлэнх олонхыг бүрдүүлж, заалны уур амьсгалыг шууд намын хурал болгож хувиргасан нь угаасаа бичигдсэн зохиол байжээ гэдэг ойлголтыг шууд төрүүлж байгаа юм. Энэ дундуур эцэс төгсгөлгүй долоолт хөвөрч байсан нь гутамшиг.

Аан бас 305 мандат олгохдоо хяналтаа яаж тавьсан гэдэг нь ойлгомжгүй байв. 3000 мянган эгэл жирийн сэтгүүлчийн оронд мэдээнд явж үзээгүй байгууллагынхан тэр чигтээ төлөөлж, өөр мэргэжилтэй, сэтгүүлчийн халуун гал тогооны жаргал зовлон ойлгохгүй танихгүй хүмүүс төлөөлж мандат өргөв. Телевизүүдээс 2 жилийн татвар авсан атлаа сонин сайтын төлөөлөгчид яагаад 48 мянган төгрөг төлж орчихоод томроод байв, 5 тэргүүлэгчийн 2-нь хурлаа орхиод гарч байхад хурал яагаад үргэлжлэв гээд маш олон ойлгомжгүй асуудал хөвөрч байлаа. Ийм жонхууг олон хоногийн турш зохион байгуулалттай хийсэн нь илт байсаан...

 

АМЛАЛТАНД ХУУРТДАГ ГЭЖ АРД ТҮМНЭЭ ШҮҮМЖИЛДЭГ СЭТГҮҮЛЧИД ӨӨРСДӨӨ ИЙМ БАЙДАЛТАЙ Л СОНГУУЛИА ӨГЧ БАЙГААГ СОНСВОЛ ИРГЭД ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?

            Тэгээд эцэстээ бөөнөөрөө улс төрчид бууж өгөөд, Өмнөговь аймгийн МАН-ын дарга Х.Мандахбаярыг ерөнхийлөгчөөр сонголоо.

Мандаа намаасаа гарсан гэх бичгийг өгсөн гэх боловч тэр бол МАН-ын халуун гал тогооны хүн хэвээрээ. Өдгөө ч аймгийн намын даргын ажлаа өгөөгүй гэдгийг хэлэх байгаа эх сурвалж байна.

            Уг нь улс төрийн карьераа тууштай хөөгөөд, гуйвж дайвж яваа сэтгүүлзүйн салбарыг хүндлээд холхон байчихсан бол илүү зүгээр байх байлаа. Гэвч сайн менежер хэрэгтэй гэж үзсэн сэтгүүлчид хууль эрх зүйн орчноо сайжруулах, хувийн ёс зүйдээ анхаарах, түүнийг хянах, сургах, дээшлүүлэх байгууллагыг биш мөнгө олдог, улс төртэй найзалдаг газрыг хүссэн бололтой. Энэ хэрэгцээг Х.Мандахбаяр хангаж чадна гэдгийг би мэднэ. Тийм ч болохоор 4 жилийн дотор 1000 сэтгүүлчийн орон сууц барина гэж амлах шиг боллоо. Ийм амлалтанд хууртдаг ард түмнээ шүүмжилдэг сэтгүүлчид өөрсдөө ийм байдалтай л сонгуулиа өгч байгааг сонсвол иргэд юу гэж хэлэх вэ. 

            Тэр барилга баригдлаа гэхэд мань мэт орохгүй нь тодорхой. Угаас үнэнийг, шүүмжлэлийг хүлээж авахыг хүсэх ч үгүй биз. 1000 айлын байшингаа барилаа гэхэд энд тэндээс мөнгө босгоно, гуйлга гуйна, эргээд л хөрөнгө зардал өгсөн хүний халаасанд эвлэл даяараа орно. Ийм л ирээдүй харагдаж байна. Уучлаарай. Амжилт хүсье. Ингэж хэллээ гээд илүү үзэгдэж, элдэв зүхэлд автахаа ч мэдэж байна. Тэглээ гээд дуугүй суух гэж үү. Муу сайнаараа дуудуулж 13-14 дэх жилдээ сонин, ФМ-ээс эхлээд телевизийн салбарт өдөр бүрээ үзэг цаас холбож өнгөрүүлж байгаа жирийн сэтгүүлчийн хувьд бодлоо бичлээ.

 

ЭГЭЛ ЖИРИЙН СЭТГҮҮЛЧ НАДАД ИЙМ ЭВЛЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА

            Үүнд би өөрийн хэмжээнд мэдэх хоёр орны сэтгүүлчдийн эвлэлийн жишиг зарчмаас санаа авсан монгол сэтгүүлчийн мөрөөдлөө бичье. 

1. Дор хаяж 3 жил ажилласан сэтгүүлч мэргэжлээ дахин баталгаажуулж шалгалт өгсөн бол эвлэлийн гишүүнээр нэр төртэй элсдэг байх. 

2. Гишүүнчлэлийг идэвхитэй явуулах, сурталчлах, нэгэнт орсон гишүүн нэр төрөө өндөрт өргөж ёс зүйтэй ажиллах тангараг өргөх (сэтгүүлчдийн байгууллага энэ хэрээр өөрөө хариуцлагатай, ёс зүйтэй ил тод ажиллах зарчимтай байх) 

3. Гишүүнчлэлийн татварыг цалингаас суутгаж төлдөг нэгдсэн системтэй байх

4. Нэгэнт гишүүнээр элссэн бол тухайн сэтгүүлчид боломж нээгддэг байх. Жишээ нь: мэргэших болон мэргэжил дээшлүүлэх сургалт, туршлага солилцох аялал, тэтгэлэг гэгчлэн 

5. Ёс зүйгээ зөрчсөн бол хариуцлагаа хүлээх, удаа дараа бол сэтгүүлчээр ажиллахгүй байх хариуцлагын тогтолцоотой байх

6. Олон улсын жишгээр: Зөвхөн баримтанд тулгуурлах зарчмыг баримтлах. Баримт нь байхад гүтгэгдсэн эсвэл мэдээлэл олж авах гэснийхээ төлөө хохирсон бол өмгөөллийн туслалцаа үзүүлэх

7. Гишүүн байгууллагуудын нийтлэг эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэж, шийдвэр гаргуулахаар ажиллах 

8. Мэдээж хууль боловсруулах, батлуулах.

Энэ мэт олон санал байна. Барилгачдын холбоотой биднийг зүйрлэж, улс төрчидтэй найзлах ёстой гэв. Үгүйдээ! Тэдний салбарын шарх сорви, сайн мууг бид түрүүлж ярьдаг, нийгэмд таниулж өгдөг статусын хувьд ГҮЙЦЭТГЭГЧ биш ТҮҮЧЭЭЛЭГЧИД байх учиртай гэж би ойлгодог учраас өдий хүртэл эгэл жирийн сэтгүүлчээр ажиллаж, амьдарч, энд тэнд тараасан I-Phone Х авчихгүй явдаг юм.

Над шиг үзэлтэй сэтгүүлчид олон бий. Гэвч биднийг хэсэгхэн хүмүүс харлуулдаг. Одоо нэмээд эвлэл нь харлуулах вий гэдгээс айж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг харж санал өгнө гэж бодож байсан хурал хэтэрхий сунжирч, "палдига", долоолт , хэтэрхий нялууралтай байсан учраас ичээд гарч ирсэн.

 

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ, АЖЛЫН ХЭСГИЙНХНИЙ БЭЛДЭЖ, БӨӨГНҮҮЛЖ АВЧРААД МАНДАТ ТАРААСАН ЦАРЦААНУУД Ч ҮҮРГЭЭ ОНЦСАЙН ГҮЙЦЭТГЭЛЭЭ

            Сошиалд булхайгаа битгий ярь гэж битгий намайг барьж идээрэй, нийгэм мэдэх ёстой!  Тэгээд дараа нь иргэд авч байгаа мэдээлэлдээ шүүлтүүр хийж, шаардлага тавих эрхтэй.

Хэт туйлширсан, эх сурвалж дутмаг, үг үсгийн алдаатай мэдээг иргэд үзэхгүй байцгаая! Ингэхгүй л юм бол хэсэг сэтгүүлчид улс төрчидтэй нийлж иргэдийн, таны тархийг угааж, өөрсдөө худалдагдан амьдрах зам улам бүр тод зурайж эхэллээ.

Монголын улс төр, улс төрийн нам сэтгүүлчдийн эвлэлтэйгээ нийлээд нэг талдаа гараад авлаа. Улс төрөөс хараат бус гэсэн сэтгүүлзүйнхээ үнэт зарчмыг дагаж мөрдөх нөгөө талд нь үлдсэн хэд нийлж туг мандуулдаггүй юмаа гэхэд өөр өөрийнхөө хийж байгаа мэдээ, нэвтрүүлгийг ёс зүйтэй бэлтгэж, ядаж өөрийнхөө атга нүүрийг авч гарая. Үгүй бол салбарынхаа унасан нэр хүндийн төлөө нэг нэгээрээ тэмцэнэ гэдэг холын мөрөөдөл болж.

            Амь амиа л бодъё! МСНЭ-ийн хурал зохион байгуулах, ажлын хэсгийнхний бэлдэж, бөөгнүүлж авчраад мандат тараасан ЦАРЦААНУУД ч үүргээ ОНЦСАЙН гүйцэтгэлээ. Баяр хүргэе! Одоо цаашдаа хяналтын хороонд сонгогдсон хүмүүс нь сайн хийж, дэд төвүүд, бага хурал нь дорвитойхон шиг ажиллаарай л гэж хүсье дээ.

            Бас нэг зүйл мартчихаж:  Ган үзэгтэн, Хэвлэлийн тэргүүний ажилтны тэмдгээ жаахан цензуртэйхэн олгож, ядаж ажилласан жил хийсэн бүтээлийг нь харж байж өгч байгаарай даа.

Дээр хэлсэнчлэн мэдээнд гүйж үзээгүй нягтлан, менежер, нярав, хүний нөөц хүмүүс "Ган үзэгтэн", "Хэвлэлийн тэргүүн" зүүчихээд мань мэтэд даналздаг гэдгийг бүү мартаарай!

            Өө тиймээ Б.Галаарид ах төв хүн тулдаа энэ их хэл амтай байгууллагыг 7 жил өөрийнхөө хэмжээнд авч явсан байх гэж боддог. Х.Батхишиг байгууллага бүрт очиж ажлаа танилцуулж явдаг байсныг би мэднэ. Өөлж болно, гэхдээ сайн талыг нь мартаж болохгүй. Тэд ажлаа чадах чинээгээрээ хийсэн шиг санагддаг.

 

Сэтгүүлч  Г.Тэгшжаргал

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Namjilmaa:Unen shdee ajil l bol ajil shuu dee. Amjilt 2018-02-09
Зочин:Монголын сэтгүүл зүй МАН намын карманд оржээ.ккк Яандаа Монгол орон минь. Бүх шатанд нам хэзээ нэг энэ солиорлоосоо с**** бол. 2018-02-11
Үнэн үг Тв 8 шууд :Бид 4 уулынхаа дотор цэнхэр улаан гээд Дэлхийн бусад орнуудаас их хоцорж байна даа...Энэ нас минь иим хэрүүл дотор л дуусах юм шиг ээ... 2018-02-12
zochin:Heruul hiihee bolimoor yum daa zalhaj bn shuu 2018-02-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга