БАЛГА УС

2018-02-12  

Дөрвөн есийн хүйтэн тачигнасан хэд хоногт энэ өвөл худаг маань тас хөлдчихөв. Хорт утаанаас холхон байж, хлораминтай ус уухгүйн тулд зуслан дээр ямар ч байсан тэсэж суухаар санаа шулуудсан миний бие хажуу хөршийнхөөсөө хоног тутам хоёр хувингаар ус зөөж хэд хоног амьдарч үзлээ.

Ус гээч энэ шидэт тунгалаг шингэн амьдралын ямар үнэтэй цэнэтэй эрдэнэ болохыг энэ хэд хоногт яс махандаа тултал мэдэрсэн түүхээсээ хуваалцъя.

Л.Түдэв гуайн зөвлөмжөөр зэс аяганд хонуулсан өлөн элгэн дээрээ өглөө болгон уудаг аяга усаа энэ хэд хоногт өөрөөсөө харамласангүй. Харин угааж цэвэрлэхдээ зориулан хувин хувингаар асгадаг байсан усаа дээд зэргээр хэмнэв. Шүд амаа угаахад ерөөсөө ганцхан шилэн аяга ус л хангалттай байдгийм байна. Хэлнийхээ өнгөрийг хусаад амаа зайлахад нэг балга, шүдээ сойздоод амаа зайлахад хоёр балга, амандаа балгасан усаар гараа угаахад нэг балга, нүүрээ угаахад нэг, нүүр гараа хоёуланг нь угааж зайлахад хоёр ингээд нийтдээ гурав дөрөвхөн аяга буюу нэг литр ус хангалттай байдгийм байна.

60-аад оны үед бага балчир байхад арван хэдүүлээ нэг гэрт өссөн бид хэдэд өглөөд ганц данх ус, нэг түмпэн байхад л хангалттай байдаг, ухаантай аав ээж маань ч энэнээс илүү усны хэрэглээг бидэнд зөвшөөрдөггүй байлаа. Худаг ямар азаар энэ өвөл усгүй болж, усыг яаж ариг гамтай хэрэглэдэг байсан Монгол ахуйд маань намайг буцааж аваачиж тавив аа? Монгол гэрт өссөн орчноосрр холдож, мартсан эхнэр маань  тэсэлгүй орон сууц руугаа дүрвэж, би гэдэг бодгаль өнгөрсөн зууныхаа Монгол ахуйд эргэн очоод сайхан байна.

Ач зээ нар маань амандаа ус балгаад алгаа тосон гоожуулж буй намайг харах юм бол өвөө маань шүлсээрээ нүүрээ угаадаг муухай муужгай болжээ л гэх байх. Тэгж ярих юм бол шүлстэй ус чинь цэвэр уснаас хавьгүй илүү хир буртгийг ариутгадаг юм. Яагаад гэвэл хүний шүлс жирийн уснаас илүү уусгах чадвартай, рН 4-5-аас хэтэрдэггүй хүчиллэг учраас хэр зэргийн бактер нянг алах чадвартай уусмал шүү дээ. Өнөөдөр яаж ч ууж идсэн ганц миний усны хэрэглээ хоногт 5-6 литрээс хэтрэхгүй байнав. Усанд орж хувцас хунараа угаахаар бол хотын байшин руугаа автобусаар гэлдрээд оччихно, бусад үед утаатай хотын паартай байшинд шигдээд суугаад байх шаардлага надад алга.

Миний амьдралын өнөөдрийн энэ хэв маяг хэдэн жилийн өмнө надад тохиолдсон нэгэн явдлыг гэнэт санагдууллаа. 2000 оны үед санагдана, нутгийн дүү UNIСEF буюу НҮБ-ийн Хүүхдийн санд ажилладаг Баярмаа агсан маань над руу ярьж тусламж хүслээ. Говь, хангайн аймгуудаар явж хөдөөгийн эх хүүхдийн аж амьдралтай танилцахаар Бээжингээс Монголын хүүхдийн байгууллагыг хариуцсан дарга нь ирсэн юм байх. Би тэдний гайд, газарчин, жолооч, тогооч, зохицуулагч гээд бүх л ажлыг нь хариуцахаар болж, хотоос зуны өглөө эртлэн гарч, Өмнөговь аймгийн төв ортол эхний сорилттой тулгарах нь тэр.

-Пүүжээ ахаа баларлаа. Энэ аймагт чинь олигтойхон халуун устай буудал байхгүй юм байна. Манай энэ дарга усанд л орж байж орондоо орохгүй бол нойр нь хүрдэггүй гэнээ гэх нь тэр. Баярмаагаа хамт явсан  нэг ажилтан охинтой нь дагуулаад аймгийн захаар орж, нэг том хуванцар ногоон түмпэн, хоёр төмөр халуун сав худалдаж аваад буудалд ирж нөгөө Япон бүсгүйд учрыг нилээд сайн тайлбарлаж өгснөөр түүнийг  усны хэрэглээ багатай Монгол ахуйд дасан зохицуулах аялалаа эхлүүллээ. Зарим сумын төвд бол юун халуун ус битгий хэл зочид буудал ч байхгүй. Тэр үед малчин эмэгтэйчүүдийг төрөхөөс нь хэд хоногийн өмнө авчирч байлгах зориулалттай  нэг өрөө эмнэлэг бүрт байсан нь нөгөө Япон бүсгүйд зориулагдаж, хоёр халуун сав ус,  нинжа нарын алтаа угаадаг том ногоон түмпэн л нөгөө бүсгүйн аминд орж байсандаа. Дараахан нь тэр бүсгүй надад дахин талархаж, Монголчуудтай адил хэв маягаар амьдарч үзсэнээ олон найз нөхдөдөө ярин амыг нь ангайлгаж байснаа надад захидал бичиж байж билээ. Дуучин Сараа маань бас нэг иймэрхүү маягийн усны “хангамжтай” явж хөдөөгүүр тоглолтоо хийдэг байсан тухай нэгэн сонинд  ярилцлага өгсөн байсныг уншаад инээд хүрч байж билээ.

Бид дэлхий нийтээрээ тэр тусмаа Монгол орон, говийнхон, Улаанбаатарынхан усгүй болох цаг тун ойртож байгааг би байнга та бүхэнд сануулдаг. Туул голын маань усыг хуримтлуулдаг голын дагуу хайргыг нь яаж хар найргүй өдөр шөнөгүй өвөл зунгүй ухаж онгичиж, шавхаж авч байна аа. Хайргаар нь бид энд тэндгүй байгин барилга барин сүндэрлүүлж байна. Усгүй болчихвол энэ их өндөр барилгууд бидний амьдралыг залгуулж дөнгөх үү? Монголчуудын өвөг дээдэс гэх эртний Маяачууд шиг хотоо хаяад хаашаа ч хамаагүй нүүцгээх үү? Дахин сауулахад Улаанбаатар хотын маань усны нөөц нь Туул гол, түүний дагуух 160 худаг л юм шүү дээ. Муу дээр муухай, муухай дээр улцан гэдэг шиг жаахан алтыг нь авах гэсэн тонуулчид хэдхэн голынхоо эх рүү яаж улангасан дайрч байна аа?   

Албан ёсны тоогоор бол 16 мянган тонн алтаа арав гаруйхан жилийн дотор ухуулсан ӨАБНУ-ын нийслэл Кейп Таун хот өнөөдөр дээрх үйлдлийнхээ шанг хүртэж өнөөх баялгийн хараал гээч нь тусч, усгүй болж буй дэлхийн анхны нийслэлээр тодорлоо. Хотын захиргаа нь хүн бүрт өдөрт 30-аас илүүгүй литр ус хэрэглэх норм тогтоож, усаар машинаа бүү хэл биеэ олигтойхон угаах боломжийг нь хаахаар шийд гаргалаа.

Харин бид хоногт 170 мянган тонн хүрэхтэй үгүйтэй литр усны нөөцтэй байж, тонн тонн гүний усаар машин тэргээ угаан тансаглаж, мянга мянган тонн цэвэр усаар жорлонгийн тосгуураа дүүргэн баас шээстэй бохир усаа минут тутамд Туул гол руугаа цутгаж байна.

Ерөнхий сайд маань Улаанбаатараа утаагүй болгоно гээд хагас тэрбум доллар сайн санаат Солонгос түмнээс зээлэхээр болов, харин устай Улаанбаатараа аврахын тулд үүнээс илүүг зараад ч нэмэргүй болох цаг дөхөж байна шүү. Хүмүүс ээ.

Усны инженер Сосорбарам андын нүүр номоороо дамжуулан усаа хайрлах шинжлэх ухаанч дэвшилт санаанд ухаант өвгөдийн маань усаа гамнадаг байсан хар ухаанаар учиг нэмэхэд ийм байна.

Тунгааж үзэхтий, Та минь ээ.

                                           

 

Ш.Пүрэвсүрэн 2018.2.12

  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
bayar:mongolchuud ugaasaa buh yum bolj duussanii daraa oilgodog dunkuu humuusdee 2018-02-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ 2018-Д ЯМАР УЛСЫН БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?