ДЭРГЭД ОЙРЫН БАГШ

2018-02-27  

"Номын газарч багшаасаа ангид бурхныг бүү эрэгтүн” 

Монголын XIX  зууны соён гэгээрүүлэгч Цанид Ловон Шагдар гэгээний “Ном хийгээд ертөнцийн хоёр ёсны сургааль”-иас    

 

Говь нутагт минь эрдэнийн уурхай олон. Нэг ширгэшгүй нь Дуламын Дамба багш билээ. Тавин жил багшлахдаа хуримтлуулсан тэр ундаргаас нь залуу багш нар суралцах зүйл их бий. Нилээн түрүү үеийн шавийн хувьд би багшийнхаа талаар зөвхөн өөртэйгөө холбоотой хөгжилтэй дурсамжаас цуврал болгон толилуулж байна. Эндээс санаа авч чулуу болгох нь мэргэн дүү та бүхний хэрэг.

Монгол Улсын Их сургуулийг 1958 онд төгссөн залуу багш төрсөн нутаг Өмнөговь аймгийн Даланзадгад хотын нэгдүгээр дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багшаар томилогдон ирж тавин жил ажиллахдаа, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч хийлгэх санал удаа дараа гарч байсан ч зөвхөн хичээлээ зааж, 5 удаа 10-р анги, нэг удаа 8-р ангийг дааж төгсгөжээ. Ганцхан сургуульд дагнан багшилсан ийм багш тун ховорхон. Дамба багшийн шавь нараас Монгол Улсын Гавъяат цолтон, эрдэмтэд, урлаг, соёлын нэртэй зүтгэлтэн, хөдөлмөрийн сайчууд 50 гаруй хүн төрж гарчээ.  Монгол бичиг сургалтын хөтөлбөрт ороогүй байсан тэр жилүүдэд өөрөө санаачлан үндэсний бичгээ сурагчиддаа 32 жил тасралтгүй дугуйлангаар заасны ачаар бүх шавь нар нь уншиж бичиж сурсан. Эх хэлээ нандигнан зөв цэвэр ярихыг сургасныг шавь нар нь дагаж мөрдөн, эх орны аль ч нутагт ажиллаж амьдарч байхдаа тухайн газар бүрдээ хамгийн  хичээнгүй гоё бичигтнээр гайхагддаг  байсан жишээ олон. Монгол хэлний дүрэм нэг бүрийг зааж үзүүлэхээсээ өмнө сурагчдаар өөрсдөөр нь бичүүлж, буруу зөрүүг нь мэдрүүлснээр, хамгийн баттай мэдлэг суулгаж өгдөг сургалтын энэ арга нь, орчин цагийн хийнгээ суралцах хувилбар байсныг боловсролын мэргэжилтнүүд үнэлсэн. Амьдрал дээр буулгаж ойлгуулах нь Япон, Америкт хаана ч хамаагүй дэлхийн аль ч улсад хамгийн үр дүнтэй сургалт болох нь нэгэнт нотлогджээ. Үүнийг л багш маань тавин жил хэргэлсээр ирсэн. 

БУРХАНЫ ГАР

Миний зурах сонирхлыг багш зургадугаар ангиас эхлэн дэмжив. Цэвээнравдан, Сүхбаатар бид гуравт жаахан авъяас байж магадгүй гэж багш анзаарчээ. Биднийг их ажиглана. Багш өөрөө фото зураг авна. Зураг авдаг хүн сургууль дээр цөөхөн байсан. Сүүлд бодоход багш маань өөртөө хань татан орчин тойрноо арай өөр хардаг хүүхдийг хайж байсан хэрэг. Надаар ханын сонин хийлгэнэ. Санаагаа хэлж зөвлөнө. Заримдаа би санааг нь өөрчилчихнө. Зэмлэхгүй харин ч урам өгнө. Нэг удаа намайг “-Одоо чи Сэргэлэн гуай руу оч” гэлээ. Шуудхан хэлсэн энэ үгийг нь би ойлгосонгүй, юун Сэргэлэн билээ? гэж бодов. Багш хэлж байна “-Дүрслэхийн салбарын Сэргэлэн зураачид би хэлчихсэн, чамайг очуулна гэж” гэх нь тэр. Сая л учрыг нь оллоо. Намайг тийш нь хэлж захисан нь энэ байж. Дүрслэхийн салбарын жижиг цагаан байшин руу гүйх миний гүйдэл ингэж эхэлсэн. Хичээл тарж гэртээ цайгаа уучихаад л давхиад ирнэ. Будгийн үнэр хамар цоргисон сүрхий өрөө угтана. Үнэр нь анхандаа их хурц санагддаг байснаа сүүлдээ тэгээд дассан. Сэргэлэн гуайн гар байнга салгална. Өвгөн зураачийн чичирсэн гарыг харахлаар эхлээд надад нэг л эвгүй. Энэ тухайгаа багшдаа хэлсэн чинь “-Өө чи тэгвэл яаж зураач болох юм?” гэснээс өөр юм хэлсэнгүй. Би багшдаа буруу юм хэлснээ анзаарч дахиж энэ тухай дурсахаа больсон. Сэргэлэн гуй насаараа Улс төрийн товчооны гишүүдийн хөргийг зурсаар байгаад, зүгээр байхдаа ч гар нь тэгэж хөдөлдөг болчихсон гэснийг дуулж мэдлээ. Багш “-Зураг зурах чинь их буянтай ажил. Би л гэхэд ганц ч хөрөг зурж чадахгүй. Сэргэлэн гуай тэхэд хэдэн зуугаар нь зурсан. Бурхан бүтээсэн хүн чинь буян хураадаг юм. “Дархан хүн бурхан ухаантай” гэж үг бий. Хүмүүс Сэргэлэн гуайг их хүндэлдэг нь ч ийм учиртай. Зураач хүний гар нь алт л гэсэн үг. Энэ гарыг нандигнан хайрлах учиртай“ гэж хэллээ. Үүнээс хойш Сэргэлэн гуайн гар надад таагүй санагдахаа болилоо. Дүрслэхийн салбарын зураачид л Маркс, Энгельс, Ленин, Сүхбаатар бусад удирдагчдын хөргийг зурна. Өөр хүмүүс зурах ёсгүй. Том дөрвөлжин модон жаазанд татсан цагаан даавуун дээр тосон будгаар үрж зурна.Үрж зурна гэдэг нь бийрнийхээ үзүүрээр тасралтгүй чичрүүлэн хөдөлгөж зурахыг хэлнэ. Хэдэн зуун хөргийг ингэж зурахлаар хүний гар байнгын тэр л хөдөлгөөндөө дасчихдаг. Энэ мэтээр зах зухаас нь учрыг нь олж ойлгоод өвгөн зураачийн авъяас, хөдөлмөрийг биширсэн. Гарыг нь бурханы гар л гэж хүндэлдэг болсон. Өнөөг хүртэл нутгийнхаа ахмад зураачаар бахархаж явдаг. Тэгснээ би тэгэж зурах гэж оролдлоо. Өөр дээр ирэхлээр “-Сэргэлэн гуайн гар чичрэх ч ёстой юу ч биш юм байна” гэж бодогдсон доо. Ийнхүү би сургууль, ангийн ханын сониноо гаргаж дүрслэхийн салбараар эргэлдсээр араваа төгслөө. Дамба багш намайг дунд сургуулийн гэрчилгээгээ уран зураг зурж хамгаалж ав гэж санал болгов. Би ч хичээлээ. Зотон дээр тосон будгаар миний зурсан “Хавар ирлээ” гэдэг зураг сургуулийн хананд заларсан. Сүүлд очиход их л олон жил хадаастай байсан. Шавь нарынхаа авъяасын өчүүхэн үрийг олж нээгээд эхнээс нь тордон ургуулах гэж хичээн зүтгэсэн багшийн минь чармайлт юутай эгнэшгүй.    

ТОНГОРУУ  ХЭЛЛЭГ

Орос хэлний хичээлд би тааруу дүн авлаа. Өөрөө нэг сэдэв олоод түүнийгээ оросоор бичиж ирсэн юм. Дэмчиг багш намайг Дамба багш руу дагуулж очив. Дэмчиг багш хэлж байна. “- Дүрмийн дагуу бичсэнгүй, миний зааснаар биш, галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг замбараагүй юм хийж. Агуулга нь бүр сурагчийн дүрмээс ч гажсан.  Таны заадаг Монгол хэлнийхээ утга санааг илэрхийлэх талаар ер нь юу үзсэн хүн бэ?” гэлээ. Миний ичсэн гэж жигтэйхэн. Дамба багш асуулаа. “- Орос хэлэн дээрээ бас бөөн алдаатай юу?” гэхэд нь Дэмчиг багш түгдэрснээ “- Аа...Орос өгүүлбэр нь  уг нь алдаа багатай юм гээч. Ганцхан хэлсэн санаа нь  л нэг ойлгомжгүй... “ гэх нь тэр. Багш мушийснаа “-Чи надад үүнийгээ Монголоор уншаад өг хө” гэлээ. Би хоёрын хоёр багшид ээрүүлсэн амьтан  сандар ч тэвдсэндээ нөгөө “Ёлын  ам” гэсэн бичлэгээ Оросоос нь Монгол руугаа өөрөө дахин буцааж орчуулмар аядаад ээрч гацан байж уншив. Би өөрөө чухам юу бичсэнээ ч учрыг нь олсонгүй. Дэмчиг багш нулимсаа гартал инээж байна. Манай багш харин жуумалзан “- За би энэ нөхрийн Монгол хэлнийх нь найруулга зүй дээр ажиллая аа” гэж хэлсний хүчинд Дэмчиг багшаас нэг юм салж амрав.

Багш хэлж байна. Чи дэндүү өөрийн хувийн бодлоо бичижээ. Дэмчиг багш байтугай өөр бусад хүмүүс ч үүнийг чинь ойлгохгүй шүү дээ. Нутгийн улс бид нар өөр хэрэг, ямар Гурван сайхан уулынхаа “Ёлын ам”-ыг мэдэхгүй гэх биш. Чи урьд нь  хүн дуулж сонсож байгаагүй  юмсыг санаанаасаа зохиож бичсэн байна. Тэгээд л Дэ багш ундууцсан байх. Чамаас өөр хүн бол наад сэдэв дээр чинь энэ төгсгөлээр нь эхэлж, харин эхлэлийг нь адагт нь оруулмаар юм байна. Бүр тонгоруулна гэсэн үг... Тэгвэл хэн ч ойлгоно. Чиний зохиосон үлгэр буруу байрлалтай  болчихож. Тэхээр арга байж уу” гэлээ. Багш үргэлжлүүлэн “- Би чиний санааг уг нь ойлгож байна л даа.Наад урвуу хэллэгээ харин миний хичээл дээр зохион бичлэг хийхдээ хэрэглээд үзээрэй. Хөөрхөн болох нь. Орос дээр бол хэрэггүй байх аа. Дэмчиг багш ойлгохгүй байгааг харж байгаа биз дээ” гэсэн юм.

Тэр мөчөөс хойш өнөөг хүртэл би олон ч удаа эсээ гээчийг бичсэн. Шагнал урамшил зөндөө авсан. Дамба багшийн хэлсэн тонгоруу аргыг ашиглан бичсээр байгаа. Үүнийг уг нь Лид гэж нэрэлдэгийг сэтгүүлч хүмүүс бүгд мэднэ. Бидний бичлэгийн алтан дүрэм юм л даа. Миний анхны өөрийнхөөрөө чөлөөтэй  сэтгэхийн анхны сэдлийг багш маань анзаарч надад урам хайрласан нь тэр байжээ гэж би одоо болтол дурсдаг нь ийм учиртай. Хүн зонд оройн бясалгалын олон бурхад бий ч, шавь нар бидэндээ дэргэд ойрынх нь Дамба багш минь та билээ.   

 

 

 

 

“МОНГОЛ ГОВЬ” сонин

Ө.Рагчаасүрэн

2018 он. Бурхантын хөндийн Найрамдалын хотоос.  

 

 

 

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
D.Urtnasan:Bagshdaa eruul enc urt nas az jargal cusie 2018-02-27
Zochin:Sain saihniig husi 2018-02-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?