ЭМГЭНЭЛ

2018-03-09  

Чонос овогт 
Хөөдөөгийн ЭРДЭНЭБААТАР
/1970-2018/

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Монголын яруу найргийн нэгэн тод од Хөөдөөгийн Эрдэнэбаатар 2018 оны 03-р сарын 08-нд таалал төгсөж, үзэг нэгт бидэнд нөхөж баршгүй гарз учирлаа. 

Х.Эрдэнэбаатар 1970 онд Ховд аймгийн Дуут сумын "Шар ламын өвөлжөө"-нд малчин ардын гэр бүлд төржээ. 1978-1988 онд Ховд аймгийн Дуут сумын 10 жилийн дунд сургууль, 1992-1996 онд Жамъянгаравын нэрэмжит "Дорно Дахины Утга Зохиолын Дээд сургууль"-ийг Утга зохиолын ажилтан мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. 

1990-1992 онд Ховд аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч, аймгийн анхны чөлөөт хэвлэл “Оргил” сонинд тусгай сурвалжлагч, 1996-1998 онд Ховд аймгийн Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны салбар зөвлөлийн тэргүүлэгч, 1998-2000 онд Ховд аймаг дахь “Баруун Монгол Нийгмийн ухааны дээд сургууль"-ийн захирал, Ховд аймгийн ЗДТГ-ын нийгэм, соёл хариуцсан мэргэжилтэн, Ховд аймгийн орон нутаг судлах музейн даргаар тус тус ажиллаж байв. Мөн "Баруун монголын Соёлын өвийг хамгаалах нийгэмлэг"-ийн тэргүүн, Монголын Зохиолчдын Эвлэлийн "Алтай" салбарын тэргүүн, МЗЭ-ийн Яруу найргийн Үндэсний төвийн тэргүүлэгч гишүүн зэрэг сонгуульт албуудыг хашиж байв.

Монголын мөнгөн үеийн яруу найргийн гол төлөөлөгч Х.Эрдэнэбаатар нь “Сарны жим” яруу найргийн анхны шүлгийн түүврээрээ их утга зохиолд орж ирж, яруу найргийн "ГУНУ" урсгалыг өөрийн номын багш О.Дашбалбарын хамт үүсгэн байгуулалцсан билээ. 

Тэрбээр “Ойрад аялгуу”, “Сэргэн мандлын сар”, “Хат урсгал”, "Зүүн гарын эзэнт шүлэгс" яруу найргийн номууд туурвижээ. 

Түүний уран бүтээл, авьяасыг билгийг төр засаг болон мэргэжлийн байгууллагаас өндрөөр үнэлж Ховд аймгийн шилдэг шүлэг шалгаруулах "Алтайн дуулал" наадмын хошой тэргүүн шагнал, 1995 онд МЗХ-ны

“Тэргүүний сэхээтэн залуу” медаль, 1999 онд “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 2001 онд МҮЧЗХ-ны нэрэмжит шагнал, 2007 онд МЗЭ-ийн шагнал, 2009 оны “Болор цом" наадмын эзэн, 2016 онд "Алтан гадас" одонгоор тус тус шагнагджээ. 

Яруу найрагч Х.Эрдэнэбаатарын "Урианхайн хөх уулс", "Арван гуравдугаар сарын шүлгүүд" зэрэг гэгээн уянгалаг мөр бадаг, "Эх нутагтаа би хайртай", "Санаж явах ижий" зэрэг дуунууд нь уншигч, сонсогчдын зүрх сэтгэлд тодоос тод дуурсагдсаар байдаг.

Бидний үзэг нэгт журмын нөхөр Х.Эрдэнэбаатарын гэгээн дүр, авьяас билиг, хүнлэг сайхан сэтгэл, шударга үнэнч зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Ум сайн амгалан байх болтугай

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ
“УТГА ЗОХИОЛ УРЛАГ сонин
“ЦОГ” сэтгүүл

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ганцэцэг: яруу найрагч гэж ийм хүнийг хэлдэг байх бодож байсан. Бөөн гуниг 2018-03-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?