ЭХ ОРНОО ТОНОН ДЭЭРЭМДЭХ ИХ АЯН БА НОЁН УУЛЫН ТӨЛӨӨХ ТУЛААН

2018-03-12  

Одоогоос 10 гаруй жилийн өмнө буюу 2016 оны намар миний бие “Алтны амт-Монголын ирээдүй” гэсэн баримтат нэвтрүүлэг хийгээд МҮОНРТ-ээр цацуулж орхилоо. Уг нэвтрүүлэгт “Ашигт малтмалын хууль” гэгчийн дагуу эрх мэдэлтнүүд Монгол нутгийг хэрхэн хуваан зарж баяжиж байгаа мөн цианит натри, мөнгөн ус хэмээх үхлийн хор эх нутгийг минь яаж хордуулж эхэлж байгааг баримтаар өгүүлсэн юм.  Нэвтрүүлгийг гарсны маргааш ерөнхий найруулагчаар нь ажилласан сэтгүүлч Г.Бадамсамбуу маань над руу нилээд тэвдэнгүй утасдаж байна аа. -Пүүжээ ахаа Ерөнхийлөгчийн тамгын газраас хоёр хүн ирээд нөгөө нэвтрүүлгийг чинь хуулж аваад явлаа. Таны цуглуулсан баримтууд чинь хэр баталгаатай юм бэ? гэж байна.  Удалгүй Тагнуулын Ерөнхий Газраас хоёр хүн ажил дээр ирээд надаас байцаалт авч гар хөлийн үсэг зуруулаад явлаа. Нэвтрүүлэгт дурьдагдсан нууцын зэрэглэлд шахуу байсан лицензийн тухай баримтууд тухайн үед төрийнхнийг нилээд цочирдуулсан бололтой.

Тэр үед лиценз гэх гоё нэр шошготой А4-ийн тамгатай цаасыг ашиглан Монгол орны нутаг дэвсгэрийн 50 хувийг эрх мэдэлтнүүд хувааж аваад гадаа дотоодгүй, баруун солгойгүй заралцаж байсан ид үе байлаа.  Нийтдээ 7000 гаруй хайгуулын болоод ашиглалтын лиценз тараагдаж, нэг хувь хүн нэр дээрээ ганц удаагийн захирамжаар 70 лиценз гаргуулж авсан баримт ч байсан. Мөн одоогийн Оюутолгойн эзэмшил нутгийн анхны эзэн болох “Айвонхоу Майнз” компаний эзэн Канад улсын иргэн нөгөө алдарт “хорт Боб” хочит Роберт Фридланд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс хавьгүй том газрыг лиценз нэрээр манай томчуудаас бөөндөж авчихаад  “Би Монголд АНУ-ын Калифорни мужаас том эзэмшил нутагтай” хэмээн энд тэндгүй зарлаж, ид бяраа гайхуулж явсан үе шүү дээ.

Монгол улсын үндсэн хуулийн 6.1-ийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг 1997 онд УИХ-аар батлагдсан “Ашигт малтмалын хууль” ганцхан өдрийн дотор алга урвуулсантай адил ийм амархан хүчингүй болгож орхино гэж хэн санах билээ. Монгол орны газар нутгийг сорчлон хувааж авч тонон дээрэмдэх үйл ажиллагааг эхлүүлсэн энэ хуулийн дагуу дурын аж ахуйн нэгжүүд болоод хувь хүн хичнээн ч хамаагүй тоогоор нэг бүр нь 450 мянган га хүртэл хэмжээгээр, 60 жил хүртэл хугацаагаар эх орны минь аль ч өнцөг буланг эзэмших лиценз гэгч цаасыг яамны нэг агентлагийн даргаар өөрсдийнхээ нэр дээр бичүүлж баталгаажуулан авч эхэлсэн. Хэрэв шаардлагатай бол лицензээ дахин 40, 40 жилээр 2 удаа сунгаж нийт 100 хүртэл жил тухайн газар нутгийг эзэмших эрхийг олгож байсан дэлхийн түүхэнд урьд өмнө хаа ч байгаагүй “гайхамшигтай” хуулийг манай төрийн эрх мэдэлтнүүд ийнхүү баталсан юм. Тэр үед ид цэцэглэж байсан нийслэлийн газрын наймааны их аян гадагшаа халин Монгол орныг бүхэлд нь хамарч,  гаднаас нь харвал хил хязгаартай том улс юм шиг мөртлөө дотроосоо өтсөн гүзээтэй зөөхий мэт болсон байв. Дараа нь 2006 онд энэ хуулиндаа будаг шунхны төдий жаахан засвар оруулсан боловч, бурангуй энэ гажуудлыг буурал түүх хэзээ ч мартахгүй.

Энэхүү хуулийн дагуу хуулийн этгээд нь өөрсдийн эзэмшилд байгаа хайгуулын болоод ашиглалтын лицензид хамрагдах газар нутгийг чухам хувьдаа өмчлөөд авчихсан мэт аашлан зарж борлуулах, банкны барьцаанд тавин хэдэн сая тэрбумаар нь зээл авах эрх нь нээлттэй байгаа нь өнөөгийн Монгол орны маань тусгаар тогтнол алдагдахад хүргээд байгаа бодит аюул билээ.  

Яг энэ үед Монгол улсын “Ашигт малтмалын тухай хууль”, “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тухай хууль”, “Ойн болоод Усны тухай хууль”, өнөөх урт нэртэй хууль гээд өчнөөн төчнөөн хуулийг зөрчөөд Сентерра Гоулд компанид шууд олгочихсон Ноён уул орчмын газар нутгийг ашиглах 4 лицензийг хүчингүй болгож өгөхийг шаардсан орон нутгийн иргэдийн өргөдлийг Монголын шүүх хүлээн аваад гурван жил гаруй хэлэлцэж байна. Энэ асуудал яаж шийдэгдэхийг өнөөдөр Монголчууд төдийгүй дэлхийн олон нийт анхааралтай харж байгаа. Уг нь Сентерра Гоулд гэгч энэ компани ганц Ноён уулаар тогтохгүй Монгол нутагт 150 гаруй лиценз эзэмшдэг, ойгүй олон лиценз эзэмшигчдийг толгойлдог компаниудын нэг. Өнөөдөр шүүхчид гурван талын дунд үүсээд байгаа маргааныг хэлэлцэж байгаа юм. Үүнд:

    1.Шүүхийнхний хэллэгээр хариуцагч тал нь анхнаасаа хууль зөрчин дээрх лицензүүдийг олгосон  Монгол улсын Засгийн газар. Өнгөрсөн гурван жилд хариуцагч засгийн газар болоод төлөөллүүд нь хэдэн ч удаа солигдов доо. Гэвч шаварт унасан шарын эзэн нь өнөөдөр Д.Сумьяабазар сайдтай УУХҮЯам.

  2.Нэхэмжлэгч тал буюу энэ лицензүүдийг хүчингүй болгох үндэслэлийг гарган уйгаггүй хөөцөлдөж байгаа иргэдийн төлөөлөл нь О.Цэрэннадмид гуай түүний тэргүүлдэг “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн. Хөдөлгөөний өмгөөлөгч нь Б.Батбаяр, итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шүүх хурал болгонд алгасахгүй шахам ирдэг УИХ-ийн гишүүн Х.Болорчулуун, ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, доктор Ш.Ялалт гуай болон мань мэтийн төрд нүүрээ барсан хэсэг судлаачид, зарим ТББ-ын төлөөллүүд. Гэхдээ бидний ард эх нутаг эх орноо гэсэн мянга мянгаар тоологдох хүмүүс энд тэндгүй буй. Мөн Унгарын Монгол судлаач эрдэмтэн Борбалагаас авахуулаад Монголын төлөө гэсэн сэтгэлтэй гадаадын олон хүмүүс бидний үйл ажиллагааг дэмждэг өдөр тутмын харьцаатай байдаг.

  3.Гуравдагч этгээд буюу хууль бус олгосон лицензийг эзэмшигч, Монгол нутгаас маань 70 шахам тонн алтыг ямар ч татваргүйгээр ухаж авчихаад онгойсон том хар нүхээ одоо хүртэл булаагүй Монголд дураараа дургиж, дунд чөмгөөр жиргэх Канад улсын эзэмшлийн дээр дурьдсан “Сентерра Гоулд Монголия” компани. Тэд өнөөдөр Ноён уул орчмын ой модыг нь сүйтгэн ямар зөвшөөрөлгүй зам харгуй татаж, өнөө маргаашгүй Ноён уулыг маань тэсэлж дэлбэлэн ухах бүх бэлтгэлээ базаачихаад байгаа. Энэ орчимд уурхайн олборлолт явуулаад эхэлбэл хүн мал, ан араатан, байгаль орчинд ямар хөнөөл учрахыг миний бие олон удаа нуршин тайлбарласан.

Товчхондоо нэг талаас эрх мэдэл, бэл бэнчинтэй хоёр том аварга, нөгөө талаас Карл Марксын хэлдгээр лүмпэн пролетариудын дунд хүч тэнцвэргүй тулаан гурван жил гаруй үргэлжиллээ. Шүүх хурлыг олон удаа элдэв шалтгаанаар хойшлуулаад байгаа гол буруутан эзэд нь шүүхийнхний өгдөг тайлбараар бол хариуцагч тал болоод гуравдагч этгээдүүдийн хүсэлт, элдэв шахалт шаардлага. Он дамнасан энэ маргааны хөлд  чирэгддэг, шүүх хурал зарлагдах болгонд 200 зуугаад км холоос хожимдож хоцролгүй ирдэг хэд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд, эх нутгаа гэсэн сэтгэлээ гээгээгүй хөдөөний хэдэн настайчууд голдуу хүмүүс байдаг юм.

Гиннесийн номонд бичигдэхээр эцэс төгсгөлгүй үргэлжлэх тулааны ялагчийг тодруулах 36 дахь удаагийн тэмцээн нийслэлийн захиргааны хэргийн хурлын танхимд энэ долоо хоногийн Пүрэв гаригт болох гэж байна.

Үнэн мөнийг нь ялган шийдэх тангараг өргөсөн шүүхчид минь. Аливаа юманд цаг хугацаа хил хязгаар гэж байдаг бол энэ хэргийг эцэслэх цаг нь болсон болов уу гэж бодох юм. Гэвч та бүхний мэргэн оюун шийдтүгэй.

                                                        

 

 

Ш.Пүрэвсүрэн  2018-03-11   

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?