Төвд охин, төвд банхарыг дүрсэлсэн уран зураг. Зураач Дуншэн нь Хятадын уран зургийн тод өнгөлөг реализмийг, Цаст Төвдийн тэнгэр уулын шүтээн үзэлтэй хослуулан дүрсэлсээр байна. Зургуудад нь тун сонин зохицол ажиглагдлаа. Нам доор газар амьдарч хөрс шороотой харьцаж ирсэн Нанхиад хүн, тэртээ дээр сүмбэрлэх цас мөсний оронд сэтгэл алдран, Төвд хүн, сарлаг, хонь, банхар нохойг зурсан нь үнэнхүү нарийн мэдрэмжээр хөглөгдсөн зүрхний дуудлага гэлтэй. Зургуудаас нь бадрангуй оргилуун романтизмын өнгө аяс ч харагдана. Төвд охин өндөр уулын энгэрт сууна. Хүйтэн жавартай тэнгэрээр салхи шууран хуйларч, зураг үзэж буй надад ч жихүүдэс төрүүлнэ. Малчид отроор яваа нь цаана харгадах аяны урцыг харахад ойлгомжтой. Майхны дээр хийморийн дарцаг хийснэ. Охин тал газраас хүрч ирсэн өөр нутгийн зочныг их л гэрэвшингүй харна. Үс толгойн гоёл нь салхинд намирна. Охины өвлийн дээл малгайн урлал үзэмж төгс. Бүснээс нь унжих шүр сувдан даруулга нь барагтай гарын ая даахуйц бөх хийцтэй.
Одоо харин зургийн бусад үндсэн дүрүүдийн тухай ярилцая. Тэд аль түрүүнээс л бидний анхаарлыг татсан. Тиймээ төвд банхар. Гурвын гурван сүртэй том нохой охины бие хамгаалагч. Охины үнэнч анд төдийгүй, хот айл, мал сүргээ хүн амьтантай нь хамт гадны халдлагаас найдвартай хамгаална.Өндөр ууланд хүн малд дайсан мундахгүй. Чоно, цасны ирвэс, тас, бүргэд гээд араатан, жигүүртэн дайрна. Зогдор үс нь хийссэн аймаар халтар ноход арслан мэт л харагдана. Нүднийх нь харц дальдирмаар хурц, ангайсан амнаас нь хурц дөрвөн цагаан соёо цухуйна. Занхагар том толгой нь мөн ч сүртэй. Зургийг хараад зохиолч Г.Аюурзанын Төвдөд очиж банхар нохойг нь үзсэнийг уншсан санаанд орлоо. Марко Поло түвд нохойн тухай мэдээг анх Европд түгээхдээ, илжгэн чинээ биетэй тэдгээр ноход уулын зэрлэг сарлагийг ч ноцон барьдаг гэж өгүүлснийг дурьджээ. Я.Цэвэл гуайн тайлбар тольд төвд банхарыг “Гарж” гэж нэрэлсэнийг ч өгүүлсэн. Нэг төвд нохой 2011 онд Ордос руу 35 сая юаниар зарагдсан нь одоогийн ханшаар арав гаруй тэрбум төгрөг гээд бодохоор юу вэ? Ийм л ноход уран зурган дээрээс биднийг харж хэвтэнэ.
Ө.РАГЧААСҮРЭН