Монголын дархчууд Уран зургийн галлерейд өөрсдийн шилмэл бүтээлүүдээ толилуулж байна. Нийт 20 гаруй уран дархан ховор чамин хийц бүхий бүтээлүүдээрээ үзэсгэлэнгээ чимжээ.
Энэхүү үзэсгэлэнгийн онцлох бүтээл нь улаан зандан модон хуйтай, 9 эрдэнийн шигтгээгээр гоёж, чанаржуулсан ган буюу болд сийлбэртэй онцгой уран хийцтэй хэт хутга байв.
Уг хэт хутгыг залуу уран дархан Б.Баярцогт урласан бөгөөд уг бүтээлээ туурвихдаа 2 жилийн хугацаа зарцуулжээ. Хэт хутганы хийц орчин үеийн өнгө төрхийг өөртөө шингээснээрээ онцлог юм. Мөн хутганы иш хэсгийн мод нь л гэхэд ховор төрлийн улаан сум модоор хийгдсэн тул 450000 үнэтэй юм байна.
Ц.Өнөболд-ийн - Утсан сүлжмэл хэт хутга
Ц.Өнөболд - Утсан сүлжмэл хэт хутга
Ноён сэврээ аяга болон нэн ховор эртний завьяа тагш зэрэг нарийн хийцтэй мөнгөн аягуудыг урлаг судлалын ухааны докторант, уран дархан Б.Аюуш урлажээ.
Завьяа гэх тагш хор мэдэрдэг бөгөөд ийм тагш 6 сая төгрөгийн үнэтэй байдаг тухай хэлж байна.
Б.Аюуш - Ноён сэврэй хийцийн мөнгөн аяга
Мөнгөн шармал чимэг бүхий иж бүрэн тавилгатай гэрийг Дарханы уран дархан Н.Мөнгөнбаяр урласан байна.
Тэрээр уг бүтээлдээ 3 жилийн хугацаа зарцуулсан бөгөөд баганы өндөр 3м, тоонын диаметр 2м 80см, гэрийн тойргийн диаметр 9м 60см-ийн хэмжээтэй юм.
Н. Мөнгөнбаярын - Иж бүрэн тавилгатай, зэс хөөмөл тоног бүхий найман ханатай гэр
Мөн Ногоон Дарь эхийн гуулин цутгуурт алт шармал хуулбар бурхан, сэргээн засварласан хүрэл цутгуурт алтан шармал “Хаянхярваа” бурхан, чамин хийцтэй хөөрөгнүүд, 3 литрийн багтаамжтай ногоон хаш хул зэрэг онцлог бүтээлүүд ч үзэсгэлэнд дэлгэгджээ.
Залуу уран дархан Т.Баянбүрдийн ногоон хаш хул нь ямар ч өө сэвгүй, өнгө үзэмжтэй гэдгээрээ онцлог билээ. Мөн ийм их багтаамж бүхий хаш хул монголд бараг байдаггүй юм. Тиймдээ ч үзэсгэлэнд гарсан өдрөө л зарагдсан байна.
С.Мөнбаатар - Ногоон-Дарь эх
Б.Мягмарсүрэн- Эмэгтэй хүний гоёлын иж бүрдэл хөөрөг, бүс
С. Мөнхбаатар - Гуулин тоногтой зэс хүрд
Н.Цогт-эрдэнэ - Хаянхярваа бурхан
Т.Баянбүрд, Б.Аюуш, Г.Батзориг нарын бүтээл - Хөөрөг
СУРВАЛЖИЛСАН: Н.САРУУЛТУЯА