БИ МОНГОЛ ХҮН

2018-04-05  

Одоогоос хэдэн жилийн өмнө харийн нэгэн оронд олон улсын хуралд оролцох ажлаар явж байлаа. Хурлын төлөөлөгчдийг их хотоос салхинд гаргахаар хөдөөгүүр авч явах тэр агшинд гэнэт нэг их танил содон сайхан үнэр хамар цоргиод явчих нь тэр. Автобусанд явсан зарим нөхөд маань ам хамраа дарчихсан огих нь холгүй харагдана. Юу билээ гээд ийш тийшээ сайн ажвал нэгэн саалийн фермийн хашаан дотроос хөрзөнгийн хөх утаа уугиж харагдлаа. Чухам энэ үед л нэрт яруу найрагч Ч.Чимид агсны:
Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог.
..
гэх хар багаас зүрхэнд минь шингэсэн  гайхамшигт мөртүүд сэтгэл зүрхэнд минь өөрийн эрхгүй зуны хур бороо мэт асгаран бууж байж билээ. Тиймээ, энэ л шүлгийн гэгээн мөртүүдээр эх нутагтаа би амилсан, энэ л шүлгийн халуун дулаан үгсээр үр хүүхдээ ч хожим нь амлуулсан юм.
  “Жирэмсэн эмэгтэйн шээх газраас цаашлаагүй, жижиг тугалын бэлчээрээс бүр холдоогүй” гэдэг шиг юм үзээгүй нэгэн танил маань Токио хотын  тансаг зочид буудалд жаахан согтчихоод “Би харанхуй бүдүүлэг Монголд төрсөндөө гутаж байна” хэмээн бархиран уйлж байсантай таарч байсан удаа бий ч гэлээ өчүүхэн миний хувьд хэнбугайн ч өмнө ам бардам хэлж чадах ганцхан бахархал маань  бусдаас ялгарах  онцгой тамгатай, хөдөөгийн хөдсөн дээлтэй хөх Монголын удам  болж төрснийх билээ.
  Алс холын Америк, Австрали, арлын Япон, хөгшин Европ, хар Африк гээд эх дэлхийгээ хэдэн арвантаа тойрч, харийн нутгаар бишгүй л тэнэж бэдрэн нүд тайлах боломж надад энэ насанд маань олдсоон. Гэхдээ эрс тэс догшин уур амьсгалтай ч, эх орноос минь илүү зөөлөн дулаан газар шороо хаа ч таарч байсангүй. Бодоод байхад цэцэг жимс алагласан мөнхийн ногоон Малайзын ширэнгэн ойд ч тэр, уул ус, ой мод нь тэгширсэн  Скандинавын хойгт ч бай ялгаагүй “Монголын үнэртэй” урьхан салхи яаж “хацар нүүрийг минь илбэх”  билээ дээ. Их зохиолч Д.Нацагдоржийнхоо “Миний нутгийг” уншаагүй, Дорнын их яруу найрагч Явуу гуайнхаа “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”-г мэдээгүй, буурал П.Бадарчийн “Есөн эрдэнийн орноор" аялаагүй, Бямбын Ренчин гуайн сургаалт үгсээс сонсоогүй монгол хүн бидний үеийнхэн дотор бий гэх үү.
   Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол орон минь...Төрийн дууллаа бүрэн тогтоодоггүй хирнээ энэ дууг мэдэхгүй, дуулдаггүй хэн нэгэн найман настай бяцхан үрсээс минь авахуулаад наян настай буурал хүртэл бидний дунд бараг байхгүй гэж хэлэхэд  нэг их хилсдэхгүй дээ. Эх орноо зүрхнээсээ, бүр элэгнээсээ уячихдаг  дэлхийд ховорхон  ард түмэн бол монголчууд бид нар бөлгөө.
   Эзэн Чингисийн удам
Их Монголын үрс
хэмээн бид цээжээ дэлдэх дуртай. Тиймээ, яалт ч үгүй үнэн. Гэхдээ өнөөдөр тэнгэр заяатай, дээшээ зовхитой, хөх тамгатай, урт ууцтай, майгадуу хөлтэй, бидний цөөхөн билиг танхай үндэстнийг хаа байгаа газраас нь бүгдийг нь хамаж шимлээ ч, зэрэгцэн аж төрж буй жунгаа нарын зууны нэг хувьд ч хүрэхгүй, нэгэн үе устаж алга болоход тун ойртож, мөхлийн гүн ангалын ирмэг дээр очиж байсан эмгэнэлт түүхтэй хүмүүс гэдгээ бас мартах ёсгүй билээ.
   ...Харийн газар давчдаад байна
   Хандсан зүгтээ гүймээр л байна...
Сонсоход хэзээ ч уйдахааргүй цоглог энэ дууг Жагаа гавьяат маань үнэхээр сэтгэлд шингэтэл дуулдаг юм шүү. Таван тивийн 50 гаруй орноор бэдэрч явахдаа үлгэрийн мэт үзэсгэлэнт байгальтай газруудыг бишгүйдээ л үзлээ. Гэхдээ хаа ч явсан “Монголын үнэртэй салхийг” мэдэрсэнгүй.

    Тиймээ, харийн оронд амьдарч байгаа хэдэд маань “Хар гэртээ хаан, бор гэртээ Богд” шиг баймаар санагдах үе зөндөө л гардаг байх. Гагцхүү эндээ буцаад ирлээ гэж бодоход хийх ажилгүй, хоногийнхоо хоолыг олж, аав ээж ах дүүсээ тэжээхэд хэцүү учраас л аргагүйн эрхэнд энд тэнд толгой хоргодох болоод байгаа юм.  Түүнээс биш “Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь” л байхгүй юу. өнгөрсөн жил нэгэн шавилхан өвөрлөгч бүсгүй энд ирчихээд зурагтаар ярилцлага өгч байлаа.
    -"Хэдий би амьдралын шаардлагаар Германы иргэн болсон, тэндхийн паспорттой боловч хэзээний монгол хүн хэвээрээ. Миний үс, зүс царай, хэл аялгуу хэзээ ч, яагаад ч үл өөрчлөгдөнө" гэлээ. Тэр бүсгүйн хоолой, зүрх сэтгэлийн гүнээс гарах монгол эхийн бүүвэйн уянгалаг аялгууг сонсох гэж бүр холын Америкаас ч зарим үед Германыг зорьдог талаар түүнийг дагаж явсан нэгэн жуулчин надад өгүүлсэн юм.
  Хэдэн жилийн өмнө цагаан сарын золголтын үеэр насаараа дипломат албанд зүтгэсэн Балжинням гуайг чисчүү дээлээ өмсчихөөд нэрт яруу найрагч Ч.Билигсайханы “Дээл” шүлгийг сүрлэг сайхан уншихад нь Каир дахь Монголын элчин сайдын яамны ажилтнуудын бүгдийнх нь нүдэнд нулимс хурж байхыг би харсаан.
   1996 онд миний бие Индианагийн их сургуульд очих завшаан тохиож тэнд Монголчуудын дунд “Хар Дорж” гэдэг нэрээрээ алдаршсан Унгарын монголч эрдэмтэн Жорж Кара гуайтай уулзан богинохон хугацаанд нэлээд дотноссон юм. Тэрээр надад “Танай монголчуудын нутгаа санадаг өвчин л надад халдчихсан шиг байна. Монгол хүн таараад монголоороо ярьсан чинь ямар сайхан байна аа, Бүр Монголдоо оччихсон юм шиг боллоо” гэж байж билээ. Унгар хүн хүртэл бас ийм “синдромтой” болдог юм байна шүү.
    Өнөөдөр зуу гаруй мянган монголчууд амь амьдралаа залгуулахын эрхээр харь оронд бэдэрч явна. Тэд бүгдээрээ биш юмаа гэхэд олонхи нь над шиг эх нутгаараа өвчилдөг сул дорой, сэтгэлгээний гажигтнууд гэдэгтэй маргах хүн цөөхөн гарах болов уу. Нэг хэсэг нь тэндээсээ хань ижлээ сонгоно, байр сууриа олно, гэх мэтчилэнгээр цөөнгүй хэд нь амьдралын шахалт шаардлагаар тухайн орныхоо харьяат хүссэн хүсээгүй ч болцгоож л таараа.
   Америк, Солонгост хараар ажиллаж байгаа хорин хэдтэй залуучууд одоохондоо эх нутгаа бодох сөхөөгүй зүтгэж яваа ч нас тогтоод ирэхээрээ эх орноос нь илүү торгон хөнжил хаа ч байхгүй гэдгийг өөрийн эрхгүй мэдэрч эхлэх нь дамжиггүй ээ.
   Одоо би нуршихаа зогсож гол асуудлаа хөндье. Арав гаруй жилийн өмнө буюу 1995 онд их хурлаас батлан гаргасан “Харьяаллын тухай” хуулийн 4 дүгээр зүйлд “Монгол улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” гээд тас хийтэл заачихсан нь тун харалган шийдвэр болсон юм шигээ.
   Хэрэв та  омголон залуу насандаа амьдралын эрхээр аль нэг орны иргэн болчих юм бол энэ хуулийн дагуу Монгол гэсэн овгоо гээхээр барахгүй буцаад хүсвэл яг гадаадын иргэний нэгэн адил хүсэлтээ гаргаж, бас нилээдгүй хүнд суртлыг аль аль талаасаа даван туулж байж буцаж эх орондоо эргэж ирэх боломжтой болно гэсэн үг. Ганц өгүүлбэрээр илэрхийлэхэд Вьетнамаас гүйж ирсэн монгол морины домог аятай л байх болов уу.
   Ядаж эх орондоо ирж ээж аав дээрээ ирж амарчихаад буцахын тулд харийн хүний адил ЭСЯамандаа виз мэдүүлээд зогсож байх нь сэтгэл зүйн хувьд ч тийм таатай байна гэж үү. Энэ үедээ л тэрээр эх орон, элгэн саднаа гэх хүйн холбоо нэгэнт тасарчихсан байх хөнгөн гунигаар барахгүй, хүнд дарамтанд ч орох юм бил үү. Эдийн засгийн талаас нь ч бодсон тэдний зарим нэг нь хөлжчихөөд эх орондоо хөрөнгө оруулах хүсэлтэн ч гараад ирэхийг хэн ч үгүйсгэхгүй. Өмнөд хөршийн маань хамгийн том хөрөнгө оруулагчид нь гадаадад амьдардаг нутаг нэгтнүүд нь л байдаг биш билүү.
   Бид нар шиг хүн ам цөөтэй улс иргэдээ ингэж гадагш нь алдчихаад буцаад ирэх гэхэд нь хаалгаа дотроос нь янгинатал нь түгжчихээд суугаад байх нь ер нь зөв үү? Манайхтай ижил Израиль улс хоёрдмол харьяаллыг зөвшөөрдөг цөөхөн орны нэг юм болов уу гэж бодсон чинь би бас эндүүрч. Хойт их хөрш маань ч бас Израильтай нэгэн адил хуультай юм байна. Орос хүн төрсөн газар шороондоо, эх нутагтаа ямар их хайртайг би мэднэ. Түүнийг нь төр засгаас боож хавчина гэвэл  юу болох бол?
   Амьдрахын эрхээр гадагшаа гарч буй иргэдээ нэгийг нь ч болов алдахыг лав л Назарбаев ерөнхийлөгч хэрхэвч хүсэхгүй дээ. Тэр тусмаа хамгийн ухаантай, амьдрах чадвартай хэсэг нь хамгийн олноор ийш тийшээ цагаачилдаг нь хүн төрөлхтний жам. Манайд бол нөгөө л тамын тогооны үлгэр нь ингэж хаана хаанаа үйлчилсээр байх  ёстой гэж үү? Хоёрхон жишээ дурьдъя.
  
Баримт 1.

Монгол улсын иргэн Б. Герман улсад суралцаж байхдаа нэгэн словак бүсгүйтэй амьдралаа холбон үр хүүхэдтэй болчихоод одоо  Братислав хотноо ажиллаж амьдарч байна. Тэрээр орос сургуулийг Улаанбаатар хотноо дүүргэсэн, монгол, орос, англи, герман, словак таван хэлтэй ховорхон авьяастай нэгэн аж. Тэндээ Европын холбооны улсын нэгэн олон улсын байгууллагад ажилд орохоор шалгагдаж бүх шалгуураараа тэнцсэн боловч хүлээж аваагүйн учир нь Европын холбоонд гишүүн бус орны хүнийг ажилд авдаггүй журамтай юм байна. Братислав хотноо түүнд сард 800 доллараас дээш цалинтай ажил цусаар уйлсан ч олдохгүй, яагаад гэвэл тэнд гаднын цагаач иргэдийн цалингийн дээд хэмжээг нь хуулиар  тогтоочихсон байдаг гэнэ. өөрөө хэлбэл харийн хүн нутгийн иргэний дунджаас дээш цалин авахгүй л гэсэн үг. Иймээс тэрээр яах ч аргагүй Словак улсын иргэн болох хүсэлтээ гаргаад байгаа учир энэ хуулиар бол Монголын иргэн Б маань эхлээд эндээ “данс дугуйлах” хэрэгтэй болж байна.
   Баримт 2.

Иргэн эмэгтэй Т. архичин  нөхөртөө байнга зодуулж, дарамтлуулж барагтай хүн тэсэхийн аргагүй гэр бүлийн хүчирхийлэл дор амьдарч байж. Тэрээр өөртэй байсан бүх өнгөтэй өөдтэй бүгдийг зарчихаад хэн нэгнээр зуучлуулан охинтойгоо хамт Герман руу бараг л гэр орноосоо зугатах шахам гарчээ. Одоо тэндээ Герман хүнтэй суугаад амьдарч байна. Нөхрийнхөө шахалтанд орж удалгүй охинтойгоо хоёулаа Герман улсын иргэд болжээ. Ингэхийн тулд Монгол улсын хуулиар иргэн байх эрхээ мөн л хасуулж. Амьдралын хувь заяа хаашаагаа ч эргээ билээ, гэнэт нэг өдөр хүний газар юу ч үгүй болоход тосоод авах эх орон нь нэгэнт харийн орон болчихсон байж байх жишээтэй.
   Францад ажиллаж буй “Рено” автомашины үйлдвэрийн дэлхийд нэртэй дизайнер монгол залуу аль хэдий нь тэндхийн иргэн болсон тухайгаа ярьж л байсан. Бид иймэрхүү маягаар гавьяат тамирчин Мөнхбаярыгаа, сумоч Цэвэгнямыгаа, “Microsoft” компанид толгойгоо үнэлүүлж буй авьяаслаг залуусаа бас л энэ хуулийнхаа дагуу эх орныхоо данснаас  хасаж шийтгэх гэж үү ? үгүй ээ, алдас болно. Цаад ноёдууд нь л ингэхийг хүсээгүй бол бид нар өөрсдөө ийм хууль санаачлах ёсгүй.
   Монгол оронд маань өнөөдөр амьдрал хүнд байгаа нь үнэн. Гурван хүний нэг нь тодорхой эрхэлсэн ажилгүй, ажилтай нэр зүүж зарим нь гэлдрэвч, авч байгаа хэдэн цаас нь амьдралынх нь өртгийн хаана нь ч хүрэхгүй байгаа. Агаар ус, хөрс дээр нь авилгал, хүнд суртал, гэмт хэрэг, хууль нь гууль болчихсон байгаа байдал гээд амьдрах  орчин маань урьд өмнө байгаагүйгээр бохирдчихоод хэцүү л байна.
   Гадаадад улсын зардлаар одоогоор мянга шахам залуус  явснаас хуруу дарам тоотой хэд нь эргэж иржээ. Гэтэл тэд нарт нь энд ажил олдохгүй тун хэцүү байгаа талаар саяхан нэг залуу нүүр номондоо бичсэн байна лээ.  Ёс бус ийм байдал хэзээ нэгэн цагт зөв гольдрилдоо орж л таарна, тэр үед нь бид эх орон нэгтнүүдээ ямар ч саадгүйгээр хилээрээ нэвтрүүлэхийг одоо л хуульчлах хэрэгтэй юм шиг ээ. Тэднийгээ хадаг сүү барьж угтдаггүй юмаа гэхэд ядарсан нэг нь өөдөөс нь алгаа тосон очиход нь саад бүү тавиарай даа, та минь ээ.
   Хүн өтлөхөөрөө нутгаа, тураг хөгшрөхөөрөө уулаа гэж ярьдаг туйлын үнэн үг.  90-ээд оны үед дэлхийд данстай нэрт монголч эрдэмтэн Хангин Гомбожав гуай Улаанбаатарт ажлаар ирчихээд буцахынхаа өмнөхөн гэнэт бурхан болчихож билээ. Их эрдэмтнийг бид “Алтан өлгийд”  гүн хүндэтгэлтэйгээр нутаглуулсан. Харь газар олон жил амьдарсан, дал хол гарчихсан түүнийг би нутагтаа ясаа тавих хувьтай,  азтай, ховорхон хувь тавилантай хүн гэж боддог. Мань хүний оронд өөрийгөө тавиад бодоход би ч мөн л насныхаа эцэст наашаагаа л тэмүүлэх байсан байхдаа гэж санагддаг юм.
   ...Энэрэнгүй сайхан санагдахад
   Элэг зүрх минь догдолж
   Хосгүй баярын нулимс
   Хоёр нүдийг минь бүрхдэг 
гэсэн Ч.Чимид гуайн нөгөө л сайхан мөртүүдээр нийтлэлээ өндөрлөе дөө.
Монголын ард түмний төлөөлөл болох их хурлын эрхэм гишүүд минь энэ хуулиа эргэж нэг харахыг харийн газраас эх нутгаа санагалзах мянга мянган монголчуудынхаа өмнөөс мөргөн гуйх минь энэ буюу.  

 

 

 

Ш.ПҮРЭВСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zz:estoi unen bodoh l asuudal... hairan saihan zaluudaa aldsaar baihuu bid nar 2018-04-05
Нта:Хатуу боловч үнэн шдээ...сэтгэл хачин болчихлоо... 2018-04-05
ZOCHIN:bid tsuuhun sh dee. why ? 2018-04-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?