Оюутолгойн гэрээг үзэглэсэн Засгийн газрын гишүүдийн нэг бол С.Баярын тэргүүлсэн Засгийн Газрын гишүүн, Эрдэс Баялаг -Эрчим хүчний сайд Д.Зоригт юм. МАН дахь ерөнхий сайд, намын дарга асан Сү.Батболдын фракцийн гишүүн. 2009 оны УИХ-ын нөхөн сонгуулиар Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшигч Р.Бурмааг ялж УИХ-д орж ирж байсан. Намаасаа дэвшихдээ МАН-ын дарга, Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг намдаа сөхрүүлэн гарч ирсэн "жаатай хүү" гэдэг. Сонгуулийн үеэр Зоригтыг ихээхэн бийлэгжүү хандсаныг сонгогчид, түүний өрсөлдөгчид онцлон тэмдэглэж байсан. УИХ-д нөхөн сонгуулиар орж ирэхдээ, хамгийн чухал нь Н.Энхбаярын их улс төрд эргэн орох үүд хаалгыг хааж чадсанд нам нь талархдаг. Нам дотроо унагах ажлыг нь ч тухайн үеийн С.Баяр даргатай бүлэглэл ч "амжуулсан" гэдгийг Н.Энхбаяр үгүйсгэдэггүй. Намын дээд удирдлагын илэрхий дэмжлэгтэйгээр Д.Зоригт гэдэг "өрнөдийн гэх өндөр боловсролтой" залуу Монголын их улс төрд баттай байр суурь эзэлсэн. Даалгавраа ч сайн биелүүлсэн. Энхбаярыг хөндөлсөж чадсан түүний дараагийн даалгавар нь Оюутолгойн гэрээг батлахад гар бие оролцох, зүтгэх. Энэ давхар үүргээ ч тэр онцгой биелүүлсэн. Энэ "жаатай" эр сайдаас буусан ч, хэргээ бүтээсэн.
Тэгвэл, хэрэг хуучирдаггүй гэдгийн дагуу түүнийг шалгавал зохих 3-4 үндэслэл нээгджээ. Эхнээс нь дурдвал,- Зоригт сайд байхдаа гэрээг шударгаар хийж чадаагүйн улмаас Монгол улсын эрх ашгийг хохироосон гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулагч талын томоохон хувьцаа эзэмшигч болох Голдман сакс компанийг Монголын талд зөвлөгөө өгөх компаниар сонгосон асуудал эргэж сөхөгдлөө.
Таниас асууя, сонирхлын зөрчилтэй компанийг сонгож болох уу, сайд аа? Таны сонгосон сонирхлын зөрчил бүхий зөвлөх компани нь гэрээг байгуулаад л ашгаа хүртэж эхэлсэн. Айвенхоу Майнц ХК-ийн хувьцааны борлуулалтаас гэхэд л 650 сая ам.доллар олсон байдаг. Гэрээ байгуулахад нөлөөлөх, тэгснээрээ мөнгө завших ийм нөхцөлийг Та бүрдүүлэхэд гар бие оролцсон. Энэ бол эхнийх.
Хоёрт, Монгол улсын сан хөмрөгт орох 1,8 тэрбум орчим ам.долларыг Та үгүй хийсэн судалгааг мэргэжилтнүүд гаргасан. Та Ашигт Малтмалын тухай хуулийн холбогдох заалт болон Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8-ийг зөрчсөн. Тухайлбал, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан 3148Х, 3140Х тоот Хайгуулын тусгай зөвшөөрлийг гэрээнд заасан нөхцөлийг үл харгалзан Entree Gold компанид олгох шийдвэрийг гаргахад ЭБЭХ-ний сайдын хувиар Та хөндлөнгөөс нөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл гэж дүгнэдэг. Үүнээс болж Монголын Засгийн газрын хүлээж байсан орлого 1,8 тэрбум ам.доллараар буурсныг Та хариуцах болно. Яагаад ингэв, юунаас болж гэрээний заалтыг зөрчин тусгай зөвшөөрлийг шилжүүлэв гэдэгт Та хариулах л болно.
Гуравт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д зааснаар 4 тэрбум ам.доллар. Тэгтэл анхны хөрөнгө оруулалтын зардал даруй 70 хувь өсөж, 6,8 тэрбум ам.доллар болсон нь баримтаар нотлогддог. Гэтэл та салбар хариуцсан сайдын хувьд дур мэдэн, - Стратегийн хөрөнгө оруулалтын зардал 20 хувиар давж болох тухай журмыг сайдын тушаалаар баталж, хөрөнгө оруулагч талд мэдэгдсэн нь хууль давсан үйлдэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрөх нөхцөлийг Та ийнхүү бүрдүүлсэн. Энэ үйлдлийн чинь төлөөс нь уг төслөөс Монголын тал ногдол ашиг авч эхлэх хугацаа 17 жилээр хойшиллоо.
Энэ хэнд ашигтай, хэнд үйлчилсэн ямар шийдвэр гэгч вэ? Таниас өөр хүн ЭБЭХ-ний сайдаар ажиллаж байсан бол ийм шийдвэр гаргаж зүрхлэх үү? Та өөрөө боддоо. Та Монгол төрийн түшээ, салбарын эрх ашгийг хамгаалах сайд мөн байсан уу? гэж энэ бүхний төгсгөлд ахин асууя.
Энэ хэдхэн баримт, үндэслэлээр Таныг гаднын хөрөнгө оруулагч талд илэрхий үйлчилсэн, Монголын Эрдэс Баялаг Эрчим хүчийг хариуцсан асар их сонирхлын зөрчилтэй сайд байжээ гэж дүгнэе. Таны одоо хаана, юу хийж байгаа нь тийм ч сонин биш. Таны юу хийсэн нь асуулт нэхэж байна. Сонсохноо сайд та, фракцийнхаа тэргүүн, ерөнхий сайд асан Сү.Батболдын үүсгэн байгуулсан E-март худалдааны төвийг удирдаж, их ашиг олж буй гэнэ. Бодоход Та төрийн шударга сайд биш, ашиг хонжоо эрэлхийлэгч худалдаачин, наймаачин төдий байжээ. Боловсролтой нь үнэн хэдий ч, удирдах хүнд байх сэтгэл танд дутжээ. Таныг хэн ч , яаж хамгаалсан гэсэн Монголын шүүх дуудах цаг болжээ. Оюутолгойн гэрээг хурдавчлахад бүх талаар нөлөөлсөн Ц.Элбэгдоржийн зөгнөж хэлснээр зангиагаа зүүгээд, гутлаад үдээд очиход зэхээрэй, Зоригтоо. Чонын ав үргэлжилж байна..
Нийтлэлч Ц.ЭНХБАТ