Нэг дийлдэхгүй бөх байна гэх юм. Хүн зодож л байдаг, гарч ирж л байдаг. Дахиад зодож л байдаг. Тоодоггүй. Түүнийг захирдаг хүн гэж ч алга. Арга хэмжээ авдаг, бөхийн ертөнцөөс холдуулдаг мэргэжлийн байгууллага ч алга. Дийлдэг шүүх, цагдаа ч үгүй бололтой. Ил гарч дуулдаж байгаа нь цөөхөн. Цаана нь хэдэн ч хэрэг байдаг юм бол гэж бодохоор. Бөхчүүд нь айгаад, голдуу эвлэрчихдэг гэх. Түүнийг Одхүү гэдэг. Улсын начин, Бат-Эрдэнэ аваргын нутгаас төрсөн бөх. Үндэсний бөхийн барилдаанаа нохой зодооноор сольж үзсэн. Анхны нохой зодоончдын нэг. Сүүлийн жилүүдэд хүмүүжсэн мэт харагдаж, бөхийн засуул хийдэг болсон. Тохирсон ч ажил мэт ажиглагдсан. Түүнтэй маргах бөх ховор. Айж, цэрвэнэ. Яагаад гэвэл, тэр зэрлэгээрээ алдаршсан.
Заан Баярсайханы үүдэн 10 шүдийг нь цом цохисон. Түүндээ тохирох зэм хүртсэн гэдэг. Тэгвэл өнгөрсөн жил улсын харцага Ганхуягийг мөн л бүлэглэн зодсон. Ганхуяг гомдол гаргаж, шуугиан тариагүй ч, шүд нь хугарч, хацрын яс, нүдний аяга нь цөмөрсөн гэсэн мэдээлэл бий. Монголд эмчилж хүчрэхгүй учир Солонгост хэдэн сараар эмчилгээ хийлгэсэн. Бодвол зардлыг нь Одхүү даасан байлгүй. Ийм асуудал үүсчихээд байхад, хууль хүчний байгууллага шалгалгүй, нийгмээс тусгаарлалгүй явсаар дараагийн танхай үйлдлээ Одхүү гаргалаа. Аз болоход зодож цохисонгүй. Хүнд бэртэл гэмтэл учруулсангүй. Бодвол айлгах, сургамж өгөх чиглэлтэй байсан юм байлгүй.
Ямар ч гэсэн УИХ-ын гишүүний дархан эрхэд халдаж, чирч гулдчин Бөхийн өргөөнөөс Сүхбат аваргыг гаргасан байна. Шүүхийн шинжилгээгээр түүний биед халдсаныг тогтоосон баримт гарсан. Тэгэхээр А.Сүхбат аваргыг хөөж гаргах даалгаврыг Одхүү начинд хэн өгөв? гэдэг асуулт үүсэж байна. Тэр ганцаараа ороогүй. 10-лаа бүлэглэн танхайрсан. Бөхийн өргөө болон Холбооны тэргүүнээр сонгогдсон, нутгийн аварга Бат-Эрдэнэ үү? гэдэг асуултын хариуг Бат-Эрдэнээс нэхэж байна.
Ийнхүү бөхийн холбооны маргаан нь бөхчүүдийн өөр хоорондын зөрчил, зодоон болох дээрээ тулж байна. Энэ маргааныг таслах шүүх, хуулийн байгууллага гэж Монголд байна уу? Эхнээс нь, бөхийн холбооны тэргүүн, улсын гарьд Ганбаатарыг танхайрсан хэргээр шүүхэд өгч, эрүү үүсгэн шалгаж буй. Тэгвэл, бүлэглэн танхайрсан хэргээр Одхүү начин тэргүүтэй, арваад бөхчүүдэд бас хэргийн хавтас нээхэд хүрэх нь. Ямар өндөр үнэтэй суудал вэ? Энэ бөхийн өргөөний даамал. Яагаад зүгээр, хууль журмын дагуу шилжүүлчихэж болдоггүй албан тушаал вэ? гэж Нямдоржоос асууя. Та санаачилж. Холбооны дэд ерөнхийлөгч Даваасамбуу агсны хамт бөхийн өргөөг босгосон байна. Баяр хүргэе. Гэхдээ энэ бөхийн ордон бөхийн хөгжлийн төв байх учиртайгаас биш, Монголын бөхчүүдийг нутаг усаар нь, үзэл бодлоор нь хуваадаг, хагаралддаг талбар болох учиргүй. Хууль байдаг бол хэрэгжүүлье, шийдвэр тогтоол байдаг бол түүнийг нь мөрдөе. Аль юм болгон шүүхгүй, хуульгүй, дүрэмгүй амьдрах вэ? Нохой зодонд хүртэл өөрийн ягштал мөрддөг дүрэм бий. Бас шүүгч бий. Бөхийн өргөө бол бөхийг хагаралдуулдаг, зодолдуулдаг талбар ямар ч гэсэн биш. Би бөх барилддаггүй ч бөхийн барилдаан үзэх дуртай. Гэхдээ энэ хэрүүлээс миний бие ч залхаж байна.
Та бас залхахгүй байна уу, Нямдорж оо, Бат-Эрдэнэ ээ!!
Бөх сонирхогч Э. БАТ