Бөхийн холбооны маргаанаас болж, монгол бөхчүүд маань хоёр талцсан. Энэ маргаан ужгирч, аваргууд ч хоёр талд хуваагдсан. Өмнөх тэргүүн Нямдоржийн талд Бат-Эрдэнэ, Өсөхбаяр аварга тэргүүтэй голдуу Говь -Алтай, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн гарал үүсэлтэй бөхчүүд. Эсрэг талд нь дархан аварга Баянмөнх, Сүхбат, Сумьяабазар нарын аваргуудыг дагасан Увс, Төв, Архангай, Булган аймгийн бөхчүүд хүчээ нэгтгэсэн. Сүүлийн өдрүүдэд байдал улам хурцадсан.
Наймдугаар Их Эв Эе хурлын өмнө Бөхийн Холбооны удирдлагаас зарласан хурлыг хууль бус гэдгийг сануулсан албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хүч үзэж байж гардуулсан. Албан тоотыг хүлээн авах байтугай, үүд хаалгаараа ч нэвтрүүлэхийг хүсэхгүй байснаас хүч түрэхэд хүргэсэн гэж бөхчүүд тайлбарладаг. Тэрхүү гардуулсан шүүхийн тогтоол шийдвэрээр Бөхийн Холбооны хууль ёсны дарга нь Ц.Чинбат. Тиймээс хурлыг дүрмээрээ Нямдорж бус, Бөхийн Холбооны тэргүүнээр сонгогдсон Чинбат зарлан хуралдуулахыг сануулсан. Нямдоржийн зурсан гарын үсэг, дарсан тамга нь ч хүчингүй гэдгийг шүүх нэгэнт тогтоосон. Тиймээс Наймдугаар Эв Эе бол хууль бус хурал, түүнээс сонгогдсон тэргүүн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ч, түүний томилсон шинэ удирдлага ч хууль бус, хуурамч гэж А.Сүхбат, Х.Баянмөнх аварга тэргүүтэй бөхчүүд хэлж байна. Тэд эсэргүүцлээ бөхчүүдийн хамт Бөхийн өргөөнд ирж илэрхийллээ. Зүгээр ч эсэргүүцлээ илэрхийлээд зогссонгүй, тун удахгүй Бөхийн Холбоог хууль ёсны удирдлага нь гартаа авна, түүний төлөө тэмцлээ үргэлжлүүлнэ гэж хэлэв.
Шүүхээс Монголын Бөхийн Холбооны тэргүүнээр Гацуурт компанийн захирал Чинбатыг сонгосон хурлыг хүчин төгөлдөр гэдгийг баталгаажуулж, байгууллагын гэрчилгээ, тамгыг олгосон байна. Тиймээс Р.Нямдоржийн хэрэглэж ирсэн, Бат-Эрдэнэ аваргад дамжуулсан тамга нь хүчин төгөлдөр бус юм байна. Чинбат тэргүүнтэй бөхчүүд асуудлыг хүлээлгүйгээр хуурамч Их Эв Эе зарлан хуралдуулж, Бөхийн Холбоо, түүгээр дамжуулан Бөхийн өргөөг гартаа оруулахыг санаархсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг АТГ, Цагдаа, Шүүхэд өгсөн байна. Нямдорж, Данзан нар явсан ч, тэдний санхүүгийн үйл ажиллагааг шалгах, ялангуяа тэдний гар хөл, мөнгийг нь барьдаг Цэвэлмаа менежерийг ч шалгуулах нь зөв гэж үзсэн байна. Бөхчүүд наанаа, Монголын Үндэсний Бөхийн Холбоо гэх Төрийн Бус Байгууллагын тухай ярьж буй ч, цаанаа өмч хөрөнгө, Бөхийн өргөөний тухай яриа байнга өрнөдөг. Тиймээс Бөхийн холбоо, Бөхийн өргөөг салгах аргагүй болсон. Бөхийн холбооны ажлыг авахын тулд Бөхийн өргөөний асуудлыг ч нэгбүрчилэн шалгахад хүрчээ. 1991 оноос Бөхийн Холбооны тэргүүн, Бөхийн Өргөөний даамал сууж ирсэн цөөн хэдхэн хүний эрх ашиг, сонирхол юунд тогтож ирснийг хууль хүчний байгууллагын оролцоотойгоор тун удахгүй тогтооно гэж Баянмөнх аварга итгэлтэй хэлж сууна.
А.НЯМДАШ