Гүрж улсын Батуми хотноо 2018 оны 4 сарын 12-16-ны өдрүүдэд "Дэлхийн бяцхан мисс-2018" олон улсын тэмцээнд зохион байгуулагджээ. Уг тэцмээнд Монгол улсаа төлөөлөн “Монгол оюун 21- р зуун” сургуулийн 4г ангийн сурагч М.Ану оролцож “дэлхийн бяцхан мисс”-ийн титэм хүртжээ.
Уг тэмцээнд 40 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон байна. Монголыг төлөөлөн оролцсон бяцхан мисс М.Ану нь тэмцээний “авъяас” төрөлд Монгол ардын “Саруул тал” уртын дуугаар оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авч чаджээ.
Энэ удаагийн тэмцээн М.Анугийн хувьд анхных биш бөгөөд тэрээр өмнө нь олон улсын загварын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож олон амжилт гаргаж байжээ. Тухайлбал, Хөх хотод зохион байгуулагдсан «Хүүхдийн азийн модел» шалгаруулах тэмцээнд оролцож 300 гаруй хүүхдээс шилдэг 30 хүүхэдэд шалгарч байсан бол 2016 оны 8 сард Шанхай хотод болсон «Олон улсын хүүхдийн загварын тэмцээнд» амжилттай оролцсон байна. Мөн 2016 оны 10 сард Английн элчин сайдын яамнаас «Олон улсын хүүхдийн модел» гэсэн сертфикат авч байсан туршлагатай бяцхан мисс ажээ.
М.Ану анх 3 настай байхдаа «Говь» компаны нүүр царай болж анхныхаа загварын зургаа авхуулж байжээ. Улмаар 5 настайгаасаа «Азийн модел» агентлагт загвар өмсөгч болсон байна.
Тэрээр загвар өмсөхийн хажуугаар дуу дуулдаг бөгөөд өөрийн дуулсан дуунуудаараа цомог гаргахаар ажиллаж байгаа юм байна.