2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нижер Улсын "Тонго тонго" нэртэй газар АНУ-ын 12 хүний бүрэлдэхүүнтэй тусгай хүчний бүлэг, 30 гаруй нижерийн цэргүүдийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад 50 орчим дайснуудын отолтод өртсөн байдаг. Тулаан гэнэтийн бөгөөд богино хугацаанд явагдаж Америкийн 4, нижерийн 5 цэрэг алагдсанаар дууссан юм. Энэ хэрэг Америкийн нийгэм, иргэдийн дунд маш том шуугиан дэгдээж амжсан юм. Ялангуяа нэг алагдсан цэргийн цогцос нь тухайн үед олдохгүй байж байгаад сүүлд олдсон нь олны дургүйцлийг хүргэсэн байдаг. Энэхүү явдал нь Америкийн иргэдэд өөрсдийн цэргүүдийн бэлтгэл сургуулилт таруу, тэд дандаа өөрсдөөсөө давуу хүчтэй дайсантай тулалдаг гэсэн буруу ойлголтыг төрүүлэх шахсан юм.
Зөвхөн нижерт гэлтгүй, дэлхийн өнцөг булан бүрт байлдааны ажиллагаанд оролцож буй явган цэргийн жижиг бүлгүүдийн байлдааны сургалт, дадлагыг сайжруулах зорилготой тусгай сургалтын хөтөлбөрийг АНУ-ын Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлж эхэлсэн байна.
Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайдын боловсон хүчин, бэлэн байдал хариуцсан туслах Роберт Виллке болон хуучин Америкийн "Дайны коллеж"-ын захирал асан, бэлтгэл хошууч генерал Роберт Скайлес нар дараах сонирхолтой зүйлийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Мэдээж Батлан хамгаалахын сайд Жамес Маттис нь Арми, Тэнгисийн явган цэрэг, тусгай хүчний ангиудын жижиг явган цэргийн бүлгүүдийн дайсныг устгаж буй боломжийг нэмэгдүүлэх, тэдний үзэж буй хохирлыг багасгах аль болох багасгах бодлого барьж байгаа нь тодорхой.
Р.Скайлесын үзэж буйгаар бол хохирлыг шалтгааныг дараах гурван тоогоор илэрхийлж чадаж байна. Энэ нь "90-4-1" гэсэн тоонууд юм. 90 гэдэг нь тулааны талбарт амь үрэгдэж буй америкчуудын 90 хувь нь явган цэргүүд байдаг ба тэд нийт дүрэмт хувцаст өмсдөг хүмүүсийн дөнгөж 4 хувийг бүрдүүлдэг мөртлөө тэдний сургалт, зэвсэг техникт нь зориулж Батлан хамгаалах салбарын төсвийн дөнгөж 1 хувийг зарцуулдаг гэлээ.
Р.Скайлес цааш нь хэлэхдээ "АНУ нь ямарч байлдааны талбарт тухайлбал агаарт, далайд, сансарт дайсны цэргээс давуу хүчтэй байдлаа үргэлж хадгалж чадаж байгаа. Гэхдээ явган цэргийн жижиг бүлгүүдийн хувьд дайсны гэнэтийн гал, отолтод үргэлж өртдөг, тэдэнд дайсантайгаа шударгаар тулалдах боломж тэр бүр олддоггүй" гэв. Мэдээж газрын тулаанд амжилт олохын тулд зөвхөн техник, технологийн давуу байдал хангалтгүй бөгөөд энд хүний хүчин зүйл их хамааралтай. Тийм учраас Америкийн цэргийнхэн шинэ эрч хүчээр урагшлаж, нэн түрүүнд хийх ёстой зүйлсийг соргогоор мэдэрч фронтын шугамд тулалдаж буй арми болон тэнгисийн явган цэргүүдийг үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай үзэж байна.
Ийм байдлаас гарах цорын ганц арга бол байлдааны дадлага, сургуулийг олон дахин давтан гүйцэтгэх, сургалтыг эрчимжүүлэх явдал тул энэ чиглэлд онцгой анхаарч бүр хөтөлбөр хүртэл боловсруулсан ажээ. Батлан хамгаалахын сайдын туслах Р.Виллке хэлэхдээ "Армийн боловсон хүчний систем нь тухайн анги, салбарын бие бүрэлдэхүүнийг аль болох хамтад нь байлгах, улмаар нэгдмэл цул, нэгэн баг болж дасгал сургуулилт хийх тал дээр анхаарч ажиллах ёстой" гэж үзэж байгаа юм.
Америкчуудын хувьд шинээр бүтээгдэн зэвсэглэлд авч буй нисэх онгоц, хөлөг онгоцыг дагалдаад түүн дээр ажиллах бүрэлдэхүүнийг сургах зориулалттай хамгийн сүүлийн үеийн дуурайлган үзүүлэх хэрэгслийг авч сургалтад ашиглаж чадаж байгаа бол явган цэргүүдийн хувьд иймэрхүү боломж тэр бүр олддоггүй гэнэ. Иймэрхүү төрлийн шинэ сургалтын хөтөлбөрийг Порт Ирвин дэхь "Үндэсний сургалтын төв", Калифорни дахь тэнгисийн явган цэргийн "Агаар, газрын байлдааны сургалтын төв", Люзиана муж дахь "Бэлэн байдлын нэгдсэн сургалтын төв"-д туршиж байна. Батлан хамгаалах яам нь сургалтаас гадна явган цэргийн зэвсэглэл, хамгаалалтын системүүд, холбооны хэрэгсэл, хүнгүй тактикийн системүүд/ жолоочгүй робот, нисгэгчгүй нисэх хэрэгсэл, дрон гэх мэтчилэн/, цэргийн номлол, туршлага сургамж болон бусад зүйлсэд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм байна.
ҮРГЭЖЛЭЛ БИЙ...
Р.ЭНХБОЛД / ДЭД ХУРАНДАА /