(Ил захидал)
Казинод тоглосон фото зураг фэйсээр хөвсөн. Та нэгэнт "ноосоо тушаасан" учраас хаана, юу хийх нь таны дур хүслийн асуудал болжээ. Тэр зургаа, тоглоомчин гэх мессэжийг баллуурдах мэт Олон улсын хуралд илтгэж тавьж буй Таны зураг араас нь хөвөрсөн. Энэ бол Таны гадаадад зорчих үеийн зурвас мэдээлэл. Тэгвэл Та эх орондоо ямар мэдээлэл үлдээж вэ? Өнгөрсөн намар Таныг Хөвсгөл аймаг, Эгийн голд их ангуучлал хийж зугаацсаныг нутгийн байгаль хамгаалагчид "бахархалтайгаар" ярьдаг. Моторт завь хөлөглөн загас дэгээдэхээс гадна, голын эргийн дагуу бууж, суух шувууг ч буудахдаа тун дуртай гэсэн. Харин өвөл зэрлэг гахай ангуучилж, сүргээр нь "хүйс тэмтэрснийг" бараа болсон хүчний байгууллагынхан дурдсан. Таны хүсэл, зугаацал энүүхнээр хязгаарлагдахгүй гэж хэлэх нэгэн байна. Гүнзгийрхийг үл хүсэв.
Одоо Та ингэхэд хаана явна вэ? Яагаад биеэ, бас дуугаа хураачихав аа? Авилгачдыг цээрлүүлнэ, газрын баялгаа ард иргэдээсээ асууж байж шийддэг ерөнхийлөгч болно гэж Та амлаж байж анх сонгогдсоноо санадаг уу? Чихэнд "цэцэг навч ургахаар" олон сайхан зүйл ярьсан. Эцэсдээ ярьдаг ерөнхийлөгч гэдэг нэр Та зүүлээ. Ярина гэдэг хийхийн хагас гэдэг үзлийг Та л дэлгэрүүлсэн.
Ингэхэд Та юу санаачилж, улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулаа вэ? Санах, торох зүйл алга. Та өөрөө санавал хэлж өгөхийг хүсье. Хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг Та сэтгүүлч хүний хувьд дэмжиж, бэхжүүлэх санаачлага огт гаргаагүй. Авилгатай тэмцсэн гэж Таныг хэлж чадахгүй. Амласнаа Та биелүүлээгүй. Энэ хүрээнд Та нэг л зүйлийг зорилготой хийсэн. Нэг л улс төрчийг 8 жил ангуучилсан. Тэр хүн чинь хоригдож гарч ирээд, эмчилгээгээ хийлгэчихээд, эх орноо эмхлэх гээд, 21 аймгаар зорчиж, мэдлэг, мэдээллээ ард иргэдтэйгээ хуваалцаж явна.
Харин Та юу хийж явна вэ? Таны "хүмүүс " болох С.Баярыг, С.Баярцогтыг, Ч.Сайханбилэгийг барьж, байцааж, хорьж байхад Та чимээ ч гаргалгүй, яагаад хярчихав?Уул нь хамгаас том, тод дуугардаг хүн биш билүү? Өөрийн болон бусдын телевизийн суваг болгоныг Та эзэмдэх дуртай" биш билүү? Таны энэ хүмүүсийг Оюутолгой, түүнтэй холбоотой Дубайн гэрээ, Эрдэнэтийн асуудлаар байцааж байгааг Та хэнээс илүү мэдэж буй. Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ, Эрдэнэтийн асуудал, ялангуяа 49%-ийн асуудлыг хэн нэгэн сайд дангаараа шийддэггүй, шийдэх ч боломжгүй гэдгийг Та хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ.
Энэ бүхнийг МАНАНТУУЛЖ байж Таныг ерөнхийлөгч болсноос хойш шийдсэн. Улс орны эрх ашигт харш энэ бүх шийдвэр, гэрээ, хэлцлүүд Таныг төрийн тэргүүнээр сонгогдон ажиллах 8 жилд таарсан нь тохиолдол биш байгаасай л гэж хүснэ. Өтгөн МАНАН өөрийн захирагчтай байсан гэх таамаглал ч бий. Тэр хүн, толгойлогч нь хэн юм бол? гэдгийг нийгмээрээ мэдэхийг хүсэж байна. Энэ таамаглалын учгыг нь тайлах хүн Та бололтой. Тэр захирагчийг хэн болохыг Таниас асуух цаг ойртжээ. Та ингэхэд бэлэн үү?
Комментатор Ц.ЭНХБАТ