2018 оны 4 дүгээр сарын 15-нд бичсэн Америкийн явган цэргийн сургалтад гарч буй өөрчлөлтийн талаар үргэлжлүүлэн та бүхэнд хүргэж байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жамес Маттис одоогийн явган цэргийн сургалтад үнэлгээ хийж сул талыг нь олж тогтоох, илүү чөлөөтэй сэтгэж, хэв маягт баригдалгүй сургалтыг явуулах замаар үр нөлөөг дээшлүүлэх, явган цэргүүдийн зэвсэглэл, хамгаалалтын хувцас, хэрэглэлийг сайжруулах зорилготой "Ойрын зайн тулаанд дайсныг гарцаагүй ялах томилгоот хүчин" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаар дурдсан.
Энд зөвхөн сургалтын тухай асуудал яригдаад өнгөрөх бус хөтөлбөрийн хүрээнд явган цэргүүдэд зориулсан шинэ зэвсэглэл, эд хэрэгсэлд зориулж 2,4 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөөд байна. 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Төлөөлөгчдийн танхимын "Зэвсэгт хүчний хороо"-ны гишүүдийн өмнө тус улсын батлан хамгаалахын сайд, штабуудын нэгдсэн хорооны дарга хоёр 2019 оны Батлан хамгаалах салбарын төсвөө хамгаалан мэдүүлэг өгч байх үедээ энэ талаар дурьдаж байв. Дашрамд энэ шууд нэвтрүүлгийг манай армийн хурандаа Баку, хилийн цэргийн дэд хурандаа Ж.Жамсрандорж, сургуулийн хошууч Цогтгэрэл нар надтай хамт үзэж байсан байна лээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайдын боловсон хүчин, бэлэн байдал хариуцсан туслах Роберт Виллкийн үзэж буйгаар бол одоо явагдаж буй сургалтад тохиолдож буй дараах 6 асуудлыг хамгийн түрүүнд засах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:
1. "PowerPoint" буюу бидний байнга үздэг дэлгэц ашиглан үзүүлдэг танилцуулга нь сургалтын ихэнх цагийг бардаг болжээ. Олон жил үргэлжилсэн ийм сургалтын арга барил нь "слайд"-ан танилцуулгад шилжиж үүндээ хурдны замын аюулгүй байдлаас эхлээд хувийн ариун цэврийг хэрхэн сахих хүртэл бүхий л асуудал багтаах болсон. Америкт жил бүр явагддаг бэлтгэл нөөц хүчнийг бэлтгэх зорилготой 14 хоногийн сургалтын 4,5 хоног нь зөвхөн танилцуулга үзэхэд зарцуулдаг гэсэн тооцоог хийсэн байдаг. Харин одоо Арми, Нисэх хүчин, Тэнгисийн цэрэг/тэнгисийн явган цэрэг багтана/-ийн нарийн бичгийн дарга нь иймэрхүү төрлийн заавал суусан байх ёстой сургалтыг хасаж, танах талаар санал нэгдээд байгаа ажээ.
2. Цэргүүдийн төмс арилгахыг зогсоох: Ямарч дарга баазын үүд хамгаалах, заал ажиллуулах болон өөр бусад ажил хийлгэх шаардлагатай бол дандаа явган цэргүүдийг дайчилдаг гэнэ. Хэрвээ хэн нэгэн хуягтын механикийг ажлын байрнаас нь холдуулбал удахгүй нөгөө хуягт техник нь эвдэрдэгтэй яг адилхан явган цэргүүд ч гэсэн өөрсдийн гүйцэтгэх үүрэгтэй нийцсэн дасгал, сургуулийг байнга, тасралтгүй хийх ёстой. Хөтөлбөрийн хүрээнд цэргүүдийн гүйцэтгэж буй цэргийн ангийн өдөр тутмын ажлыг энгийн хүмүүс, компаниар хийлгэх, тэдэнд шилжүүлэх асуудлыг судалж байгаа ба ингэснээр явган цэргүүд/тэнгисийн явган цэргүүд зөвхөн байлдааны дасгал сургуульдаа анхаарал хандуулах боломжтой болох юм.
3. Сургалт дадлагад яг мэргэжлийн тамирчин шиг хандах тухай: Одоогийн батлан хамгаалахын сайд Маттис бол тэнгисийн явган цэргийн генерал хүн юм. Түүний үзэж буйгаар бол Америкийн явган цэргийн сургалт нь дэлхийн хоёрдугаар дайны үеийнхээс ялгарах зүйлгүй байгаа ажээ. Яахав тусгай хүчний дайчид Америкийн мэргэжлийн тамирчдаас хувийн дасгалжуулагч, шинжлэх ухааны үндэслэлтэй уурагжуулалт/витаминжуулалт зэрэг зарим нэг арга техникийг авч эхэлж байгаа. Иймэрхүү мэргэжлийн тамирчин шиг өндөр давтамж, бэлтгэлтэй дасгал сургуулилт хийж биеийн хүчний болоод сэтгэл зүйн хөгжилд нарийн хяналт тавьснаар илүү амжилтад хүрэх боломжтой гэж үздэг. Мэдээж хүн бүр тусгай хүчний дайчин болж чадахгүй хэдий ч арми/тэнгисийн явган цэргийн жирийн цэргүүд иймэрхүү төрлийн өндөр давтамж, хурдтай гэхдээ шинжлэх ухаанч дасгал сургуулилт хийх боломжтой болох ажээ.
4. Дуурайлган үзүүлэх техник, технологийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр: Дэлгэц дээр гарч буй танилцуулгыг уншиж, төмс арилгаж суухын оронд цэргүүд бодит байдалд арай ойртсон сургалт, дадлага хийж байвал зүгээр юм. Гэхдээ хээрийн сургууль явуулах нь зардал ихтэй, үүнд бэлтгэхэд цаг их зарцуулдаг, баазын эргэн тойрны орчин хязгаарлагдмал гэх мэтчилэн хүндрэл их тохиолддог. Байлдааны нисгэгч нар болон танкийн механик жолооч нар хамгийн сүүлийн үеийн дуурайлган үзүүлэх систем ашиглаж сургалт явуулдаг байхад явган цэргүүдэд энэ асуудал хангалтгүй байв. Харин одоо батлан хамгаалах яам нь явган цэргүүдэд зориулж байлдааны талбарт ойртуулж болох хамгийн бодит цагийн байдлыг үүсгэж түүнд хариу үзүүлэх боломжтой технологи бүтээхэд анхаарал хандуулж байна. Бүр Маттис хэлэхдээ жирийн явган цэргийг ийм төрлийн "Дуурайлган үзүүлэх 25 удаагийн цусгүй дайн"-д оролцуулж давсаны дараа л "үхэл эсвэл амьдрал"-тай нүүр тулах жинхэнэ байлдааны талбар руу илгээх асуудлыг хөндөж ярьжээ.
5. Өнөөдөр Америкийн армид хэдэн цэрэг, хэдэн зэвсэг, техник, хангалт байгаа асуудлыг зөвхөн тооны хэмжээнд ярьдаг гэнэ. Ингэхдээ тухайн анги, салбарыг жинхэнэ байлдаанд оролцох бэлэн байдлын асуудал анхаарлын төвд байна. Америкийн "Дайны коллеж"-ын захирал асан, бэлтгэл хошууч генерал Роберт Скайлес хэлэхдээ "Манай жижиг анги, салбарууд байлдааны оролцоход бэлэн эсэхийг илтгэх ёстой шат дараалсан систем ажиллахгүй байгаа нь тодорхой" гээд бид энэ асуудлыг засах талаар судалгаа хийж байгаа гэв. Түүний удирдаж буй бүлгүүд дурын анги, салбарыг байлдаанд оруулах бэлэн байдлыг хангахын тулд бодит байдалд аль болох дөхүүлсэн сургалтад хичнээн цаг хамруулах, заавал мэдсэн байх ёстой ур чадварыг сурахын тулд ямар сургалт шаардлагатайг нарийвчлан тодорхойлохоор ажиллаж байна.
6. Цэргүүдийг хамтад нь байлгах талаар: Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш цэргүүдийг нэг ангиас, нөгөө ангид, нэг баазаас нөгөө баазад шилжүүлж ажиллуулах явдал өнөө болтол тасралтгүй үргэлжилж байна. Харин эсрэгээрээ сайн ажилладаг офицер, ахлагч нарыг аль нэг дарга нь нэг албан тушаалдаа маш удаан хугацаагаар "барьж" ажиллуулдаг нь тодорхой болсон. Мөн армид жил бүр хэдэн мянган гэрлээгүй, эхнэргүй цэргүүд ирдэг нь энд тогтвор сууршилтай, удаан хугацаагаар ажиллах боломжийг тэр бүр олгодоггүй нэг хүчин зүйл болж байгаа ажээ. Цэргүүдийг өөрсдийнх нь анги, салбар, гэр бүлд нь ойрхон байлгавал амжилт үзүүлэх магадлал нь өсөх боломжтой гэж үзэж байна.
Мэдээж дээр дурдсан бүхнийг хийж гүйцэтгэхэд маш олон саад, бэрхшээл, хүндрэл тулгарах болно. Гэхдээ батлан хамгаалах яамны удирдлага энэхүү ажлын ач холбогдлыг конгрессын гишүүдэд ойлгуулах талаар эрчимтэй ажил зохиж, тэдний дэмжлэгийг авахаар хичээж байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр Америкийн цэргүүд зөвхөн шинэ зэвсэг, техник хүлээн аваад зогсохгүй тактикийн түвшинд тулааны талаар хамаагүй өөр, цоо шинэ түвшинд сэтгэдэг болсон байх зорилт тавьжээ.
Р.ЭНХБОЛД / ДЭД ХУРАНДАА /